Ховор бүлгийн цустай монгол хүн цөөнгүй бий

Өнөөдөр “Бишрэлт” зочид буудалд “Шанхайн цусны төв” болон “Монголын цус судлалын үндэсний төвийн хамтарсан “Азийн ховор цусны бүлэг” сэдэвт семинар болж өнгөрлөө. Тус семинар нь ховор бүлгийн цусны донорын нөөцтэй болох цаашлаад Азийн орнуудтай хамтран ажиллах эхлэл олж байгаа юм.

Дэлхийд 100 гаруй төрлийн цусны бүлэг байдаг гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ тогтоосон байна. Харин Монголд ховор бүлгийн цусыг оруулан тооцвол найман төрлийн цусны бүлэг байдаг гэдгийг одоогоор нээгээд байгаа ажээ. Монголчуудын 70 гаруй хувь нь А, В бүлгийн эерэг цустай бол 0.6 хувь нь сөрөг буюу ховор төрлийн цустай гэж тогтоогджээ. Ховор бүлгийн цустай хүмүүс Монголын баруун аймгуудад түлхүү байдаг гэнэ. Гэтэл зүүн бүсийн Дорнод аймагт л гэхэд ховор бүлгийн цустай хүн бараг байдаггүй аж.

Энэ жил “Монголын цус судлалын үндэсний төв” -180 градуст цусыг хөлдөөж 10 жилийн турш хадгалах чадвар бүхий төхөөрөмжийг оруулж ирсэн байна. Ингэснээр ховор бүлгийн цусны нөөцтэй болох цаашлаад цусны бүлгийг илүү нарийвчлан судлах боломжтой болсон гэдгийг “Монголын цус судлалын үндэсний төв”-ийн захирал Н.Эрдэнэбат хэллээ.