Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн галт тэрэг нэгэнт хөдөлсөн, З.Энхболд оо

Төмөр замын том төслүүдийг заналтайгаар гацаасан З.Энхболд гэнэт амь орж, фэйсбүүктээ Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын тухай пост оруулжээ. Муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг муу үгээрээ утаж, төмөр замаа ашиглалтад оруулаагүй юм чинь огцор гэсэн агуулгаар өдөөн хатгасан харагдав. Улсын хөгжлийг хурдасгах биш төмөр замаар танк орж ирээд Монголыг эзэлнэ гэж итгэдэг З.Энхболд том эндүүрчээ. Эсвэл мэдсээр байж мэдэн будилж, богино зайн улс төр хийх гэж ядаж байж магадгүй. Учир юу гэвэл, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын үндсэн ажил дуусчихсан. Энэ төмөр замаар Оюутолгойн зэсийн баяжмал ачсан анхны 50 вагон 3-р сарын 5-ны өдөр хөдөлсөн байдаг. Түүний дараа энэ сарын 11-нд 3200 тонн зэсийн баяжмал ачсан 50 вагон дахин тээвэр хийжээ. Өөрөөр хэлбэл, тус төмөр замаар Оюутолгойн ордын 6.4 мянган тонн зэсийн баяжмал анх удаа тээвэрлэгдэн Зүүнбаян хүрч, түүнээс цааш Замын-Үүдээр эскпортод гарчээ. Зүгшрүүлэх тээвэрлэлт аль хэдийнэ эхэлсэн гэж ойлгож болно. Энэ замыг тун удахгүй албан ёсоор нээх тов дуулдсан. Энгийнээр хэлбэл, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын хөдөлгөөнийг бол хэлсэн хугацаандаа эхлүүлчихсэн. Л.Халтар сайд Монголын төмөр зам ТӨХК-д ажиллах үеэрээ 2022 оны 3-р сарын 15 гэхэд хөдөлгөөнийг нээх зорилт тавьж ажиллана, ажил хариуцсан бүх хүн ингэж бодож зүтгэ гэж хэлсэн байдаг. Энэ салбараас төрсөн мэргэжлийн сайд хэлсэн амандаа ч хүрч. Төмөр замын хөдөлгөөнийг нээх, албан ёсоор ашиглалтад хүлээн авах хоёр бол ялгаатай ойлголт гэдгийг З.Энхболд эрхбиш мэдэх учиртай. Налайхын замын хөдөлгөөнийг нээгээд бүтэн жил болж байгаа, ашиглалтад энэ онд бүрэн хүлээж авах гэж байгаатай яг ижил шүү дээ. УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүн, тэр ч байтугай улсын нууц мэдээлэлтэй харилцдаг байсан З.Энхболд энэ зэргийг ойлговол ойлгох, мэдэх толгой. Гэхдээ улсын эдийн засгийг хүчирхэгжүүлэхтэй холбоотой, экспортыг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй тээврийг нэвтрүүлэх гэхээр хаанаас ч юм гарч ирээд олон нийтийг төөрөгдүүлж, гацааж зогсоох гэдэг нь даанч хачирхалтай. Сошиалаар шүлсээ үсчүүлэх амархан, харин төмөр зам бүтээн байгуулах бол амаргүй.