Үер, усны ослоос урьдчилан сэргийлж, өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангахыг анхаарууллаа

Үер, усны осол, өвөлжилтийн бэлтгэл байдлын талаар өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян, ГШУГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн, мэргэжилтэн, ахмад Ч.Туяа нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

2016 он гарсаар иргэдийн болгоомжгүй байдлаас шалтгаалан усны ослоор 24 аймгийн 47 сум, нийслэлийн 5 дүүрэгт нийт 78 удаагийн тохиолдлоор 93 хүн (хүүхэд-31, насанд хүрэгсэд-62) амь насаа алджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24,0 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Тиймээс “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 1415, “Бэлэн байдлыг хангах тухай” 6/1496 дугаарын албан бичгийг төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд “Болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлье” сэдэвт нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгааг хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.

Тухайлбал, Туул голын сав газарт Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн аврах анги, Аврах тусгай анги тус бүрээс 8 албан хаагч өдөр бүр 10-20 цагийн хооронд Туул голын эрэг орчмоор эргүүл хийн 5000 гаруй иргэдэд сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх талаар заавар зөвлөгөө  өгч байна.

Түүнчлэн Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Орхон, Дархан-Уул, Ховд, Увс, Хэнтий, Дорнод, Архангай, Өвөрхангай, Төв, Завхан, Баян-Өлгий зэрэг гол, усны осол ихээр тохиолддог аймгуудын Онцгой байдлын газрууд голын ай сав дагуу, хүмүүс усанд их ордог газруудад өдөр бүр 8 албан хаагчийг томилгоожуулан, офицероор ахлуулан үүрэг гүйцэтгэж байна.

Мөн 2016 он гарсаар Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотод болсон  17 удаагийн үерт 3 хүүхэд, 1 том хүн, нийт 4 хүн амь насаа алдаж, 196 гэр байшин өртсөн байна. Тиймээс Үерийн эрсдэл бүхий газар суурьшсан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлыг яаралтай шуурхай зохион байгуулахыг орон нутагт үүрэг болгосон гэлээ.