Баян-Өлгий аймагт Монгол хүн удирдах албан тушаал хаших эрхгүй бололтой

2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд олонхийн суудал авсан МАН-ынхан Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч, ИТХ-ын Нарийн бичгийн дарга гээд бүх удирдах албан тушаалын томилгоогоо хийгээд байгаа боловч Тамгын газрын даргын томилгоон дээрээ гацаанд орж, багагүй хугацааг өнгөрөөгөөд байгаа аж. Учир нь тус албан тушаалд нутгийн уугуул монгол иргэдийн төлөөлөл болсон М.Адилбишийн нэрийг нь дэвшүүлсэнтэй холбоотой аймгийн удирдлагын зүгээс дэмжлэг авч чадахгүй байгаа бөгөөд аймгийн шинэ удирдлагуудын энэхүү үйлдэл нь нутгийн цөөнх болсон монгол иргэдийг үл тоомсорлож, яс үндсээр ялгаварлан гадуурхаж буйн илрэл хэмээн нутгийн иргэд ярилцах болжээ.

М.Адилбиш нь нам болон төрд хашсан албан тушаал, мэдлэг чадварын хувьд Төрийн албаны зөвлөлөөс тухайн албан тушаалд тавигдах шалгуур, шаардлагыг бүрэн хангаж байхад аймгийн шинэ удирдлагын зүгээс тус албан тушаалд казах хүн тавихаар хөөцөлдөх болсон нь аймгийн МАН дотор болон нутгийн иргэдийн бухимдлыг төрүүлж, талцал үүсгээд байгаа аж.

Тухайлбал, ИТХ-ын төлөөлөгчдийн нэг нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг үл хайхран өөрийн төрсөн ахын нэрийг тус албан тушаалд зүтгүүлж, Засаг дарга нь төлөөлөгчдийн барьцаанд орсон гэх ч тэр нь төрийн албан ажиллаж байгаагүй, төрийн удирдах албан тушаал эрхлэх чадваргүй нэгэн гэнэ.

Баян-Өлгий аймагт ардчилсан хувьсгал ялснаас хойш 26 жилийн түүхэнд удирдах албан тушаалд нэг ч үндэсний цөөнхийн төлөөлөл сонгогдож, ажиллаж байгаагүй юм. Энэ удаад ямар шийдвэр гаргах нь шинэ Засаг дарга А.Гылымханы бүрэн эрхийн асуудал бөгөөд шинэхэн Засаг даргын үндэсний цөөнхдөө хэр хүндэтгэлтэй хандахыг л харах үлдлээ.

Аймгийн МАН-ын бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн зүгээс үндэсний цөөнхийн төлөөллийг нутгийн өөрөө удирдах бүх шатны байгууллагуудад болон нутгийн захиргааны байгууллагуудад дэмжиж, тэдний санал бодлыг сонсож ажиллах талаар мөрийн хөтөлбөрөө тусгаж, сурталчилгааныхаа үеэр амлаж байсан боловч ийнхүү сонгогдмогцоо мартсанд нутгийн иргэд ихэд дургүйцэж байгаа аж.

Мөн Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Я.Сьездийг Тамгын газрын даргын албан тушаалд нэрийг нь дэвшүүлсэн бөгөөд өмнө нь тэрбээр “Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж” Монгол Улсын хэмжээнд нийт 260,033,330 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсантай холбогдуулан Дүүргийн 2дугаар прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх хэргийг хянан хэлэлцээд Я.Сьездэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ЭХ-ийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх ялыг 3 жилээр хасч, 5 жилийн хугацаатайгаар хорих ял оногдуулсан байна.

Эх сурвалж: Улс.мн