Э.Цэндбаатар: 2020 оны Токиогийн олимп миний шинэ мөрөөдөл болсон

Бразилын Рио-де-Жанейро хотноо үргэлжилж буй Олимпийн наадмын боксын тэмцээний 56 кг жинд өрсөлдсөн Э.Цэндбаатар хүрэл медалийн оосроос атгаад алдсан. Тэрбээр медалийн төлөөх хариуцлагатай тулаанд АНУ-ын боксчин Шакур Стевенсон тулалдсан ч 3:0-ээр хожигдож, тэмцээнээ өндөрлүүлсэн тухай бид өмнө нь мэдээллэсэн.

Э.Цэндбаатарын хувьд энэ жил 19 настай, анхны олимпийн наадамдаа оролцоод шилдэг наймд үлдэж чадсан билээ.Э.Цэндбаатар Архангай аймагт 1996 оны 10 дугаар сарын 16-нд айлын гурав дахь хүүхэд болон мэндэлжээ. Тэрээр дээрээ нэг ах, нэг эгч, доороо нэг эмэгтэй дүүтэй. Бусад хүүхдүүдийн адил гудамжинд тоглож наадан, гэрийнхээ ажилд туслаж гүйсэн хүү 2008 онд гэнэт л боксын дугуйланд явж, боксоор хичээллэх хүсэлтэй байгаагаа аав, ээждээ дуулгажээ. Түүний анхны багш, дасгалжуулагч нь Б.Энхтайван байв. Түүнээс хойш найман жил тасралтгүй хичээллэсээр, энэ жил томоохон амжилтууд гаргаснаас дурдвал:

-Химийн цом, Алтан медаль

-Чехийн Гранпри, Алтан медаль

-“Рио-2016” олимпийн эрх олгох тэмцээн, Мөнгөн медаль хүртэв.

Тэрээр тоглолтын өмнө нилээдгүй жин хассан тул өөрийн тоглолтыг бүрэн гаргаж чадаагүй гэж мэргэжлийнхэн хэлсэн юм. Бид Рио-де-Жанейро хотноо байгаа Э.Цэндбаатартай холбогдож цөөн хором ярилцлаа. Тэрээр энэ сарын 25-нд эх орондоо ирэх ажээ.

-Э.БАДАР-УУГАН АХ, П.СЭРДАМБА АХ ХОЁРЫГ МЕДАЛЬ АВАХ ҮЕД ЭНЭ
СПОРТОД СОНИРХОЛТОЙ, МӨРӨӨДӨЛТЭЙ БОЛСОН-

-Юуны өмнө таныг анхны олимпдоо оролцож, амжилт гаргасанд баяр хүргэе. Та боксоор хичээллэх болсон үеэ дурсахгүй юү?

-Би 2008 оны есдүгээр сарын 1-нээс боксын спортоор хичээллэж эхэлсэн. Анх Э.Бадар-Ууган ах, П.Сэрдамба ах хоёрыг медаль авах үед энэ спортод сонирхолтой, мөрөөдөлтэй болсон.

-Хүрэл медалийн төлөөх тулалдаан амаргүй байсан болов уу. Ямар тактик барьж ажиллав аа. Таны санаснаар болохгүй байх шиг харагдсан?

-Миний өрсөлдөгч АНУ-ын тамирчин Залуучууд, өсвөрийн дэлхийн аварга, залуучуудын олимпийн аварга, хүчтэй тамирчин байсан. Ер нь өөрийнхөө санаснаараа тоглож чадаагүй ээ.

-Д.Отгондалайтай бэлтгэлээ базаах үед танд юу зааж зөвлөж байв?

-Оки ахтай хамт бэлтгэл хийхэд үнэхээр урам зориг орсон. Оки ах маань хүрлийн болзол хангасан байсан бэлтгэлийн үеэр шүү дээ.

-Мэдээж энэ олимпоос маш их зүйл сурч авсан болов уу?

-Тийм ээ. Маш их юм сурч, мэдэж авлаа. Энэ олимп миний мөрөөдлийн нэг хэсэг байсан. Одоо надад 2020 оны Токиогийн олимп байгаа. Энэ миний шинэ мөрөөдөл. Эндээс авах юмаа авах болно. 

-Аав ээж, гэр бүлийнхэн, уншигчиддаа хандан юу хэлэх вэ?

-Ээж аав, хамаатан садандаа үргэлж миний талд байдагт нь баярлалаа. Бас багшдаа баярлалаа, Монголын ард түмэндээ намайг дэмжиж байсанд дахин баярлалаа гэж хэлмээр байна.

tsendbaatar