Таны бие ямар үнэтэй вэ?

Та ингэхэд ямар үнэтэй вэ. Өөрийнхөө үнэ цэнийн талаар, өөрийгөө үнэлэх үнэлэмжийн талаар хэзээ нэгэн цагт бодож байсан уу. Мэдээж, ээж аавдаа, танд хайртай бүхий л хүмүүст та үнэтэй байж таарна. Гэхдээ өөртөө байгаа бүхнээ үнэлж байсан удаа танд бий юу. Тэр үнэлэмжид тань байр сууц, машин тэрэг орохгүйгээр үл барам таны бүтээж чадсан нэр хүнд, авьяас чадвар ч орохгүй. Зүгээр л энэ ертөнцөд ирсэн нүцгэн биеэрээ та ямар үнэтэй вэ. Зарим хүний хувьд хос эрхтнээ зарж, амь зуух мөнгө олох гэж байдаг бол зарим нь амьд үлдэхийн төлөө хэдийг ч зарлагадахад бэлэн, таарах донороо хайж байдаг.

Зарим бүсгүйчүүдийн өгзөг рүү дуртай нь өшгичиж байдаг бол зарим нь хэдэн сая ам.доллараар даатгуулж үнэлдэг. Хувь хүний бий болгож, үнэлж үнэлүүлж чадсанаар бүх зүйл харьцангуй мэт боловч энэ хорвоод хүн ирэхдээ өөрийн өмчтэйгөө ирдэг. Нүцгэн ирээд нүцгэн буцдаг гэх боловч нүцгэн тэр бие чинь өөрийн үнэ цэн, үнэлэмж дагуулдаг юм.

Бид байгаа бүхэндээ сэтгэл дундуур байдаг ердийн тэр сэтгэлээрээ хоосон гуйрамчаа эхэнд хэлээд байдаг боловч хүний биеийг олж төрөхдөө бид өмчтэй, үнэлэмжтэй ирдэг ажээ.

Колумбын их сургуулийн багш нар хүний биеийн үнэлэмжийг тогтоон гаргахдаа 27 триллион ам.доллар гэж үнэлжээ. Тэгэхээр бид энэ дэлхийд ирэхдээ тэр хэмжээний өмчтэй ирдэг юм байна. Харин тэрийгээ хэрхэн анхаарч, хэр гамтай явснаас бүх зүйл шалтгаалдаг. Энэ хорвоод төрөхдөө 10 мянган их наяд эстэй төрж, олон төрлийн эд эрхтэн, яс арьс, мах уураг, ус цус, хар мянган төрлийн химийн нэгдлүүдээс бүтсэн хүний биеийг үнэлбэл нээрээ ч хязгааргүй үнэ цэнд хүргэж болохоор юм шиг, үнэгүйгээ хүрвэл нохойн арьсны ч үнэд хүрэхгүй мэт санагдана. Олон улсын нэгэн сэтгүүлд хүний биеийн бүхий л эд эрхтэн, биеийг бүрдүүлж байгаа бодисуудыг граммаар нь тооцоод бодож гаргахад 45 сая ам.доллар болох талаар тооцсон байсан. Хүний биеийн 65-90 хувийг ус бүрдүүлдэг. Нийт биеийн 99 хувийг бүрдүүлж байгаа зургаан элемент бол хүчилтөрөгч, нүүрстөрөгч, устөрөгч, азот, фосфор үлдэх нэг хувьд нь бидний мэдэх, мэдэхгүй өчнөөн олон бодис бий. Зөвхөн эдгээр элементүүдийг грамм бүрээр нь бодоход хүний бие 45 сая ам.доллар буюу манайхаар 95 сая төгрөг.

Тэгэхээр бид ээж, ааваас төрсөн энэ сайхан биеэ үнэ цэнийг нь алдуулахгүй авч явж, эрүүл саруул амьдарч, өтөлж наслахдаа ч өвчин зовлон багатай, өөрсдөдөө ч үр хүүхдэдээ ч гай болохгүйн ухааныг эртнээс сурах цаг болжээ.

Монголчууд бид хэнэггүй гэхэд гоёдмоор, тэнэг гэхэд гомдмоор үндэстэн л дээ. Энэ биеэ эрүүл саруул авч явж, өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай ямар ч ойлголт байхгүй улс. Урьдчилан сэргийлэлгүй гамгүй явсаар эцэст нь хавдрын сүүлийн үедээ орсон хойноо мэдэж амьдралын төлөө үхэн хатан тэмцдэг. Урьдчилан сэргийлэх тухай ямар ч ойлголтгүй, гал унтраах аргаар өдийг хүрчээ. Үнэндээ эрүүл мэндийн тогтолцоо нь ч тийм, эрүүл мэндийн боловсрол олгох тал дээр юу ч хийгээгүй явж ирсэн. Хэрэв амьдралын эрүүл зөв хэв маягийн талаар, эрүүл амьдрах ухааны талаар хүүхдэдээ багаас нь зааж сургаж ирсэн бол бид ийм л үндэстэн гэж хэлэгдээд сууж байхгүй байлаа. Уг үндэстнийхээ хувьд харин ч бид эрүүл зөв амьдрах талаар эртнээс ярьж сургаж ирсэн уламжлалтай ард түмэн. Харин түүнийгээ нэг хэсэг алдаж, монголчуудын амьдралын хар ухаан, уламжлалаа гээснээр өнөөгийн бидэнд илүүтэй олон асуудал тулгараад байна.

Монголчууд эртнээс хоёр нарны хооронд амьдарч ирсэн улс. Наран жаргахад хонь малаа хотлуулаад, тэр өдрийн ажил өндөрлөж амралт эхэлдэг, нар дөнгөж цухуйх үед орноосоо босчихоод ажилдаа шамддаг. Тэгвэл өнөө цагт шөнө 1 цагаас өмнө орондоо орж, унтдаг айл гэж ховор болжээ. Залуусын хувьд өдөр, шөнө нь хэдийнэ солигдож, шөнөөр унтаж өгдөггүй өдөр босч өгдөггүй нэгэн үеийнхэн бий боллоо. Гэтэл нойр бүтэн зөв цагтаа унтах хэчнээн чухал гээч. Зуны сарууддаа нойтон махны бараа хардаггүй монгол уламжлал мартагдаж, өдрийн хоёр гурваар нь махан хоол идсээр жин ихтэй, биеийн хор хордлого ихтэй хүмүүс болчихоод байна. Уг нь хүний бие гэдэг маш ухаалаг машин гэгддэг. Юу болохгүй, юу таарахгүй байгаагаа хэлж, болохгүй бүтэхгүйгээ дотоодын хүчин чадлаараа засаад явчихдаг гэж байгаа. Гэвч бид даанч гамгүй хэрэглээд тэр машинаа эвдэлчихдэг.