Э.МАКРОН БОЛОН МАРИН ЛЕ ПЕН СОНГУУЛИЙН ХОЁРДУГААР ШАТАНД ӨРСӨЛДӨНӨ

Францын одоогийн төрийн тэргүүн Эммануэль Макрон болон хэт барууны “Үндэсний эв нэгдэл” популист хүчний төлөөлөгч Марин Ле Пен Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагийн шатанд өрсөлдөхөөр болжээ. Дөрөвдүгээр сарын 10-нд буюу өнгөрсөн ням гарагт болсон сонгуулийн үр дүнгээс харахад дээрх хоёр хамгийн өндөр санал авсан нь тодорхой байна. Францын Ерөнхийлөгчийнсонгуулийн хоёрдугаар шат энэ сарын 24-нд явагдана. Сонгуулийн төв хорооноос өчигдөр мэдээлснээр, саналын хуудсын 96 хувийг тоолсны дараа одоогийн төрийн тэргүүн сонгогчдын 27.41 хувийн дэмжлэгийн авчээ. Харин түүний гол өрсөлдөгч Марин Ле Пен 24.03 хувийн саналаар хоёрдугаарт бичигдлээ. Хэт зүүний үзэлтэй Жан-Люк Меланшоныг таван сонгогч тутмын нэг буюу 21.57 хувь нь дэмжсэн байна. Түүнчлэн социалистууд болон консерваторууд зэрэг уламжлалт намыг төлөөлсөн нэр дэвшигчид энэ удаагийн сонгуульд түүхэнд байгаагүй муу үзүүлэлттэй оролцлоо. Социалист намаас нэр дэвшсэн Парис хотын захирагч Анн Идальго 1.7, баруун төвийн Бүгд найрамдах намын нэр дэвшигч Валери Пекресс 4.75 хувийн санал авсан байна. Гуравт орсон Жан-Люк Меланшон Ням гарагт хэлсэн үгэндээ Э.Макроныг шууд дэмжээгүй ч, өөрийн дэмжигчдэд хандаж хоёрдугаар шатанд Ле Пенд санал өгөхгүй байхыг уриалжээ. Харин дөрөвт орсон нэр дэвшигч хэт үндсэрхэг, популист Эрик Земмур болохоор Ле Пенийг дэмжихээ илэрхийлжээ. Энэ удаагийн сонгуулийн ирц харьцангуй бага байсан гэдгийг социологчид онцлов. Оройн 17.00 цагийн үед сонгогчдын ирц 65 хувь байсан нь дөрвөн жилийн өмнөхөөс 4.5 хувиар бага үзүүлэлт аж. Сонгогчдын ирцийн түвшин 2017 оны сонгуульд 69.42, харин 2012 онд 70.59 хувь байсан аж. Энэ удаагийн сонгуулийн үр дүн таван жилийн өмнөхтэй их төстэй боллоо. Тэр үед мөн Э.Макрон болон Ле Пен сонгуулийн хоёрдугаар шатанд үлдсэн. Тухайн үед Э.Макрон ялна гэдэгтээ итгэл төгс байсан. Социологчдын үзэж буйгаар, энэ жилийн сонгууль 2017 оныхоос илүү өрсөлдөөнтэй болно гэнэ. Францын олон улсын радиогийн мэдээлснээр, 39 настайдаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон Эммануэль Макроны бүрэн эрхийн хугацаа хямралтай тогтворгүй үетэй давхацлаа. Тухайлбал, тэтгэврийн шинэчлэл хийхийг зөвшөрөөгүй “шар хантаазтнуудын” эсэргүүцэл, ковид-19-ийн цар тахал болон ОХУ Украин руу түрэмгийлсэн явдал Э.Макронд хүндхэнсорилт боллоо. Э.Макрон сонгуулийн эхний шат болохоос ердөө 40 хоногийн өмнө хоёр дахь удаагаа нэр дэвшихээ албан ёсоор зарласан. Тэрбээр “сонгуулийн сурталчилгааг өөрийн санаснаар хийж чадахгүй” хэмээн мэдэгдэж, ажил ихтэй байгаа учир бусад нэр дэвшигчидтэй халз мэтгэлцээн хийхээс татгалзсан аж. “Associated Press” агентлагийн бичсэнээр, инфляц, хүнс болон шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор сүүлийн үед Э.Макроны нэр хүнд буурсан гэнэ. Өмнө нь Москвад айлчилсан, зарим шинжээчид Кремлийг дэмждэг улстөрч гэж үздэг Марин Ле Пен ОХУ-ын Украин руу түрэмгийлснийг буруутгасан юм.