Бүдэрч унасан Миллерийн олимпийн алт хүртэх агшин

“Рио 2016” олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 400 метрийн уралдаан сонирхолтой болж өнгөрлөө. Энэ зайд нийт 56 тамирчин уралдсанаас финалд шилдэг найман тамирчин үлдсэн. АНУ-ын гурав, Ямайкын хоёр болон Украин, Итали, Багамын арлын тамирчид багтсан юм. Олимпийн дөрөв, дэлхийн есөн удаагийн аварга АНУ-ын алдарт Алисон Феликсийг түрүүлнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байлаа.

Тэгвэл финалын уралдааны барианд орохын өмнө Шауне Миллер бүдэрч унасан ч түрүүлж чадлаа. Тэр гараанаас эхлэн үл ялиг тэргүүлж байсан ч төгсгөлд алдарт Алисон Феликс түүнийг гүйцэх дөхсөн. Гэвч Миллер барианд орохоос хэдхэн алхмын өмнө бүдэрсэн ч цээжээрээ түрүүлж, шугмыг давснаар олимпийн аварга болсон юм.

2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс энэ зайдаа хүрэл медаль хүртсэн Миллер ийнхүү олимпийн аваргыг үнэ цэнэтэйгээр хүртлээ. АНУ-ын алдарт А.Феликс олимпийн гурав дахь мөнгөн медалиа хүртсэн бол Ямайкийн Шерика Жексон хүрэл медаль дээр буусан.

Миллерийн олимпийн алтыг хүртэж буй энэхүү агшин олон нийтийн сүлжээг ихээхэн доргиолоо.

Ч.БОЛОР