Ерөнхий сайдын танилцуулсан 9 шийдвэр
8/ 31/ 2026 12 цаг 15 минут
Засгийн газар өнөөдөр /2026.08.31/ ээлжит бусаар хуралдаж, УИХ-д төсвийн төслөө өргөн барихаар болов. Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдааны 9 шийдвэрийг танилцуулав.
-
Оюутолгойн ноогдол ашгаа анх удаа Монголдоо авчирна.
Монголчууд ноогдол ашгаа хүртэх 20 жилийн дуусаагүй яриаг дуусгана. Оюутолгойн ноогдол ашгийн мөнгө аль нэг яамны хаалганы цаана, хэн нэг албан тушаалтны гарын үсгийн ард алга болохгүй. Харин иргэн бүрийн хуримтлалын дансанд, дулааны шинэ станц барихад, арьс шир боловсруулах болон малын эм вакцины үйлдвэрт, 2 боомтыг бүрэн шинэчлэхэд зарцуулахаар төлөвлөлөө. Оюутолгойн ноогдол ашгаар хаана, юу хийхийг И-Монголиагаар явуулах нээлттэй санал асуулгаар иргэн Та бүхэн эцэслэн шийднэ. Энэ бол Таны мөнгө. Таны мөнгө учраас Та сонгох болно.
-
Эрдэнэс Тавантолгойн 1072 ширхэг Таны хувьцаа үнэгүй цаас биш. Та хувьцаагаа үр хүүхдэдээ өвлүүлж болно, бэлэглэж болно, арилжиж болно. Таны үнэт цаас Таны жинхэнэ өмч болно. “ЭрдэнэсТавантолгой” компанийг нээлттэй компани болгоно. Энэ жишгээр бусад ТӨК-иудын хувьцааг хөрөнгийн биржэд гаргаж, нээлттэй болгоно. Цаасан дээрх өмчийг жинхэнэ ёсоор үнэт өмч болгоно.
Шинэ технологи, бүтээн байгуулалт шаардлагатай 10 төрийн өмчит компанийн хувьцааг дэлхийн жишгээр дэлхийн хөрөнгө оруулагчдад санал болгож, 500 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт эх орондоо татна.
Эрдэнэс таван толгой зэрэг ТӨК-иудаас төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр хуримтлагдах 3.5 их наяд төгрөгийг иргэдийнхээ ажил хөдөлмөр эрхлэх, хувийн хэвшлээ өсөн тэлэхэд дэмжлэг болгоход зориулна. ТӨК-иудаас ноогдол ашиг татан төвлөрүүлэх нь жижиг, дунд бизнесийн татварын ачааллыг хөнгөлөх боломж олгоно. Жижиг дунд бизнес эрхлэгчид татварын ачаа дарамт хөнгөрөхийн хэрээр ажлын байраа хадгалах, өргөжин тэлэх, өсөн томрох, шинийг эхлүүлнэ.
-
Та цалингийнхаа 792 мянган төгрөг хүртэлх хэмжээнд хувь хүний орлогын татвар огт төлөхгүй. Хөдөлмөрлөж буй хүмүүсийн дансанд 840 тэрбум төгрөг үлдэнэ. Жилийн 2 тэрбум 500 сая төгрөг хүртэлх борлуулалтай компани ердөө 1 хувийн татвар төлнө. НӨАТ төлөгчийн босго 50 саяас 400 сая төгрөг болно. 23 мянган компани, аж ахуйн нэгж сар бүр НӨАТ-ын тайлан гаргах хэрэггүй. 25 хувь төлдөг байсан татварыг 15 хувийн татварын шинэ шатлалтай болгож, 600 гаруй компанийн татварын ачааллыг бууруулна.
-
2027 оны 1-р сарын 1-ээс тэтгэвэр дунджаар 380,300 төгрөгөөр нэмэгдэнэ. Тэтгэвэр дунджаар 1 сая 335 400 төгрөг болно. 2027 оны 1-р сарын 1-ээс 141 000 ахмад настны тэтгэврийн зөрүү арилна. Илүү олон жил төлсөн нь илүү тэтгэвэр авна. 2026 оны 11-р сарын 1-нээс ахмад настанд шинээр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутан залуус нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй. Багш нарын цалинг энэ онд 50 хувиар нэмсэн. Эмч нарын цалинг 30 хувиар нэмсэн. Тэгвэл эмч нарын цалинг 11-р сарын 1-нд 20 хувиар нэмж адил тэгш хандана. Соёл, спорт, хөдөө аж ахуй, цаг уурч, байгаль хамгаалагч зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэгэн жигд 50 хувь нэмнэ. 2027 оны эхний улиралд багтаан төрийн бүх албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулан нэмнэ.
-
16 мянган өрх орон сууцтай болно. 14 мянган айл ипотекийн 6 хувийн зээлээр, 2 мянган айл түрээслээд өмчлөх нөхцлөөр орон сууцанд орно. Төрийн барьж буй 4000 орон сууцны урьдчилгаа төлбөр 30 хувь биш 15 хувь болж, босго нь 2 дахин намсана.
-
ДЦС 3-ийн дэргэд 300 мВт-ын хүчин чадалтай Дулааны 6-р цахилгаан станц барьж байгуулна. Олон жил гацсан ДЦС 3, 10 аймгийн дулааны станцыг ашиглалтанд оруулна. Эрчим хүчний үнийн өсөлтийг өрхийн үүдээр оруулахгүй.
-
Зургаан бүс тус бүрд Кембрижийн хөтөлбөртэй 2 сургууль, нэг төрөлжсөн ахлах сургууль байгуулна. Нэг нь 300 ортой 15 дотуур байр барина. Ирэх онд 100 мянган сурагч Гүүглийн компьютерээ авна. 100 сургууль Гүүглийн лаборатори сургууль болно. 100 сургуулийг уурын зуухгүй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон сургууль болгоно.
-
Яг одоо улс оронд 39 эмнэлэг баригдаж байна. Үүн дээр нэмж 34 эмнэлэг барьж байгуулна. Хөнгөлөлтэй эмийн жагсаалтанд өдөр тутмын амин чухал эмүүдийг оруулна. Ахмадууд даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмээ нэг ч төгрөг төлөхгүй авна.
-
Өнөөдөр таван аймагт нарны станц баригдаж байна. Тэгвэл ирэх онд ахин 10 нарны станц барина. Цахилгаан машин түргэн цэнэглэх ногоон өртөө 500-г байгуулна. 150 км тутамд нэг ногоон өртөө зам дагууд босно. Нарны хавтан, нарны хураагуур, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжүүдэд гаалийн болон онцгой албан татвар төлөхгүй.
Энэ бол есөн шийдвэр юм. Энэ бол Монголын баялгаа монголчууддаа хүргэх нэг зорилготой, есөн шийдвэр юм.
Монгол Улсын Ерөнхий сайд би ард түмний элч төлөөлөгч УИХ-ын гишүүд та бүхнээс Монголын баялгаа монголчууддаа хүргэх шийдвэрийг хэлэлцэн баталж өгөхийг хүсэж байна.
Монголын баялаг-Монгол хүндээ үр өгөөжтэй байлгахын төлөө ажиллах болно гэлээ.
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.