Энэ мэдээ хуучирсан буюу 2022-02-11 нд нийтлэгдсэн байна.

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон

2/ 11/ 2022    7 цаг 10 минут

“Бидний нэг” контентын энэ удаагийн дугаарт олон сайхан ээжийн дүрийг дэлгэцийн уран бүтээлд мөнхөлсөн МУСТА, жүжигчин Бямбаагийн Ганхүү оролцлоо. Тэрбээр уран бүтээлээ 50 жил тасралтгүй хийж яваа бөгөөд олон зуун шавь нарыг төрүүлжээ.

-Б.Ганхүү жүжигчнийг олон зуун ээжийн дүр бүтээснээр нь хүмүүс андахгүй сайн мэднэ. Гэхдээ та өөрийнхөө талаар танилцуулахгүй юу?

-Олон түмэн та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье ээ. Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлэв үү. Би Ховд аймгийн Чандмань сумын Шуурай гэдэг газар төрсөн. Хүүхэд залуучуудын театрт жүжигчин хийж байсан. Дараагаар нь Соёл урлагийн их сургуульд багшаар ажилласан. Ерөнхийдөө улсад тавиад жил тасралтгүйгээр ажиллажээ. Ажилчин ангийн малчин хүний хүүхэд болохоор ч тэр юм уу, би ер нь түмнийхээ дунд байх дуртай. Нэг их мундаг явах юм сан гэж боддоггүй. Муу явахгүй юм сан, дундуур нь л гэж боддог. Сэтгэл зөвтэй хүнд л би их дуртай. Сагсуураад онгироод янз янзын ааш гаргадаг хүнд тийм ч дуртай биш ээ. Харин тайзан дээр ямар дүр бүтээх ёстой, надад ямар дүр оногдон тэрийг би чадах ёстой, заавал... Амьдралдаа бол би мэдэгдэхгүй ингээд л түмнийхээ дунд явахдаа дуртай байдаг. Бид адилхан л хүн шүү дээ. Онцгойроод байх юу байх вэ.

-Эцэг эхийнхээ талаар ярихгүй юу?

-Манай аавыг Чадраабалын Шарав гэдэг. Ээжийг н.Аюуш гэдэг юм. Ховд аймгийн Чандмань сумын малчин улсууд байсан юм. Миний аав Ч.Шарав 1939, 1945 оны Эх орны дайнд оролцож явсан. Зургаадугаар дивизэд их бууны научик байсан. Бүр шархтаж явсан тийм мундаг хүн. Монголын төлөө цусаа урсгаж явсан мундаг дайчин эцэгтэй хүн шүү дээ, би. Бахархмаар тийм сайхан аавын охин л доо. Би чинь дээрээсээ гурав дахь охин нь. Таван охинтой айлын дунд талынх нь охин байхгүй юу. Намайг 3 нас хүрэхэд манай ээж өөрийнхөө төрсөн дүү Ичинхорлоодоо өргүүлсэн юм. Би чинь хоёр сайхан аавтай, хоёр сайхан ээжтэй өссөн их азтай хүн шүү дээ.

-Урлагийн замыг сонгох болсон түүхээсээ хуваалцахгүй юу?

-Хүүхэд байхдаа дугуйланд их явдаг байсан. Сургуулийнхаа концертод их оролцдог байсан. Дуулна, бүжиглэнэ концертоо хөтөлнө. Мандалин дарна. Энэ бүхэн маань л урлагийн зам сонгох суурь болсон байх даа.

 Би чинь Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын ангид жүжигчний мэргэжил эзэмшсэн хүн. Манай ангиас чинь олон сайхан жүжигчид бий л дээ. Тахар Бадарч гээд Тунгалаг тамирт тоглодог шүү дээ. Тэр хүн найруулагчийн мэргэжлээр төгсөж байсан. Д.Цээнямбуу гээд мундаг алдартай жүжигчин бас манай ангийг төгсөж байсан. Яг өнөөдөр байгаа жүжигчид гэвэл Ардын жүжигчин Г.Равдан байна. Гавьяат жүжигчин Т.Цэмпилмаа байна. За тэгээд хүүхэлдэйн жүжигчин хийж байсан н.Долгор гэж бий. Тэгээд л урлагийн олон сайхан байгууллагуудад ажиллаж байгаа уран бүтээлчид байгаа.

-Ажлын гараагаа хэрхэн эхэлж байв?

-Миний ажлын гараа Хүүхэд залуучуудын театраас эхэлсэн. Театрт би нэлээн олон гол дүр хийсэн хүн шүү дээ. Ихэвчлэн хүүхдийн жүжиг тоглоно оо. Гэхдээ бүх л жүжигт тоглоно. Яг энэ Улсын драмын эрдмийн театр шиг шүү дээ. Манай хоёр театр зэрэгцэж явж байсан. Тэгэхдээ эмэгтэй хүн эрэгтэй хүүхэд болох чинь бас нэлээн явдалтай. Дуу хоолой, харц хөдөлгөөн одоо юу байдаг юм, тийм ээ. Нэлээн зовж бүтээдэг. Тийм болохлоороо би тэр эрэгтэй хүүхдүүдийн дүрд ажиллаж байсандаа их хайртай ч байдаг юм. Бас л хөөрхөн зовж хийж байсан дүрүүд байхгүй юу. “Миний чин зоригт бяцхан найз” гэж хөөрхөн жүжиг байдаг юм. Тэр үеийн хүүхдүүд бол мэднэ л дээ. Тагнуулч эрэгтэй туулайн тухай. Тэр их хөөрхөн дүр байсан. Би их хайртай. Тэр жүжиг маань Бүгд Найрамдах ардчилсан Герман улсын гурван хотод тоглогдож, хүүхдүүдийн талархлыг хүлээж байсан, тийм жүжиг байхгүй юу.

-Та хэчнээн уран бүтээл дээр ажилласан байна вэ? 50 жил тасралтгүй уран бүтээл хийсэн байна шүү дээ.

 -Би дэлгэцийн уран бүтээлд, кинонд наяад уран бүтээлд оролцсон. Гэхдээ гол дүр цөөхөн юм л даа. Ихэвчлэн хоёрдугаар дүр юм уу, бас бус хавсарсан дүрүүдэд тоглох юм. Наяад киноны дүр бий.

-Таныг бас маш олон шавьтай гэж мэдэх юм байна.

- Би олон оюутнуудад хичээл зааж байсан. Хоёр, гурван зуугаад шавьтай. Яг анги дааж төгсгөсөн гэх юм бол Guys-ийн ангийнхан. Ардын жүжигчин Жигжидсүрэн багштайгаа нийлээд тэр хүүхдүүдийн ангийнх нь багш, мэргэжлийнх нь багшаар ажилласан. Хамгийн анхны шавь нар минь байхгүй юу. Тэгээд тэд нар минь сайн яваа, сайхан яваа.

Соёл урлагийн их сургууль анх удаа хөгжимт театрийн жүжигчний анги гэж авсан байхгүй юу. Тэнд би бас мэргэжлийнх нь багшаар, ангийнх нь багшаар ажилласан юм. Энэ залуучуудыг чинь манай сургууль их гоё бэлдэж гаргасан юм шүү дээ. Хөгжмийн өндөр мэдлэгтэй, нотны мэдлэгтэй, дууны хичээл бүр циркийн хичээлүүд ордог. Жүжигчин Г.Отгонцэцэг, A capella, топ модель Д.Пүрэвсүрэн гээд олон сайхан төгсөгчид байдаг. Одоо манай хүүхдүүд бүгд мундаг явж байгаа шүү дээ. Мэргэжилдээ үнэнч их сайхан. Зарим нь багшилж байна. Сайхан сайхан уран бүтээлүүд хийж байна. Хэчнээн олон сайхан кинонуудыг хийж, тэнд гол дүрүүдийг бүтээж байна аа. Шавь нараа харахаар маш их хүч авдаг. Кинонуудыг нь хараад л амьдрах итгэлд минь нэмээд л, хүч нэмээд л, баярлаад л явдаг хүн би.

-Шавь нартайгаа хамтран олон уран бүтээл дээр ажилласан харагддаг. Энэ талаар сонирхуулаач?

-СУИС-ийг төгссөн олон хүүхдүүдтэй нийлж олон уран бүтээлд орсон. Шавь нар багшаа нэг тийм юманд ороод өгөөч гээд урина. За тодоос тод санахад манай ангийг төгссөн Б.Гантулга гээд мундаг найруулагч байна, Үндэсний телевизэд. Тэр найруулагч Б.Гантулга хүү маань “Огцом эргэлт” гээд Үндэсний телевизийн гучин ангит кино хийв ээ. Тэнд нэг ээжийн дүрд, гол дүрд нь тоглосон. Гайсийн ангийнхны “Сайн байна уу амьдрал минь” УСК байна. Тэгээд төгссөн олон олон найруулагчийн анги төгссөн хүүхдүүд, олон сайхан уран бүтээлд урьсан. Тэрэнд нь тоглоод л, тоглоод л, явж байна. Тасралтгүй л тоглож байна. 2021 онд чинь арваад кинонд тоглочихлоо шүү. Үзэгдэж байгаа нь цөөвтөр л юм даа. Сериал энэ тэр чинь. Гэхдээ л жүжигчнийхээ ажил хийгээд л явж байгаа байхгүй юу. Тэр нь сайхан. Хүүхдүүдтэйгээ уран бүтээл хийх сайхан.

-Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу, хүүхдүүдээс чинь таны мэргэжлийг өвлөж авсан хүн бий юу?

-Манай өвгөн чинь Сэлэнгэ аймгийн хүн байгаа юм. Бямбын Пүрэв гэж бий. Хөдөө аж ахуйн их сургуульд 60-аад жил  багшилсан доктор, профессор хүн. Сая манай өвгөн “Алсын хараа 2050”  гэж гарлаа шүү дээ. Тэнд манай өвгөн газар тариалан хөдөө аж ахуйн талын бүх тооцоог хийсэн шүү дээ. Энийг бас хэлчихмээр байна. Өвгөнөөрөө би бас бахархаж явдаг юм. Би хоёр хүүтэй. Нэг хүү маань Соёл урлагийн их сургуульд 20-оод жил багшилсан. Зураач мэргэжилтэй. Олон сайхан зураач шавь нарыг төрүүлсэн. Манай бага хүү Отгонтэнгэр их сургуульд бас багшилдаг юм. Багшийн гэр бүл шүү дээ. Миний охин харин эдийн засагч байсан шүү.

-Уучлаарай, охиндоо зориулж уран бүтээл хийсэн гэж байсан. Энэ талаар дурсаж болох уу?

-Би охиноо ярихаар уйлах гээд байдаг шүү дээ. Би гурван хүүхэдтэй л дээ. Дундах нь охин байсан юм. Охин минь тэнгэрт хальсан л даа. Охиндоо зориулаад нэг сайхан уран бүтээл хийх юмсан гээд л бодоод явдаг байхгүй юу. Би өөрөө уран бүтээлч хүн, ээж хүн юм чинь. Тэгээд л бодож явж байгаад охиндоо зориулж хоёр кино хийсэн шүү. Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг байхгүй юу. Их сайхан залуудаа, хорин тавхан насандаа явсан болохоор охиныгоо залуу насыг ч их бодно. Уран бүтээл хийх юм сан тэгж л нөгөө суварга гэдэг юмыг босгоё доо. Өөр ч би яах ч билээ дээ гэж бодоод. Тэгээд л кино хийх гэхээр нөгөө эдийн засаг байхгүй шүү дээ. Мөнгө төгрөг байхгүй. Тэгээд мундаг шавь, нөгөө хөгжим театрын ангийн төгсөгч Бандицэрэндээ хэлсэн юм. Багш нь охиндоо зориулаад кино хиймээр байна аа. Би яг нэг ийм л юм бодоод байна. Миний хүү чи багшдаа зориулаад энийг цаасан дээр буулга. Чи бичээч, өөрийнхөө санааг нэмье гээд. Тэгээд л хоёулаа киногоо амжуулах ажилдаа орсон доо. Соёл урлагийн их сургуулийн төгсөгчид их тус болсон. Бүх шавь нар маань дэмжиж тоглож өгсөн.

Миний охин чинь АПУ-д ажиллаж байсан. АПУ-ийн сайхан хамт олон чинь их тусласан. Киноны ихэнх зургийг бас тэнд авсан. Манай Энхтүвшингийн ээж нь кино хийх гэж байгаа юм байна аа гээд нөгөөдүүл чинь уйлна аа, бүгдээрээ уйлна. Уйлж сууж байгаад л бүгдээрээ туслахаар болоод кино зургийг нь авсан шүү дээ. “Хувь заяаны тойрог” гэдэг кино. Хүний сайхан сэтгэл итгэлийг л би түлхүү харуулахыг тэр киногоор харуулахыг оролдсон.

-Өнөөдрийн энэ нийгмийг хараад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Миний хамгийн их сэтгэл өвдөж явдаг зүйл бол энэ улсууд их шүүмжилж ярих юм аа. Шүүмжлээд л муу хэлээд байх юм. Бүр хэлэх хэлэхгүй муухайгаар шүүмжлээд бичээд байх юм, тэр фэйсбүүк энэ тэр гэдэг юмаар. Тэгээд одоо ер нь ингэмээргүй л байх юм. Бие биенээ хайрлахгүй, муухайгаар ярих юм даа. Энэ бол тун аймшигтай.

-Тэдэнд хандаж хэлэхийг хүсдэг үг байгаа байх. Танд тэр боломжийг олгож байна.

 -Ном гэдгээс чинь л бид нар их үлгэр авч хөгжсөн юм шиг шүү дээ. Уншмаар л байх юм. Өнөө үеийн хүүхдүүд ерөөсөө уншихгүй юм даа. Гар утас хараад байх юм. Гар утас харах номын хуудас унших чинь хоёр өөр л байдаг юм даа. Их уншмаар байх юм. Тэгээд юмыг их сайхан нухацтай уучилж л бодмоор байх юм. Тийм ариун нандин хүнлэг тал л жоохон дутагдчих вий дээ. Өнгөцхөн байх вий дээ. Хүүхдүүд минь тэсвэр тэвчээргүй болчих вий дээ гэж л ингэж жоохон сэтгэл эмзэглэдэг юм даа.  Амьдрал чинь өөрөө тэмцэл болохоор тэмцэж л сайхан амьдарч сайхан явна шүү дээ, хүний дайтай. Ингэж л хэлэх байна.

-Ярилцсан танд баярлалаа.

-За, Монгол түмэн минь эрүүл байж сайн сайхан амьдарцгаагаарай гэж ерөөе дөө.

Г.Лхагва

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

ШАТАХУУН ОЛГОХ ТҮР ХУВААРЬ8 сар 3. 17:28Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов7 сар 31. 14:53НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа7 сар 30. 15:22Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төв 350 сая төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн автомашинтай боллоо7 сар 22. 22:20Тажикистаны уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолтоо толилууллаа7 сар 21. 10:29Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:52Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим албан хаагч оролцлоо7 сар 11. 9:47Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ7 сар 8. 15:44“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ7 сар 8. 15:41Хаврын чуулганаар 263 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэв7 сар 6. 16:14Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ7 сар 6. 15:02Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ7 сар 6. 14:57Үндэсний их баяр наадмын хөтөлбөр7 сар 3. 11:11Монголын гадаад харилцааны “ Их хөдөлгөөн”7 сар 2. 18:03Долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт бүх нийтээр амарна7 сар 1. 15:50ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ7 сар 1. 15:22Сангийн сайд З.Мэндсайхан: Таван удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ7 сар 1. 15:21"Энэ жил бид Оюутолгойгоос ноогдол ашиг авна"7 сар 1. 9:29Рио Тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон, АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямтай уулзлаа6 сар 30. 15:32Төрийн аудитын байгууллагаас 2027 онд гүйцэтгэх аудитын сэдэв болон төсвийн төслийг хэлэлцүүллээ6 сар 30. 13:25Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана6 сар 30. 13:19Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол болно6 сар 30. 10:57Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд “Рио Тинто”-той хэлэлцээр хийнэ6 сар 30. 10:27Эрчим хүчний салбарынхан ажил хаях уу6 сар 30. 9:33Монголд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 1000 амьд төрөлтөд 13.6 байна6 сар 29. 16:26545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ6 сар 29. 16:10ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:51ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:39СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:3162 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:21УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:11ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:35БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:27БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:26МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:18158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:07СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:58САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:51ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 13:24УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 13:22
 Facebook Twitter Youtube