Ц.Гарамжавын байрыг хураах уу?

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын удирдаж байсан компани Хөгжлийн банкнаас 111 тэрбумын зээл авсан боловч зээлийн эргэн төлөлтөө хойшлуулсан, төлөлт бүрэн хийгээгүй аж. Энэ тухай УИХ-ын гишүүн З.Нарантуяа онцолсон юм. Тэгэхээр Ардчилсан нам засаг толгойлж байх үедээ түүний бизнесийн төсөлд итгэл хүлээлгэж дэмжсэн нь харагдана. Гэтэл тэрээр ард түмний итгэл найдварыг хүлээж төрд гарсан ч ийнхүү удирдаж байсан өөрийнх нь хувийн компани төрөөс авсан зээлээ төлөлгүй хугацаагаа хойшлуулж, луу унжсаар байгаа нь харамсалтай.

Хөгжлийн банк бол төрийн нэрийн өмнөөс олон улсын зах зээлээс хөрөнгө босгодог байгууллага. Нэг үгээр хэлбэл та бидний татварын мөнгийг барьцаалан гаднаас мөнгө татдаг гэсэн үг. Гэтэл ийм газраас Зээлийн хорооны ямар ч дүгнэлтгүй эрхэм хатагтайд 111 тэрбум төгрөгийн зээл өгсөн нь асар их “итгэсэн”-ийх.

Бизнесийн байна уу, байрны байна уу, зээл л бол зээл. Тиймээс төлөлт хийх цаг хугацаандаа төлбөрөө төлөх л ёстой. Эс тэгвээс алданги тооцож, улмаар зээл нь хаагддаг. Ганцхан жишээгээр тайлбарлах гээд оролдоё. Иргэн н.Дорж байраа барьцаанд тавиад бизнесийн зээлд хамрагдсан гэж үзье. Тэрээр зээлийн төлөлтөө 2 ч удаа хойшлуулах ямар ч боломжгүй. За яахав хойшлууллаа, төлөлгүй бултлаа гэж бодоход түүний зээлийг нэн даруй хааж, байрыг нь хураана. Тэгэх ч ёстой юм. Учир нь зээл авагч этгээд ямар нэгэн тооцоо судалгаагүй, зээлээ эргэн төлж чадах эсэхээ мэдэхгүй байж зээл авахгүй шүү дээ.

Тиймээс Зээлийн хорооны ямар ч дүгнэлтгүйгээр Хөгжлийн банкнаас буюу ард түмний халааснаас 111 тэрбумыг зээлчихээд цаг хугацаанд нь төлөлтөө хийхгүй байгаа УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжавын барьцаа хөрөнгө, байрыг хураая. Энгийн иргэнийхийг бол хурааж л таарна.

Учир нь дээрх зээлийг авах үед нь тэрээр өөрийн компаниа удирдаж байсан.