Олны үг ортой эсэхийг шалгалаа

Эдийн засгийн байдал хүнд, ам.долларын нөөцгүй, улс орны данс улаасан, зардлаа танаж тансаг хэрэглээгээ багасгана гэх мэдээллийг өдөр шөнөгүй цацаж, ард иргэдийг бүсээ чангалахыг зөвлөж байгаа МАН-ынхан өөрсдөө зардлаа танаж чадахгүй байна гэх олны үг ортой эсэхийг шалгалаа.

-НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА ӨРӨӨГӨӨ СОЛЬЖ, ЗАСВАР ХИЙЛГЭЖ БАЙНА-

2012 онд  Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийнхэн Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн албан ажлын өрөөнд “гэнэтийн шалгалт” нэрээр дайран орж тансаг хэрэглээгээ хумихыг шаардан “шоудаж” байсан. Тухайн үед Э.Бат-Үүл нь өмнөх Засаг дарга болох Г.Мөнхбаярын өрөөнд сууж байв. Үүнээс хойш тэрээр гуравдугаар давхарт байрлах тансаг зэрэглэлийн өрөөнөөс нэгдүгээрт давхарын баруун жигүүрт байрлах үүдэнд суух нарийн бичгийн хэсэг, Засаг даргын хэсэг гэх хоёр жижиг хэсгээс бүрдэх өрөө рүү нүүн оржээ. Харин тансаг зэрэглэлийн гэх олон тасалгаатай өрөөнд Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтэс гэх бүхэл бүтэн хэлтсийг бөөнд нь оруулж, дөрвөн жилийн хугацаанд суулгав.

Харин “Зардлаа танана” гэх уриатай МАН-ын Су.Батболд Нийслэлийн Засаг даргаар томилогдсон даруйдаа нэгдүгээр давхрын жижиг өрөөнөөс гарч, гуравдугаар давхрын өрөөнд засвар хийлгэн нүүж оржээ. Ингэхдээ тус өрөөнд албан ажлаа явуулж байсан Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийнхнийг нүүлгэж өөрөө “эзэн” суужээ. Олны хэл амнаас дайжсан уу өрөөнийхөө засвар, шинэчлэлтийг чимээгүйхэн хийж эхэлсэн тухай эх сурвалжууд хэлж байна.

2012 онд тус намын гишүүд тансаг хэрэглээгээ танахыг шаардаж, Э.Бат-Үүлийн өрөөнд нь бичлэг хийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж байсан шигээ энэ удаа өөрийн намын гишүүндээ үг хэлж чадах зориг, шудрага зан байхгүй бололтой.

Мэдэгдэл хийх тоолондоо “Бид зардлаа танана, ард иргэд бүсээ чангална, төсөв мөнгө хэцүү байна” гэж хэлж байгаа ч начир дээрээ тэд зардлаа тансан зүйлгүй, төсвийн мөнгөөр өрөөгөө засварлаж, бүхэл бүтэн хэлтэс сууж багтдаг олон тасалгаа бүхий өрөөнд ганцаар сууж, ард иргэд л харин бүсээ чангалах бололтой. Энэ өрөө нь ажлын өрөөнөөсөө цааш дамждаг хоёр өрөөтэйн дээр дотроо ариун цэврийн өрөөтэй гэх. Э.Бат-Үүл дарга байхдаа ажилчдынхаа ордог ариун цэврийг өрөөг ашигладаг байсан аж. Харин ажлаа авсан шинэ дарга маань халах, солих, шалгах, өрөөгөө сольж тансаглахаас өөр шинэ санаачилгатай ажил огт хийсэнгүй. Халаа, сэлгээний ажил хотын захиргаанд үргэлжилсээр байна.  

,