АМЬ ТАВИХАД ОЙРХОН АРДЫН НАМ


Жаргалсайхан
9-р сарын 27
16 цаг 36 минут

АМЬ ТАВИХАД ОЙРХОН АРДЫН НАМ

               100н жилийн түүхтэй улс төрийн ууган хүчнийхэн өнгөрсөн зургаан сард намынхаа 7 дугаар бага хурлыг хийсэн. 2024 оны улсын их хурлын сонгуулиар намаа ялуулсан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, орлогоо нотолж чадаагүй шалтгаанаар ерөнхий сайдын сэнтийгээсээ бууж байлаа. Гүйцэтгэх засаглалыг толгойлох дараагийн хүнээр Улсын их хурлын дарга Гомбожавын Занданшатарыг бага хурлаасаа тодруулж тэрээр ерөнхий сайд болов.

               Орлогоо нотолж чадаагүй Л. Оюун-Эрдэнэ харин намын даргын тамгаа тэврээд үлдсэн бол өнөөдөр Ардын намын 8-р бага хурал хуралдаж дараагийн намын даргаа тодруулна.

               Өнгөрөгч 20 хоногийн хугацаанд болсон үйл явдлыг хураангуйлах юм бол Ардын намын гал тогоог найман жил барьсан, улсын их хурлын дарга Амарбаясгалан гэнэт гарч ирээд намын даргад өрсөлдөхөө ил цагаан зарлав. Гэхдээ тэрээр намын даргад өрсөлдөхөө зарласны өмнөх өдөр нь түүний хамтран зүтгэгч Чулуунзагдыг Авлигатай тэмцэх газраас цагдан хорьсон явдал болов.

               Товчхондоо бол Тавантолгойн бүлэг ордын хамгийн сайн чанарын нүүрстэй Бор тээгийн ордыг Амарбаясгалан болон түүний бүлэглэл удирдах уу аль эсвэл гэсэн сонголтыг МАН -ыхан хөшигний цаана хийж байна гэдэг бор шувуу нисэж байгаа.

               Хамгийн том нүүрсний хулгайчаа хууль тогтоох дээд байгууллагынхаа даргаар залсан гэж Хуульзүй дотоод хэргийн экс сайд, улсын их хурлын гишүүн Баттөмөрийн Энхбаяр мэдэгдчихэв. Гэхдээ түүний хэвлэлээр ярьсан мэдээлэл дотор байсан хамгийн том баримт бол зах зээлийн дундаж үнэ болох 95 н доллараар зарж болох байсан нүүрсийг 50 ам доллараар, хятадын төрийн өмчит компанид зарахаар болсон нь хамгийн том сенсааци байлаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан Амарбаясгалан энэ асуудлыг мэдэж байсан, цаашлаад их хурлын дарга болоод илтэд эх орны эрх ашгаас урвасан гэрээг батлуулсан нь илчлэгдэв.

               Төрд байтугай төсөвт ойртуулж болохгүй  МАН болон АН -ыг хэрсэн бүлэглэл дүрээ хувилаад мангас болоод дахин амилсан нь энэ. Алдагдсан боломжийн эрэлд гарч байсан Оюун-Эрдэнэ, Амарбаясгалангийн хоршил ард түмнээсээ ахиад 10 жилийн хугацаанд хамгийн хямдаар 10 тэрбум долларын нүүрсийг хулгайлж Хятадын талд зарахаар болжээ. Хулгайчаа барих гэж яваад хулгайчийнхаа мэхэнд бүдрээд халаасанд нь орчихсон үйлдэл гэж харагдана.

               Эргээд ардын намын бага хуралдаа анхаарал хандуулая.

               Нэг талаас Г. Занданшатар, Б. Энхбаяр, Раднаасэд нараар толгойлуулсан гомдогсдын арми сэрж, нөгөө талд НҮҮРС – 2 мафийнхан буюу Женко, Оюун-Эрдэнэ Амарбаясгалан нарын бүлэглэл намын даргын тулаанд орж байна.

               Хэн нь илүү мөнгөтэй бас эрх мэдлийн төлөө улайрч байгаа нь өнгөрсөн хугацаанд  хэвлэл сошиалд хангалттай харагдсан. Занданшатарыг хормойн донтон, харин Энхбаярыг түгжил гэх мэтээр мөнөөх л танил технилогоо ашиглан өдөр шөнөгүй нүдэв. Би намаа хагалаагүй, хүн ярьдаггүй гэсэн мөртөө, засгийн газрын танхимд ажиллаж байгаа сайд нар болоод намын нарийн бичгийн даргаа ил цагаан ховчингууд гэсэн нь мэдээж өнөөх Амарбаясгалан. Хууль тогтох дээд байгууллагын өндөр сэнтий дээрээс Амарбаясгалан албан тушаалынхаа аагийг мэдэрч байгаад ах нараа тэр Содбаатар, Энхбаяр, Занданшатар нар бол төрийн хутгуур гэв. Харин хөөрхий төрийн муужгай хутгуураар нэрлэгдсэн Занданшатар, хөдөө аж ахуйн сайд Энхбаяртай хамт намрын ногоон өдрүүдээр зочилж ногоочидтойгоо уулзаж явсан юм.  Амарбаясгалангийн эл үйлдлийг хамгийн сайн чаддаг байсан хүн нь Оюун-Эрдэнэ байлаа. Баримтгүйгээр хүнийг гүтгэж нэр хоч өгөөд зогсохгүй, Херо ахдаа хэлээд сошиалаар дүүжилж “ХЭРЭЭ” – ний хоол болгодог байв.

               Ахиад л бас нэг танил технологи. Зарчим ярихаар  өөдөөс нь жагсаалаар айлгадаг аргачлалаа ардын намын 8-р бага хурлын үеээр ч ашиглаж юуны төлөө жагсаж байгаагаа ч мэдэхгүй хүмүүст цаас бариулаад зогсоохоо “НҮҮРСЧИД” мартсангүй

.

               Одоо харин намын бага хурал нэртэй хаалгатай хаалганы цаана чухам ямар үйл явдал болж өнгөрхийг товчхон зураглая.

               АБ+ ОЭ хувилбар

               Х. Булгантуяа, А. Ариунзаяя, Э. Болормаа гэх эмэгтэйчүүдийн холбооныхоо тэргүүн болон шадар туслах болсон их хурлын гишүүдээ өмнөө бариад араас нь П. Сайнзориг, Н. Ганхүлэг, О. Батнайрамдал  нараар хүч нэмэгдүүлж Х. Нямбаатар, Б. Цогтгэрэл нараар бусдыг уруулаад энэ удаагийн бага хурлаар өөрсдийн талд шийдвэр гаргахыг хүсэмжилнэ.

               Тэдний хувьд ямааны мах халуун дээрээ, эсвэл жаргалын түргэн нь дээр гэх мэт үгсийг бага хуралдаа орохоос өмнө хэвлэлийнхэнд хэлсэн нь бага хурлаараа намын даргаа сонгочихоё гэсэн. Энэ бол тэд бага хурлаар Амарбаясгалан намын дарга болчих магадлалтай гэж урьдчилан таамаглаж байгаага бататгах баримт.

               МАНЖ гэгдээд байгаа НҮҮРС-чидийн намынхан эцсийн сумаа тавихдаа их хурлын даргын сэнтийг ч дэнчин болгочихсон нь үнэн. Оюун-Эрдэнэтэй одоо хүртэл ойр байгаа, Оюун-Эрдэнэд олон удаа хэрчүүлж ХЕРО технологийн золиос болсон ч найз гээд яваа Амарбаясгаланд асар том ашиг сонирхол, түүнийгээ халхлах хаалт хэрэгтэй учраас тэр бүхнээ тавьсан. Төмөр замын хил холболтыг  хий гэсэн их хурлын тогтоолын цаана, үнийг нь өөрчилсөн булхайгаа нуух, Оюун-Эрдэнэд барьцаалагдсан Бортээгийн ордынхоо жинхэнэ эзэн нь болох сонирхол Амарбаясгаланд бий.

               Г. ЗАНДАНШАТАР  + Н. УЧРАЛ

               Үнэндээ бол их эртнээс л АБ + ОЭ нарын занганд орсон хүн нь Гомбожавын Занданшатар. Хангай бүсээс хангалттай гараад ирэх байсан ч түүнийг болон тухайн үеийн Монгол ардын намын бүлгийн дарга Тогтохсүрэнг санаатайгаар өвдөг шороодуулсан нь  намын дарга болон сонгуулийн менежер хоёр нь. Түүнээс их хурлын сэнтийг нь авах, Тогтохсүрэнгээс бүлгийн авах, намаа наян оныхон базах гэсэн улстөр явсан ч гэж хардагддаг. Яагаад гэвэл сонгуулийн өмнөхөн  тойрогтоо бараг нэгээр гарч ирэхээр урьдчилсан байдлаар ялгарч байсан Занданшатар гэнэт л аравт ч жагсаж чадаагүй. Эн бол дефакто. Түүнийг ерөнхийлөгчийн тамгын даргаар очиход нь ханцуйн дотроо алга ташиж байсан хүн их хуралд цөөн биш. Гэхдээ тэрээр ерөнхий сайдын дүрээр улстөрд дахин орж ирсэн. Одоо түүнийг сонгуульд өвдөг шороодсон тоостой бөх, намын даргад өрсөлдөнө гэж юу байхав гэж харлуулахаар баруун солгойгүй, сошиалд нүдээд дүүжилж байна. Занданшатарын хувьд өнөөдрийг хүртэл намын даргад өрсөлдөнө гэж ил цагаан өөрийгөө зарлаагүй л явна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь намын дарга байх ёстой гэдэг нь өөрөө ардын намын дүрмэнд л байгаа нэг заалт. Ямбаа эдлээд ялаа ч үүр гэсэн үг. Занданшатарын хувьд бага хурлаар биш их хурлаар намын даргынхаа асуудлыг шийдүүлэх хүсэлтэй. Галч болон Нүүрсчин хоёроос илүүтэйгээр дипломатч, номын баяраар зочлоод ном авчихдаг авсан номоо уншчихдаг ерөнхий сайд намын даргатай байсан нь дээр биз. 

               МАГАДГҮЙ

Ихсийн зодооны дундуур шургаад орчих зай бий гэж хүлээж суугаа хүмүүс ч ардын нам дотор байхыг үгүйсгэхгүй. Төрийн албаны тухай хуулийг шинэчлэхдээ дунд болон дундаас дээш шатны төрийн албан хаагчдад “YES”  гэж хэлсэн Ням-Осорын Учралын хувьд бага хурлаар намын даргад өрсөлдөж магадгүй битүү морь. Заалнаас тэрээр дэвшсэн тохиолдолд Занданшатарыг дэмжиж байна гэж ойлгоход буруудахгүй. Ардын намын дүрмээр бол бага хурлын нийт гишүүдийн 3/2 ын дэмжлэгээр намын дарга болно. Тэгэхээр АБ өөрийнхөө хүмүүс дээр ОЭ гийн талынхнаа нэмээд ч 3/2 т хүрэхгүй байх магадлал нь Учрал заалнаас дэвшсэн тохиолдолд бий болох магадлал өндөр.

               Төрийн зовлон болтлоо ужгирсан МАН-ын бага хурал намын их хурлын товоо тогтоод намын даргаа шарх сорви багатай сонгочихоосой билээ. Эрх баригч намын зодоон гудамжинд гарсан тохиолдолд юу болдгийг монголын ард түмэн мартаагүй.   



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

public.mn © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 00000000, Мэйл: publicmn@gmail.com