Чөлөөтийнхөн “Рио-2016”-д бүтэн багаараа оролцох боломжтой

Хүн төрөлхтний баяр цэнгэл “Рио-2016” олимпын наадам эхлэх мөч өдөр, өдрөөр ойртсоор. Одоогоор Монгол Улс “Рио-2016” олимпод оролцох 14 эрх (чөлөөт бөх зургаа, хөнгөн атлетик дөрөв, буудлага гурав, байт харваа нэг) аваад байна.
-С.Батцэцэг алт, Э.Бэхбаяр, Г.Мандахнаран, П.Өнөрбат, Б.Одончимэг нар хүрэл медаль хүртэх магадлалтай-
Тэгвэл спортын төрөл тус бүрт олимпын эрх олгох хэдэн тэмцээн үлдээд буй, хэдэн эрх нэмж авах боломжтой, улсад нь олгодог эрхээр хэн нь оролцох магадлал өндөр байгааг уншигч та бүхэнд цувралаар хүргэе.

Хэдийгээр өнгөрсөн жилийн чөлөөт бөхийн ДАШТ-ээс эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Бэхбаяр, 65 кг-д Г.Мандахнаран, 74 кг-д П.Өнөрбат, 125 кг-д Ж.Чулуунбат, эмэгтэйчүүдийн 63 кг-д С.Батцэцэг, 69 кг-д О.Насанбурмаа нар  “Рио-2016”-д өрсөлдөх эрх авсан ч тухайн эрхийг тамирчинд бус улсад нь өгдгийг манай уншигчид андахгүй.  Тиймээс бэлтгэлээ сайн базааж, хичээвэл хэнд нь ч олимпод зодоглох боломж байгаа. 2016 он гарснаас хойш олимпын бус жинд барилддаг ихэнх шилдгүүд жин өгсч, уруудан өөрсдийн илүү амжилт гаргах боломжтой гэж тооцоолсон жиндээ барилдах болсон. Одоогоор манай тамирчдыг олимпын эрх олгох гурван тэмцээн хүлээж байна. Эхний тэмцээн энэ сарын 18-21-нд Казахстанд, дараагийнх нь дөрөвдүгээр сард Монгол Улсад, сүүлчийнх нь Турк улсад болно. “Рио-2016”-д эх орноо төлөөлж хэн, хэн оролцох магадлалтай байгааг жин тус бүрээр нь сонирхуулъя.

Эрэгтэй, 57 кг: Энэ жинд ДАШТ-ий хүрэл мелальт Э.Ням-Очир, ОУХМ Д.Цогтбаатар, С.Батболд нарын шилдэг өрсөлдөж байгаа ч “Рио 2016”-д гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Э.Бэхбаяр оролцох магадлал хамгийн өндөр байна. Учир нь, тэр гаргаад буй амжилт, бэлтгэл сургуулилт, сэтгэл зүйгээр бусад тамирчнаас илүү байгаа юм. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд УАШТ, “Алтан гран при”, “Mongolia Open”, Азийн АШТ зэрэг бараг оролцсон бүх тэмцээндээ түрүүлсэн. Харин энэ жилийн УАШТ-д Д.Цогтбаатарт дийлдэн, аваргалж чадаагүй. Гэхдээ тэрээр тэр алдаагаа саяхан болсон “Mongolia Open”-д засч, түрүүлсэн. 61 кг-аас жин уруудан барилдаж буй Э.Ням-Очирыг түүнтэй эн тэнцүү өрсөлдөөн үзүүлэх болов уу гэж спорт сонирхогчид таамаглаж байсан. Гэвч гавьяат шинэ жиндээ дасахгүй байгаа бололтой. Оны өмнө Германы Бундеслигт барилдаж, 57 кг-д өрсөлдөхийн тулд олон кг хасч байгаа нь түүний барилдаанд чамгүй их нөлөөлж байгаа болов уу. Тэр энэ жилийн УАШТ-д оролцохын тулд найман кг хассан гэнэ билээ.

65 кг: “Рио-2016”-гийн “тийз захиалах”-ын төлөөх хамгийн ширүүн өрсөлдөөн ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, ДАШТ-ий мөнгөн медальт Б.Номин нарын хооронд өрнөсөөр. Өмнө нь энэ жинд Г.Мандахнаран өрсөлдөгчгүй мэт босоо байсан гэхэд хилсдэхгүй. Харин Б.Номин жин өгсөн, 65 кг-д барилдаж эхэлснээс хойш тэр байдал эрс өөрчлөгдсөн. Тэд “Mongolia Open-2016”-д анх удаа учраа тааран, барилдахад Г.Мандахнаран ялсан. Гэхдээ гавьяат бусад бөхийг ялдаг шигээ Б.Номинг илүүрхэж чадаагүй. Барилдааны эхнээс Б.Номин арай илүү санаачилгатай барилдсан ч тактикийн алдаа гарган, цэвэр ялагдсан. Тэр Г.Мандахнарангаас арай хурдан цуцаж, ядарч байгаа нь анзаарагдсан. Мэдээж барилдааны ур чадвараар хоёулаа эн тэнцүү ч туршлагаар Мандахаа илүү. Тиймээс “Рио-2016”-д Г.Мандахнаран оролцох болов уу.

74 кг: Монгол Улс энэ жинд гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт П.Өнөрбатыг олимпод сойх нь бараг тодорхой болоод байгаа. Гэхдээ саяхныг хүртэл түүнтэй хамгийн хүчтэй өрсөлдөөнийг Д.Гомбодорж үзүүлж байсныг дурдах нь зүйтэй. Тэдний өрсөлдөөн бөх сонирхогчдын анхаарлыг үргэлж л татсаар ирсэн. Энэ жилийн УАШТ-ий өмнө фэйсбүүкийн “Чөлөөт бөх” группээс явуулсан судалгаагаар спорт сонирхогчдын хамгийн их хүсэн, хүлээж буй барилдаанаар тэдний өрсөлдөөн шалгарсан нь үүний илрэл. Д.Гомбодорж өнгөрсөн жилийн УАШТ-д түрүүлсэн ч Азийн АШТ, ДАШТ-д визний асуудлаас болж оролцож чадаагүй. Харин энэ жилийн УАШТ-д П.Өнөрбатад дийлдэн, Азийн АШТ-ээс эрчүүдээс ганцаараа медальгүй ирсэн нь энэ асуудлыг бараг тодорхой болгочих шиг боллоо. Гомбоо “Mongolia Open-2016”-д жин өгсөн, 86 кг-д барилдаж, хүрэл медаль авсан. “Рио-2016”-д оролцохын төлөө 86 кг-д зүтгэж байгаа бололтой.

86, 97 кг: Энэ сарын 18-нд эхлэх олимпын эрх олгох эхний тэмцээний 86 кг-д Армийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт О.Үйтүмэн, 97 кг-д Азийн аварга Д.Хүдэрбулга нар зодоглоно. Мэдээж хоёуланд нь эрх авах боломж байгаа. Ер нь бараг авчих болов уу.

125 кг: “Лас-Вегас-2015” ДАШТ-д хүрэл медалийн оосроос атгаад алдсан ч эх орондоо олимпын эрх авч ирсэн Ж.Чулуунбат “Рио-2016”-д зодоглох байх. Үнэнийг хэлэхэд түүнтэй ана мана өрсөлдчих хэмжээний бөх манай улсад одоохондоо алга. Лондонгийн олимпод зодоглосон Ж.Чулуунбат олон жил манай хүнд жинг нуруундаа үүрч, тив, ДАШТ-д амжилтын буухиаг үргэлжлүүлж яваа билээ.

Эмэгтэй, 48: Үнэнийг хэлэхэд олимпын эрх авах хамгийн магадлал багатай жин. “Тэр л авна” гээд нүүр бардам нэрлэчих бөх энэ жинд цөөн. Олимпын эрх авах, оролцохын төлөөх өрсөлдөөн ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Энхжаргал, ОУХМ Э.Нарангэрэл, энэ жилийн улсын аварга Ц.Намуунцэцэг, залуучуудын олимпын мөнгөн медальт Б.Дөлгөөн нарын хооронд өрнөж буй. Казахстанд болох эрхийн эхний тэмцээнд Азийн АШТ-ий мөнгөн медальт Э.Нарангэрэл зодоглоно. Олимпын эрх аваагүй Азийн орнуудын дунд болох энэ тэмцээнд финалдан, “Рио-2016”-гийн эрх авах боломж түүнд байгаа нь мэдээж.

53 кг: Олимпын эрх авах, оролцохын төлөөх гол өрсөлдөөн ДАШТ-ий мөнгөн медальт Д.Отгонцэцэг, Э.Сумъяа нарын хооронд болж буй. Казахстанд болох тэмцээнд Э.Сумъяа оролцоно. Тэр бараг эрхээ авчих болов уу. Хэдийгээр Д.Отгонцэцэг энэ жилийн Азийн АШТ, “Mongolia open”-д аваргалсан ч олимпод оролцох боломж Э.Сумъяад илүү байна. Учир нь, тэд хамгийн сүүлд буюу эмэгтэйчүүдийн багийн цомын тэмцээн, УАШТ-д учраа таарахад хоёуланд нь Э.Сумъяа дийлсэн.

58 кг: Хэн нь олимпын эрх олгох тэмцээнд зодоглож, “Рио-2016”-д аль нь оролцох нь спорт сонирхогчдын анхаарлыг хамгийн их татаж байгаа жин. ДАШТ-ий алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд, ОУХМ П.Орхон, Б.Шоовдор, С.Бямбацэрэн, Э.Гантуяа нарын шилдгүүд барилдаж байгаа нь энэ  жинд гал гарсан өрсөлдөөнийг бий болгосон юм. Гэхдээ тэдний дундаас С.Цэрэнчимэд, П.Орхон хоёрын нэгэнд нь боломж арай илүү байгаа.
Олимпын эрх олгох эхний тэмцээнд П.Орхон өрсөлдөнө. Тэр эрх авбал “Рио-2016”-д оролцох нь бараг тодорхой болох байх. Учир нь П.Орхон энэ жилийн УАШТ-д түрүүлэхдээ С.Цэрэнчимэдийг хожиж, “Алтан гран при”-д аваргалахдаа Японы алдарт бөх Каори Ичог ялсан. Эдгээр ялалт нь түүнд “Рио-2016”-д зодоглох том боломж олгох нь дамжиггүй. Хэрэв Орхон Казахстаны тэмцээнээс эрхээ авч чадахгүй бол Цэрэнчимэдэд боломж гарч ирэх болно.

63 кг: Энэ жинд олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг оролцох нь маргаангүй. Гавьяат өнгөрсөн жилийн ДАШТ-д түрүүлэхдээ таван барилдаан хийсэн. Тэгэхдээ нийт найман минут 14 секунд зарцуулж, 45 оноо авч, хоёрхон оноо алдсан юм. Өөрөөр хэлбэл, 11,3 секунд тутамд нэг оноо авчээ. Мөн 35,3 секунд тутамд өөр өөр төрлийн мэх амжилттай хийж, гүйцэтгэсэн байна. Үүгээрээ 2001 оноос хойшхи ДАШТ-д медальт байрт шалгарсан тамирчдын хамгийн өндөр үзүүлэлтийг гаргасан юм.
69 кг: ДАШТ-ий гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, ОУХМ Ш.Түмэнцэцэг хоёрын хэн нь олимпод зодоглох бол. Энэ асуулт спорт сонирхогчдын анхаарлыг хамгийн их татаж байна. Гавьяатыг “Лас Вегас-2015”-аас дөрөв дэх хүрэл медалиа авах шахан, олимпын эрх хүртэх үед “Рио-2016”-д оролцоно гэж олон хүн таамаглаж байсан. Харин энэ жилийн УАШТ, “Mongolia Open”-д Ш.Түмэнцэцэгт дараалан ялагдсан нь ийнхүү эргэлзээ үүсгээд байна. Эдгээрээс өмнө нь дотоодын бүх тэмцээнд тэд учраа таарахад О.Насанбурмаа л хождог байсан юм. Харин олимпын жил эхэлснээс хойш ийнхүү Ш.Түмэнцэцэг онцгойрч байна. Мэдээж энэ онд гаргасан амжилтаараа бол Ш.Түмэнцэцэг “Рио-2016”-д зодоглох нь зүйтэй. Гэхдээ О.Насанбурмаа 2012 оны Лондоны олимпод оролцох эрх авахад түүнийг бус С.Батцэцэгийг оролцуулж байсныг бодолцох хэрэгтэй болов уу. С.Батцэцэгийг олимпод оролцуулахаар болсныг зарлах мөчид уйлаад сууж байсныг тод санаж байна, би.

75 кг: Бас хэн нь олимпын эрх авч, аль нь олимпод оролцох нь тун эргэлзээтэй байгаа жин. Гол өрсөлдөөн ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа, ДАШТ-ий хүрэл медальт Б.Одончимэг, ОУХМ Г.Наранчимэг нарын хооронд өрнөж буй. Гэхдээ Б.Одончимэгт арай илүү боломж бий. Учир нь, тэрээр энэ жилийн УАШТ, Иван Ярыгинд аваргалсан. Одоо 18-нд эхлэх олимпын эрх олгох тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна.
“Рио-2016” олимпоос чөлөөт бөхийн төрөлд С.Батцэцэг алт, Э.Бэхбаяр, Г.Мандахнаран, П.Өнөрбат, Б.Одончимэг нар хүрэл медаль хүртэнэ гэсэн таамаг дэвшүүлж байна. Эх сурвалж: www.assa.mn