Энэ мэдээ хуучирсан буюу 2022-02-11 нд нийтлэгдсэн байна.

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон

2/ 11/ 2022    7 цаг 10 минут

“Бидний нэг” контентын энэ удаагийн дугаарт олон сайхан ээжийн дүрийг дэлгэцийн уран бүтээлд мөнхөлсөн МУСТА, жүжигчин Бямбаагийн Ганхүү оролцлоо. Тэрбээр уран бүтээлээ 50 жил тасралтгүй хийж яваа бөгөөд олон зуун шавь нарыг төрүүлжээ.

-Б.Ганхүү жүжигчнийг олон зуун ээжийн дүр бүтээснээр нь хүмүүс андахгүй сайн мэднэ. Гэхдээ та өөрийнхөө талаар танилцуулахгүй юу?

-Олон түмэн та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье ээ. Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлэв үү. Би Ховд аймгийн Чандмань сумын Шуурай гэдэг газар төрсөн. Хүүхэд залуучуудын театрт жүжигчин хийж байсан. Дараагаар нь Соёл урлагийн их сургуульд багшаар ажилласан. Ерөнхийдөө улсад тавиад жил тасралтгүйгээр ажиллажээ. Ажилчин ангийн малчин хүний хүүхэд болохоор ч тэр юм уу, би ер нь түмнийхээ дунд байх дуртай. Нэг их мундаг явах юм сан гэж боддоггүй. Муу явахгүй юм сан, дундуур нь л гэж боддог. Сэтгэл зөвтэй хүнд л би их дуртай. Сагсуураад онгироод янз янзын ааш гаргадаг хүнд тийм ч дуртай биш ээ. Харин тайзан дээр ямар дүр бүтээх ёстой, надад ямар дүр оногдон тэрийг би чадах ёстой, заавал... Амьдралдаа бол би мэдэгдэхгүй ингээд л түмнийхээ дунд явахдаа дуртай байдаг. Бид адилхан л хүн шүү дээ. Онцгойроод байх юу байх вэ.

-Эцэг эхийнхээ талаар ярихгүй юу?

-Манай аавыг Чадраабалын Шарав гэдэг. Ээжийг н.Аюуш гэдэг юм. Ховд аймгийн Чандмань сумын малчин улсууд байсан юм. Миний аав Ч.Шарав 1939, 1945 оны Эх орны дайнд оролцож явсан. Зургаадугаар дивизэд их бууны научик байсан. Бүр шархтаж явсан тийм мундаг хүн. Монголын төлөө цусаа урсгаж явсан мундаг дайчин эцэгтэй хүн шүү дээ, би. Бахархмаар тийм сайхан аавын охин л доо. Би чинь дээрээсээ гурав дахь охин нь. Таван охинтой айлын дунд талынх нь охин байхгүй юу. Намайг 3 нас хүрэхэд манай ээж өөрийнхөө төрсөн дүү Ичинхорлоодоо өргүүлсэн юм. Би чинь хоёр сайхан аавтай, хоёр сайхан ээжтэй өссөн их азтай хүн шүү дээ.

-Урлагийн замыг сонгох болсон түүхээсээ хуваалцахгүй юу?

-Хүүхэд байхдаа дугуйланд их явдаг байсан. Сургуулийнхаа концертод их оролцдог байсан. Дуулна, бүжиглэнэ концертоо хөтөлнө. Мандалин дарна. Энэ бүхэн маань л урлагийн зам сонгох суурь болсон байх даа.

 Би чинь Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын ангид жүжигчний мэргэжил эзэмшсэн хүн. Манай ангиас чинь олон сайхан жүжигчид бий л дээ. Тахар Бадарч гээд Тунгалаг тамирт тоглодог шүү дээ. Тэр хүн найруулагчийн мэргэжлээр төгсөж байсан. Д.Цээнямбуу гээд мундаг алдартай жүжигчин бас манай ангийг төгсөж байсан. Яг өнөөдөр байгаа жүжигчид гэвэл Ардын жүжигчин Г.Равдан байна. Гавьяат жүжигчин Т.Цэмпилмаа байна. За тэгээд хүүхэлдэйн жүжигчин хийж байсан н.Долгор гэж бий. Тэгээд л урлагийн олон сайхан байгууллагуудад ажиллаж байгаа уран бүтээлчид байгаа.

-Ажлын гараагаа хэрхэн эхэлж байв?

-Миний ажлын гараа Хүүхэд залуучуудын театраас эхэлсэн. Театрт би нэлээн олон гол дүр хийсэн хүн шүү дээ. Ихэвчлэн хүүхдийн жүжиг тоглоно оо. Гэхдээ бүх л жүжигт тоглоно. Яг энэ Улсын драмын эрдмийн театр шиг шүү дээ. Манай хоёр театр зэрэгцэж явж байсан. Тэгэхдээ эмэгтэй хүн эрэгтэй хүүхэд болох чинь бас нэлээн явдалтай. Дуу хоолой, харц хөдөлгөөн одоо юу байдаг юм, тийм ээ. Нэлээн зовж бүтээдэг. Тийм болохлоороо би тэр эрэгтэй хүүхдүүдийн дүрд ажиллаж байсандаа их хайртай ч байдаг юм. Бас л хөөрхөн зовж хийж байсан дүрүүд байхгүй юу. “Миний чин зоригт бяцхан найз” гэж хөөрхөн жүжиг байдаг юм. Тэр үеийн хүүхдүүд бол мэднэ л дээ. Тагнуулч эрэгтэй туулайн тухай. Тэр их хөөрхөн дүр байсан. Би их хайртай. Тэр жүжиг маань Бүгд Найрамдах ардчилсан Герман улсын гурван хотод тоглогдож, хүүхдүүдийн талархлыг хүлээж байсан, тийм жүжиг байхгүй юу.

-Та хэчнээн уран бүтээл дээр ажилласан байна вэ? 50 жил тасралтгүй уран бүтээл хийсэн байна шүү дээ.

 -Би дэлгэцийн уран бүтээлд, кинонд наяад уран бүтээлд оролцсон. Гэхдээ гол дүр цөөхөн юм л даа. Ихэвчлэн хоёрдугаар дүр юм уу, бас бус хавсарсан дүрүүдэд тоглох юм. Наяад киноны дүр бий.

-Таныг бас маш олон шавьтай гэж мэдэх юм байна.

- Би олон оюутнуудад хичээл зааж байсан. Хоёр, гурван зуугаад шавьтай. Яг анги дааж төгсгөсөн гэх юм бол Guys-ийн ангийнхан. Ардын жүжигчин Жигжидсүрэн багштайгаа нийлээд тэр хүүхдүүдийн ангийнх нь багш, мэргэжлийнх нь багшаар ажилласан. Хамгийн анхны шавь нар минь байхгүй юу. Тэгээд тэд нар минь сайн яваа, сайхан яваа.

Соёл урлагийн их сургууль анх удаа хөгжимт театрийн жүжигчний анги гэж авсан байхгүй юу. Тэнд би бас мэргэжлийнх нь багшаар, ангийнх нь багшаар ажилласан юм. Энэ залуучуудыг чинь манай сургууль их гоё бэлдэж гаргасан юм шүү дээ. Хөгжмийн өндөр мэдлэгтэй, нотны мэдлэгтэй, дууны хичээл бүр циркийн хичээлүүд ордог. Жүжигчин Г.Отгонцэцэг, A capella, топ модель Д.Пүрэвсүрэн гээд олон сайхан төгсөгчид байдаг. Одоо манай хүүхдүүд бүгд мундаг явж байгаа шүү дээ. Мэргэжилдээ үнэнч их сайхан. Зарим нь багшилж байна. Сайхан сайхан уран бүтээлүүд хийж байна. Хэчнээн олон сайхан кинонуудыг хийж, тэнд гол дүрүүдийг бүтээж байна аа. Шавь нараа харахаар маш их хүч авдаг. Кинонуудыг нь хараад л амьдрах итгэлд минь нэмээд л, хүч нэмээд л, баярлаад л явдаг хүн би.

-Шавь нартайгаа хамтран олон уран бүтээл дээр ажилласан харагддаг. Энэ талаар сонирхуулаач?

-СУИС-ийг төгссөн олон хүүхдүүдтэй нийлж олон уран бүтээлд орсон. Шавь нар багшаа нэг тийм юманд ороод өгөөч гээд урина. За тодоос тод санахад манай ангийг төгссөн Б.Гантулга гээд мундаг найруулагч байна, Үндэсний телевизэд. Тэр найруулагч Б.Гантулга хүү маань “Огцом эргэлт” гээд Үндэсний телевизийн гучин ангит кино хийв ээ. Тэнд нэг ээжийн дүрд, гол дүрд нь тоглосон. Гайсийн ангийнхны “Сайн байна уу амьдрал минь” УСК байна. Тэгээд төгссөн олон олон найруулагчийн анги төгссөн хүүхдүүд, олон сайхан уран бүтээлд урьсан. Тэрэнд нь тоглоод л, тоглоод л, явж байна. Тасралтгүй л тоглож байна. 2021 онд чинь арваад кинонд тоглочихлоо шүү. Үзэгдэж байгаа нь цөөвтөр л юм даа. Сериал энэ тэр чинь. Гэхдээ л жүжигчнийхээ ажил хийгээд л явж байгаа байхгүй юу. Тэр нь сайхан. Хүүхдүүдтэйгээ уран бүтээл хийх сайхан.

-Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу, хүүхдүүдээс чинь таны мэргэжлийг өвлөж авсан хүн бий юу?

-Манай өвгөн чинь Сэлэнгэ аймгийн хүн байгаа юм. Бямбын Пүрэв гэж бий. Хөдөө аж ахуйн их сургуульд 60-аад жил  багшилсан доктор, профессор хүн. Сая манай өвгөн “Алсын хараа 2050”  гэж гарлаа шүү дээ. Тэнд манай өвгөн газар тариалан хөдөө аж ахуйн талын бүх тооцоог хийсэн шүү дээ. Энийг бас хэлчихмээр байна. Өвгөнөөрөө би бас бахархаж явдаг юм. Би хоёр хүүтэй. Нэг хүү маань Соёл урлагийн их сургуульд 20-оод жил багшилсан. Зураач мэргэжилтэй. Олон сайхан зураач шавь нарыг төрүүлсэн. Манай бага хүү Отгонтэнгэр их сургуульд бас багшилдаг юм. Багшийн гэр бүл шүү дээ. Миний охин харин эдийн засагч байсан шүү.

-Уучлаарай, охиндоо зориулж уран бүтээл хийсэн гэж байсан. Энэ талаар дурсаж болох уу?

-Би охиноо ярихаар уйлах гээд байдаг шүү дээ. Би гурван хүүхэдтэй л дээ. Дундах нь охин байсан юм. Охин минь тэнгэрт хальсан л даа. Охиндоо зориулаад нэг сайхан уран бүтээл хийх юмсан гээд л бодоод явдаг байхгүй юу. Би өөрөө уран бүтээлч хүн, ээж хүн юм чинь. Тэгээд л бодож явж байгаад охиндоо зориулж хоёр кино хийсэн шүү. Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг байхгүй юу. Их сайхан залуудаа, хорин тавхан насандаа явсан болохоор охиныгоо залуу насыг ч их бодно. Уран бүтээл хийх юм сан тэгж л нөгөө суварга гэдэг юмыг босгоё доо. Өөр ч би яах ч билээ дээ гэж бодоод. Тэгээд л кино хийх гэхээр нөгөө эдийн засаг байхгүй шүү дээ. Мөнгө төгрөг байхгүй. Тэгээд мундаг шавь, нөгөө хөгжим театрын ангийн төгсөгч Бандицэрэндээ хэлсэн юм. Багш нь охиндоо зориулаад кино хиймээр байна аа. Би яг нэг ийм л юм бодоод байна. Миний хүү чи багшдаа зориулаад энийг цаасан дээр буулга. Чи бичээч, өөрийнхөө санааг нэмье гээд. Тэгээд л хоёулаа киногоо амжуулах ажилдаа орсон доо. Соёл урлагийн их сургуулийн төгсөгчид их тус болсон. Бүх шавь нар маань дэмжиж тоглож өгсөн.

Миний охин чинь АПУ-д ажиллаж байсан. АПУ-ийн сайхан хамт олон чинь их тусласан. Киноны ихэнх зургийг бас тэнд авсан. Манай Энхтүвшингийн ээж нь кино хийх гэж байгаа юм байна аа гээд нөгөөдүүл чинь уйлна аа, бүгдээрээ уйлна. Уйлж сууж байгаад л бүгдээрээ туслахаар болоод кино зургийг нь авсан шүү дээ. “Хувь заяаны тойрог” гэдэг кино. Хүний сайхан сэтгэл итгэлийг л би түлхүү харуулахыг тэр киногоор харуулахыг оролдсон.

-Өнөөдрийн энэ нийгмийг хараад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Миний хамгийн их сэтгэл өвдөж явдаг зүйл бол энэ улсууд их шүүмжилж ярих юм аа. Шүүмжлээд л муу хэлээд байх юм. Бүр хэлэх хэлэхгүй муухайгаар шүүмжлээд бичээд байх юм, тэр фэйсбүүк энэ тэр гэдэг юмаар. Тэгээд одоо ер нь ингэмээргүй л байх юм. Бие биенээ хайрлахгүй, муухайгаар ярих юм даа. Энэ бол тун аймшигтай.

-Тэдэнд хандаж хэлэхийг хүсдэг үг байгаа байх. Танд тэр боломжийг олгож байна.

 -Ном гэдгээс чинь л бид нар их үлгэр авч хөгжсөн юм шиг шүү дээ. Уншмаар л байх юм. Өнөө үеийн хүүхдүүд ерөөсөө уншихгүй юм даа. Гар утас хараад байх юм. Гар утас харах номын хуудас унших чинь хоёр өөр л байдаг юм даа. Их уншмаар байх юм. Тэгээд юмыг их сайхан нухацтай уучилж л бодмоор байх юм. Тийм ариун нандин хүнлэг тал л жоохон дутагдчих вий дээ. Өнгөцхөн байх вий дээ. Хүүхдүүд минь тэсвэр тэвчээргүй болчих вий дээ гэж л ингэж жоохон сэтгэл эмзэглэдэг юм даа.  Амьдрал чинь өөрөө тэмцэл болохоор тэмцэж л сайхан амьдарч сайхан явна шүү дээ, хүний дайтай. Ингэж л хэлэх байна.

-Ярилцсан танд баярлалаа.

-За, Монгол түмэн минь эрүүл байж сайн сайхан амьдарцгаагаарай гэж ерөөе дөө.

Г.Лхагва

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:51ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:39СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:3162 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:21УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:11ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:35БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:27БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:26МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:18158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:07СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:58САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:51ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 13:24УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 13:22ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 13:20ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 13:17УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 13:11ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 13:09240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 13:05“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 13:02“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 12:59БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 12:56“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:53ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 12:51306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 12:46АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ..2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой2025, 6 сар 11. 14:05Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03
 Facebook Twitter Youtube