У.Хүрэлсүх: Бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий арга замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно

8/ 24/ 2026    10 цаг 13 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлын өндөр түвшний уулзалтын нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгийг хүргэж байна.

Эрхэм хүндэт төлөөлөгчдийн тэргүүн нар аа,

Эрхэм хүндэт НҮБ-ын ЕНБД-ын Орлогч Амина Мохаммед,

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Ясмин Фуад,
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо!

Их Эзэн Чингис хааны өлгий нутаг, өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны ариун гал голомт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгчид Та бүхэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь Монгол Улсын хувьд нэр төрийн хэрэг төдийгүй эх дэлхийнхээ ирээдүйн төлөө олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран хүлээсэн үүрэг, хариуцлагаа бодитоор хэрэгжүүлж буй түүхэн боломж хэмээн үзэж байна. Талуудын 17 дугаар бага хурлын “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” хэмээх уриа нь хүн төрөлхтөн бидний энэ ертөнцөд ирээд буцах хүмүүн заяандаа өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн эх байгалиа унаган төрхөөр нь сэргээж, эх дэлхийгээ хайрлан хамгаалдаг хойч үеийг төлөвшүүлэн ирээдүйдээ итгэх итгэл найдварыг бадраах гүн гүнзгий утга агуулгатай юм.

Монголчууд бид эрт дээр үеэс сав, шим ертөнцийн зохилдлого нь хүмүүний дотоод ертөнцийн ариусал, ухамсарт үйлдлээс хамаарна хэмээн үзэж, эх байгальтайгаа зохицон амьдрах, онгон дагшнаар нь хадгалан хамгаалах хандлага, сэтгэлгээг өсөх наснаас нь үр хүүхдүүддээ төлөвшүүлэн сургаж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн.

Иймээс хүн төрөлхтөн бидний ирээдүй болсон үр хүүхдүүддээ улс үндэстэн бүр байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах өөр өөрсдийн уламжлалт арга ухаан, мэдлэг чадварыг бага балчраас нь сэтгэл зүрх, оюун санаанд нь суулган, эх байгалиа хайрлан хамгаалах үйл хэрэгт бие сэтгэлээрээ оролцдог дэлхийн иргэн болгон хүмүүжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна.

Эх байгалийнхаа унаган төрхийг сэргээж, ирээдүй хойч үеэ эрүүл орчинд итгэл төгс, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь хүн төрөлхтний эрхэм үүрэг байх учиртай.

Учир нь эх байгаль, эрүүл хөрс бол хүн төрөлхтний оршин тогтнохуйн баталгаа, хоол хүнс, усны нөөц, ахуй амьдрал, тогтвортой хөгжлийн үндэс суурь юм. Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл байх болно.

Иймээс цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг зөвхөн байгаль орчны асуудал хэмээн ойлгох бус, харин хүнсний хангамж, аюулгүй байдал, усны нөөц, хүн төрөлхтний амьжиргаа, тогтвортой хөгжил, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалтай уялдуулж цогцоор нь авч үзэх шаардлагатай юм. 

Нэгдсэн хүчээр эх байгалиа сэргээж, нэгэн зорилгоор итгэл найдвараа бадрааж, нэгдмэл хариуцлагаар илүү сайхан ирээдүйг бүтээцгээе.

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

Эрхэм хүндэт зочид оо,

Манай дэлхийн нийт газар нутгийн 40 гаруй хувь нь доройтож байгаа нь дэлхийн 3 тэрбум гаруй хүний ахуй амьдрал, амьжиргаа, хүнсний хангамж, усны нөөцөд сөргөөр нөлөөлөн дэлхийн эдийн засаг 2050 он гэхэд 23 их наяд ам. долларын алдагдал хүлээх эрсдэл үүсээд байгааг олон улсын байгууллагууд анхааруулж байна.

Ялангуяа хуурай болон хагас хуурай бүс нутгийн улс орнууд, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ард иргэд, малчид, тариаланчид, эмэгтэйчүүд, залуучууд, хүүхдүүд цөлжилт, газрын доройтлын сөрөг нөлөөнд нэн тэргүүнд өртөж байна. Далайд гарцгүй, хуурай болон хагас хуурай бүсэд оршдог Монгол Улс ч уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын сөрөг үр дагаврыг өдөр тутмын амьдралдаа мэдэрсээр байна.

Манай улсын 1.56 сая хавтгай дөрвөлжин километр өргөн уудам нутаг дэвсгэрийн дийлэнх хэсэг газрын доройтол, цөлжилтийн нөлөөнд өртөөд байгаа нь зөвхөн байгаль орчин төдийгүй эдийн засаг, хүнсний хангамж, аюулгүй байдал, иргэдийн амьжиргаа, нүүдлийн өв соёлын тогтвортой байдалд шууд сөргөөр нөлөөлж байна.

Монгол Улс нь дэлхийд үлдсэн хамгийн том сэрүүн бүсийн хээрийн экосистемүүдийн нэгийг өвлөн хамгаалж ирсэн орон юм.

Монголчууд бидний олон мянган жилийн туршид өвлөн уламжилж ирсэн нүүдэлчин ахуй нь эх байгальтайгаа зүй зохистой шүтэлцэн амьдарч, онгон дагшнаар нь хадгалан хамгаалах хандлага сэтгэлгээ, арга ухааны цогц билээ.  

Тиймээс Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2005 онд гаргасан тогтоолд Монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлсэн төдийгүй “Монголчуудын соёл иргэншилд уламжлагдан ирсэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах ёсны ач холбогдол өнөөгийн дэлхий ертөнцөд улам бүр өсөн нэмэгдэж буйг онцолж байна” хэмээн цохон тэмдэглэсэн байдаг.

Өнөө цагт Монголчууд бид энэхүү өв соёл, эх дэлхийтэйгээ шүтэлцэн амьдарч ирсэн уламжлалт мэдлэг, туршлагаа дэлхий дахинаа хуваалцаж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх байдлыг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Сансрын технологи, дрон, зайнаас тандан судлал, хиймэл оюун, их өгөгдөл, цахим технологийн хөгжил нь газрын доройтол, цөлжилт, гангийн эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх, газрын нөхөн сэргээлтийн үр дүнг бодит цаг хугацаанд хянах өргөн боломжийг нээж байна.

Тиймээс Монголчууд бидний байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах уламжлалт мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаан, технологи, инновацтай хослуулах нь газрын тогтвортой менежмент, экосистемийн тэнцвэрт байдал, хүн төвтэй хөгжлийн чухал шийдлийг олоход зохих хувь нэмрээ оруулна хэмээн бид үзэж байна.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Монгол Улс цөлжилт, газрын доройтол, гангийн сөрөг нөлөөг бодитоор мэдэрч буй орны хувьд эх байгалиа хамгаалах дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтад өөрийн хувь нэмрээ оруулсаар ирлээ.

  • Энэ хүрээнд Монгол Улс газрын нөхөн сэргээлт, ойн санг нэмэгдүүлэх, хөрс, ус, бэлчээрийн хамгаалал, хүнсний хангамж, аюулгүй байдал, хөдөөгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Цэнхэр алт”, ”Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний бодлого, санаачилгуудыг амжилттай хэрэгжүүлж байна.
  • Манай улсын хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тарьж, ургуулах ажил бус, харин цөлжилт, газрын доройтлыг сааруулах, газрын нөхөн сэргээлтийг өргөжүүлэх, ойн санг нэмэгдүүлэх, хөрсний үржил шим, усны нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх үндэсний хэмжээний цогц санаачилга юм.
  • Мөн Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 2026  оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон тэмдэглэх болсон бөгөөд энэ хүрээнд бэлчээрийн экосистемийн үнэ цэн, малчдын амьжиргаа, хүнсний тогтолцоо, биологийн олон янз байдал, нүүдэлчдийн соёлын өвийн асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах боломж бүрдэж байна.

Энэ хүрээнд нүүдлийн мал аж ахуйн өнө эртний түүхэн уламжлалтай манай улс Даян дэлхийн малчдын чуулга уулзалтыг санаачлан хэдхэн хоногийн өмнө эх орондоо амжилттай зохион байгуулсан бөгөөд тус чуулга уулзалтад 57 улсын 400 орчим малчид оролцож, санал бодлоо хуваалцаж, асуудал, шийдлээ хэлэлцэн, Улаанбаатарын тунхаглал баримт бичгийг баталлаа.

Тус чуулга уулзалтаас гаргасан Улаанбаатарын тунхаглалыг Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд хүргүүлээд байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Монгол Улс Даян дэлхийн малчдын чуулга уулзалтаас гарсан тунхаглал, шийдвэр, санаачилгуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө бүхий л оролцогч тал, түншүүдтэй идэвхтэй хамтран ажиллах болно.

Түүнчлэн НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш энэ жилийн Дэлхийн цөлжилт, гантай тэмцэх өдрийг тохиолдуулан гаргасан илгээлтдээ “Дэлхийн газар нутгийн тал хувийг эзэлж, 2 тэрбум хүний ахуй амьдрал хамаардаг бэлчээрийн 50 хувь нь доройтсон буюу доройтож эхэлсэн” талаар цохон дурдаж, эрүүл хөрс, усны нөөц, биологийн олон янз байдал, хүнсний тогтолцоо, соёлын өвийн асуудалд анхаарал хандуулж, бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээхийг уриалсныг Та бид мэдэж байгаа.

Тэгвэл Талуудын 17 дугаар бага хурлыг даргалагч улсын хувьд Монгол Улсын санаачилсан “Тал хээрийн санаачилга” нь “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга”, “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга” гэсэн харилцан уялдаа холбоо бүхий гурван тэргүүлэх чиглэлд тулгуурлаж байна.

Эдгээр чиглэл нь цөлжилт, газрын доройтлыг бууруулах, бэлчээрийн экосистемийг хамгаалах, ус, газрын нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх, байгальд түшиглэсэн хөгжлийн шийдлүүдийг түгээн дэлгэрүүлэх, улмаар тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой юм.

Түүнчлэн газрын тогтвортой менежмент нь усны аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээтэй салшгүй холбоотой гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сан болон Бүх нийтийг ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах түншлэлээс хэрэгжүүлж буй “Ус ба ариун цэврийн байгууламжийн төлөөх Төрийн тэргүүнүүдийн санаачилга”-ыг Монгол Улс өндрөөр үнэлж, бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлье.

Монгол Улс энэхүү чухал санаачилгын хүрээнд яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг урагшлуулахад идэвхтэй дэмжиж оролцох болно.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Улаанбаатар хотноо болж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал нь 2026 онд зохион байгуулагдах Риогийн гурван конвенцын Талуудын бага хурлын эхнийх гэдгээрээ онцлог юм.

Иймээс газар, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг тус тусад нь бус, харилцан уялдаатай нэг цогц бодлого, нэг цогц үйл ажиллагаа, нэг цогц хөрөнгө оруулалт хэмээн авч үзэх нь чухал байна.

Монгол Улс олон талт хамтын ажиллагаа, НҮБ-ын тогтолцоо, олон улсын эрх зүй, харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, тэгш оролцоо, нийтлэг хариуцлагад суурилсан дэлхийн хамтын шийдлийг тууштай дэмждэг. Тиймээс Монгол Улс энэхүү бага хурлыг геополитикийн сөргөлдөөн, харилцан адилгүй байр суурьтай талуудын маргааны талбар бус, харин Конвенцын зорилго, хэрэгжилтийг ахиулах олон талт хамтын ажиллагааны чухал индэр байлгахыг зорьж байна.

Даргалагч улсын хувьд бид бүх талын дуу хоолойг сонсож, ялгаатай байр суурийг хүндэтгэн, зөвшилцөлд суурилсан, нээлттэй, ил тод, хүртээмжтэй хэлэлцээг тууштай дэмжин ажиллах болно.

Цөлжилт, газрын доройтлыг зөвхөн бууруулах бус нөхөн сэргээхийн төлөө ажиллах, гангийн асуудлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрт сэрэмжлүүлэх, зохистой хариу арга хэмжээ авах зэрэг эрсдэлийн цогц удирдлагын тогтолцоог төгөлдөршүүлэн хөгжүүлэх нь нэн чухал байна.

Мөн газар ашиглалт, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, хүнсний тогтолцоог салангид бус, нягт уялдаа холбоонд авч үзэж, шинжлэх ухаан, уламжлалт мэдлэг, орон нутгийн туршлагад суурилсан бодлого хэрэгжүүлэхийн ач холбогдлыг цохон тэмдэглэж байна.

Хөгжиж буй болон хуурай, гандуу бүсийн орнуудын өмнө тулгарч буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтыг чиглүүлж, санхүүжилт, технологи, чадавхыг нэн хэрэгцээтэй улс орон, бүс нутаг, иргэдэд хүргэх шударга тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй байна.

Тиймээс буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалтыг газрыг нөхөн сэргээх, гангийн тэсвэржилт, тогтвортой амьжиргаанд илүү өргөнөөр чиглүүлэхийг олон улсын санхүүгийн байгууллагууд, хөгжлийн түншүүд, хувийн хэвшилд уриалж байна.

Түүнчлэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хянах бүхий л шатанд малчид, тариаланчид, орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, залуучууд, хүүхдүүд, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн оролцоог хангах нь шударга, үр дүнтэй, нээлттэй, тогтвортой шийдлийн үндэс суурь юм.

Энэ хүрээнд Монгол Улс  "Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо" үндэсний форум зэрэг олон арга хэмжээгээр дамжуулан олон нийтийн оролцоо, залуучуудын идэвхийг нэмэгдүүлж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын “Business 4 Land” санаачилгатай уялдуулан газрын тогтвортой менежмент, хөрөнгө оруулалт, инновац зэрэг чиглэлийн хамтын ажиллагаанд хувийн хэвшлийг татан оролцуулахыг зорьж байна.

Цөлжилт, газрын доройтол, ган хуурайшилд хана хэрэм, хил хязгаар үйлчилдэггүйг Та бид мэднэ.

Элсний нүүдэл, шороон шуурга, усны хомсдол, хүнсний хямрал, экологийн доройтол нь нэг улс орны асуудал бус, бүс нутаг, дэлхий нийтийн нийтлэг сорилт, зовлон бэрхшээл юм.

Тиймээс энэхүү сорилт бэрхшээлийн эсрэг бидний авах хариу арга хэмжээ ч мөн адил нэгдмэл, уялдаа холбоотой, урт хугацааны, тогтвортой, харилцан бие биеэ дэмжсэн байх ёстой.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хорогдол нь хүн төрөлхтний амьдралд аюулын харанга дэлдэж, эх дэлхийн оршин тогтнохуйд түгшүүрийн дохио хангинуулж байна.

Хэрвээ бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий арга замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно.

Тиймээс энэ удаагийн бага хурал нь мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх бодит алхмыг эхлүүлсэн түүхэн чухал бага хурал байх учиртай.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлаар сорилт, бэрхшээлийг зөвхөн хэлэлцээд орхих бус, тэдгээрийн шийдлийг хамтдаа тодорхойлж, энх тайван, ногоон ирээдүйн төлөө бодит шийдвэр, үр дүн гаргана гэдэгт итгэл төгс байна. Энэхүү бага хурлыг манай эх оронд амжилттай зохион байгуулахад бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Нэгдсэн Үндэстний Байгууллага болон оролцогч талууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, эх дэлхий маань энх амгалан, шим мандал маань ширгэшгүй арвин байж, ирээдүй хойч үедээ өвлөгдөн үлдэх болтугай.

Та бүхнийг өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны ариун гал голомт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай морилохыг урьж байна.

Хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

У.Хүрэлсүх: Бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий арга замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно8 сар 24. 10:13"COP17"-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна8 сар 21. 15:13Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ8 сар 20. 14:01“Даян дэлхийн малчдын чуулган” Улаанбаатар хотод боллоо8 сар 14. 15:35“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ8 сар 14. 11:06Ногоон дугаартай тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй8 сар 14. 11:00Тэгш, сондгой дугаараар болон 50 мянган төгрөгийн хязгаартай шатахуун олгох зохицуулалтыг бямба гарагаас цуцална8 сар 12. 16:46Монгол Улсын нийт газар нутгийн 81 хувь нь цөлжилтөд өртсөн8 сар 12. 15:15Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 15:13Нийслэлээс худалдаа үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан 103 бүртгэлийг цуцлав8 сар 12. 10:29Цэцэрлэгийн бүртгэл 23-ныг хүртэл үргэлжилнэ8 сар 12. 10:25Гаалийн улсын байцаагч нарын холбогдсон 11 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ8 сар 12. 10:20“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив8 сар 12. 9:22У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай8 сар 10. 16:16COP17 хурлын үеэр цахимаар бэлтгэл базаах 73 цэцэрлэг, 60 сургууль8 сар 4. 10:29ШАТАХУУН ОЛГОХ ТҮР ХУВААРЬ8 сар 3. 17:28Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов7 сар 31. 14:53НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа7 сар 30. 15:22Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төв 350 сая төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн автомашинтай боллоо7 сар 22. 22:20Тажикистаны уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолтоо толилууллаа7 сар 21. 10:29Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:52Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим албан хаагч оролцлоо7 сар 11. 9:47Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ7 сар 8. 15:44“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ7 сар 8. 15:41Хаврын чуулганаар 263 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэв7 сар 6. 16:14Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ7 сар 6. 15:02Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ7 сар 6. 14:57Үндэсний их баяр наадмын хөтөлбөр7 сар 3. 11:11Монголын гадаад харилцааны “ Их хөдөлгөөн”7 сар 2. 18:03Долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт бүх нийтээр амарна7 сар 1. 15:50ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ7 сар 1. 15:22Сангийн сайд З.Мэндсайхан: Таван удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ7 сар 1. 15:21"Энэ жил бид Оюутолгойгоос ноогдол ашиг авна"7 сар 1. 9:29Рио Тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон, АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямтай уулзлаа6 сар 30. 15:32Төрийн аудитын байгууллагаас 2027 онд гүйцэтгэх аудитын сэдэв болон төсвийн төслийг хэлэлцүүллээ6 сар 30. 13:25Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана6 сар 30. 13:19Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол болно6 сар 30. 10:57Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд “Рио Тинто”-той хэлэлцээр хийнэ6 сар 30. 10:27Эрчим хүчний салбарынхан ажил хаях уу6 сар 30. 9:33Монголд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 1000 амьд төрөлтөд 13.6 байна6 сар 29. 16:26
 Facebook Twitter Youtube