Олимпийн тамирчдын тосгонд хулгайн хэрэг гарчээ

Риогийн олимпийн наадмыг зохион байгуулагчид тамирчдын тосгонд гарсан хулгайн хэргийг шалгуулж байна. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт Францын гарбөмбөгийн тамирчны өрөөнөөс 50 орчим евро буюу 55 орчим доллар алга болжээ.

Уг хэрэгтэй холбогдуулан 20 настай үйлчлэгч эмэгтэйг цагдаа нар байцааж байгаа аж. Мөн 1000 евро болон 2400 доллар өрөөнөөс алга болсон хэмээн мэдүүлсэн Ираны хөнгөн атлетикийн хоёр тамирчны гомдлын дагуу цагдаа нар мөрдөн шалгалт явуулж байна. Өмнө нь тамирчдын тосгоноос зөөврийн компьютер болон гар утас хулгайд алдагдсан хэрэг гарч байсан ба тосгоны орчимд аюулгүй байдал, харуул хамгаалалтыг чангатгасан учир гаднаас хулгайчид нэвтрэх боломжгүй аж.