Шүүхийн шийдвэрийг үл тоож, хүүхдийн эрхийг зөрчдөг хүмүүст хариуцлага хүлээлгэнэ

Хурдан морины хаврын уралдаан хүүхдийн аминд хүрсэн талаар хүүхэд, хүний эрх, нийгмийн шударга ёсны төлөө зорьж ажилладаг ТББ-уудын төлөөлөл энэ сарын 27-ний өдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хурлаар Н.Номтойбаяр гишүүний тушаалыг шалгуулахаар шүүхэд хандаж байгаагаа онцлов.

Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудад ирсэн мэдээллээр Төв, Говь-Алтай, Хөвсгөл, Ховд, Дорноговь аймагт болсон хурдан морины уралдааны үеэр 50 гаруй хүүхэд мориноосоо унаж, 10 хүүхэд хөнгөн, 6 хүүхэд хүнд гэмтсэн аж. Харин Ховд аймгийн Дөргөн суманд болсон морины уралдааны бэлтгэл шатны үед нэг хүүхэд амь насаа алдсан тохиолдол байна. Ийм байдлын улмаас эдгээр төрийн бус байгууллагууд энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд ханджээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 05-нд Засгийн газрын тогтоолоор зохион байгуулахаар товлоод байсан хурдан морины өвөл, хаврын бүсийн уралдаануудыг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.

Хэвлэлийн бага хурлын үеэр “Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ” НҮТББ-ын тэргүүн П.Цэвээн ” Хурдан морины өвөл, хаврын уралдаан зохион байгуулсан иргэн, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаад хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэж үзэж байна. “ Морины уяачид хүхдийг морь уралдуулж байгааг бид буруушааж, эсэргүүцэж байна.” гэж хэллээ.

Харин Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн сүлжээний зохицуулагч Ц.Баттуяа хэлэхдээ “2016 онд өвлийн морин уралдааны үеэр хүүхдийн эрх яаж зөрчигдөж байгаа талаар судалгааг хийсэн. Гэтэл энэ уралдаан нь хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулж байгааг Дүнжингаравын морины уралдааны үеэр батлагдаж харагдлаа. Өмнө нь бид өвлийн Дүнжингарав морины уралдааныг хойшлуулж өгөөч гэсэн шаардлага тавьж байсан. Ер нь судалгаагаар хүүхэд морины уралдаанд эрүүл мэнд, амь насаараа хохирдог нь олон баримтаар тодорхой байгаа. Тиймээс бид хүүхдэд морины уралдааны үеэр учирч болох эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготой шаардлагаа өргөжүүлж байна. Энэ уралдаанд 16-наас дээш насны хүүхэд болон насанд хүрсэн хүмүүс өөрсдөө морины уралдаанд оролцох хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьж байгаа юм.... Иймээс төр хүүхдээ хамгаалах үүрэгтэй гэдгийг сануулъя.” гэж мэдэгдэв.

Засгийн газар өнгөрсөн сарын 22-ны 63 дугаар тогтоолдоо 3 дугаар сарын 5, 12-ны өдөр бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулахыг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь хүүхдийн эрхэд халдах нөхцөл бүрдүүлсэн гэж тэд үзэж байгаа юм.  Энэ тогтоол нь хурдан морины хаврын бүсийн уралдааны товыг зарлаж, зохион байгуулжээ. Үүнийг Хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 08-нд баталсан байна. Энэ нь  насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглох ажлын байрны жагсаалттай зөрчилдөж байгаа аж.

Уг жагсаалтад бага насны хүүхдээр жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 01-нийг хүртэл хурдан морь унуулахыг хориглосон байна. Тиймээс өвөл, хаврын уралдаан нь хүүхдэд Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, амьд явах эрхийг зөрчиж байгааг “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ”, “Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага (НҮТББ)-аас дүгнэжээ. Тэд Засгийн газрын тогтоолыг түдгэлзүүлэх хүсэлтийг Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Захиргааны хэргийн шүүх энэ сарын 03-ны өдөр энэ гомдлыг хэлэлцэж, хаврын бүсийн уралдааныг зохион байгуулахыг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ. Гэтэл Засгийн газраас давж заалдах шатны шүүхэд хандсан ч өмнөх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Ийнхүү хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй байгууллага нэгдэж, хүүхдийн эрхийн төлөө тэмцэхээр болжээ. Засгийн газар шүүхийн шийдвэрийг үл тоож, “Дүнжингарав” хурдан морины уралдааныг зохион байгуулан хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаад хүүхдийн эрхийн байгууллагууд нэхэмжлэлийн шаардлага тавьж байна. Энэ талар Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг сүлжээний зохицуулагч  Ц.Баттуяа “Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх практикийг Засгийн газар, эрх баригчид өөрсдөө олон нийтэд ил тодоор үлгэрлэн харуулж байгаа нь  хүүхдийн эрхийг зөрчих ноцтой асуудал үүсэхэд хүргэнэ” гэсэн тайлбарыг өглөө.  

Энэ үеэр “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн зохицуулагч Д.Тунгалаг  “Хүүхдээр хурдан морь унуулах нь  эрүүл мэнд, амь насанд нь ноцтой эрсдэл үүсээд зогсохгүй сурч боловсрох эрхийг нь зөрчиж байна. Ер нь өвөл, хаврын морин уралдаан нь хичээлтэй давхацдаг. Тиймээс хүүхэд хичээлээ олон цагаар тасалдаж, хоцрогдолд хүрч,улмаар хичээлээсээ хөндийрч сургууль завсарддаг болдог. Энэ нь хүний эрхийн ноцтой зөрчил юм” хэмээн байр сууриа илэрхийлэв.

 Б.Баярмаа