ҮЗХ-ны хурлаар тодрох АН-ын дараагийн дарга хэн бэ

Сонгуульд өвдөг шороодсон Ардчилсан намынхан алдаа, онооныхоо талаар одоо л ярилцах сөхөөтэй болж байна. Тус намыг шинэчлэх цаг нь болсон гэж олон нийт ч шүүмжилдэг намынхан нь ч ярьдаг. Харин АН-ынхан шинэчлэгдэх нь бүү хэл фракцуудынхаа тэмцэлд идэгдсээр өнөөдрийг хүрсэн нь сонгуульд амаараа шороо үмхүүлэх гол шалтгаан болсон гэж хэлж болно.

ҮЗХ-ны хурлаар тодрох АН-ын дараагийн дарга хэн бэ

        Сонгуульд өвдөг шороодсон Ардчилсан намынхан алдаа, онооныхоо талаар одоо л ярилцах сөхөөтэй болж байна. Тус намыг шинэчлэх цаг нь болсон гэж олон нийт ч шүүмжилдэг намынхан нь ч ярьдаг. Харин АН-ынхан шинэчлэгдэх нь бүү хэл фракцуудынхаа тэмцэлд идэгдсээр өнөөдрийг хүрсэн нь сонгуульд амаараа шороо үмхүүлэх гол шалтгаан болсон гэж хэлж болно.

Сонгуульд ялагдуулсан гол буруутнаар З.Энхболдыг тодруулж намын даргаасаа мулталсан ч хэн нэгнийг халж, солиод өнгөрөхөөс илүүтэй засч, сайжруулах шаардлагатай олон зүйл тус намд бий. Тиймээс тус намынхан болж бүтэхгүй асуудлуудаа болон намын шинэ даргыг томилох асуудлыг ирэх сарын арванхоёрдугаар сарын 6-нд Их хурлаараа шийдвэрлэхээр тов гаргажээ.

Уг Их хурлаас өмнө ҮЗХ-г энэ сарын 25-нд хуралдуулахаар товлоод байгаа ч тогоон дотроо дайтаж буй бужигнаантай үед ҮЗХ нь товлосон хугацаандаа, товлосон цагтаа хуралдана гэж найдахад бэрх. АН-ынхан энэ удаагийн хурлаар долдугаар сард хуралдахдаа хэлэлцэж амжаагүй намын дүрмийн шинэчлэлд санал авах, УИХ, аймаг, нийслэлийн сонгуулийн ялагдлын шалтгаанд үнэлэлт өгөх, орон нутгийн сонгуульд оролцох бэлтгэлийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа ч яг үнэндээ намын даргын төлөөх хурц дайн дэгдэх нь ойлгомжтой. Угаасаа ч АН-ын ҮЗХ-ын хурал ширүүн болдог. Одоо яригдаж байгаа магадлал өндөртэй гурван хүнээс гадна С.Эрдэнэ, Э.Бат-Үүл нарын нэр дуулдаж байгаа нь ҮЗХ-ны хурал халуухан, ширүүхэн болох дохио.

Одоо тус намын даргын ажлыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат түр орлож байна. Харин намын жинхэнэ даргаар хэн сонгогдож ирэх жилүүдэд АН-ыг удирдах нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. Иргэдийн дунд Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ, Лу.Болд, Х.Тэмүүжин нарыг намын даргад өрсөлдөнө гэсэн мэдээлэл байна. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх горилогчдоос УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Г.Батхүү нарын хэн нэг нь намын дарга болох магадлал өндөртэй байгаа гэх.

Магадлал өндөртэй гэх гурав ч даргын төлөөх марафоноо аль хэдийн эхлүүлсэн бөгөөд намын гишүүдтэйгээ хэсэгчилж уулзах хөдөө орон нутгаар явж намын анхан шатны нэгжүүдээр хурал, уулзалтуудыг хийж яваа сурагтай. Дайны хажуугаар дажин гэгчээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан ч даргын төлөөх тулаанд амбицтай хандаж хурал, уулзалтуудыг идэвхтэй өрнүүлж яваа.

Ирэх жилүүдэд Ардчилсан намыг удирдаж 2020 оны сонгуульд авч орох хариуцлагатай хүн дээрх гурван хүнээс сонгогдох магадлал тун өндөр байна. Намаа хүнд хэцүү үед удирдаж хариуцлагатайсайн ажиллан, зоригтойгоор алдаагаа засч чадвал дараагийн сонгуульд АН ялалт байгуулахад ойрхон байна. Ардчилсан намын даргаар сонгогдох магадлал бүхий дээрх гурван эрхмийн өнгөрсөн хийгээд ирээдүйн талаар таамаглахад ийм байна.

2020 оны ялалтын өнгийг Д.Эрдэнэбат тодорхойлох уу

Д.Эрдэнэбатыг МҮДН, Шонхор фракци зүтгүүлж байгаа гэх юм. Д.Эрдэнэбатын хувьд энэ жил хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдон ажиллаж байна. Өнгөрсөн дөрвөн жилд АН-ын бүлгийн дарга, Аж үйлдвэрийн сайдаар ажилласан. Өмнө нь  Багануур дүүргийн Засаг дарга. "Ноён" группын ерөнхий захирал. "Залуучууд зочид буудал"-ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан.  Гэхдээ Ардчилсан нам ялагдахад нөлөөлсөн шалтгаануудыг “Шонхор” болон МоАХ-ноос хайж байгаа нөхцөлд түүнийг намын дарга болгосноор Ардчилсан намын хэрүүл улам лавширч байдал улам хурцдаж магадгүй. Энэ тохиолдолд АН ирэх 2020 онд ялалт байгуулна гэж итгэхэд хэцүү. Өөрөөр хэлбэл 2020 оны сонгуулийн өнгийг ноён Д.Эрдэнэбат тодорхойлно гэхэд арай л эрт бас адармаатай.

Залууч, завсарын хүн

Лу.Гантөмөрийг “Нэг ардчилал”, “Алтангадас” фракцаас зүтгүүлж байгаа аж. Тус фракцаас нэр дэвших Л.Гантөмөр Ерөнхийлөгчийн хүчтэй дэмжлэгтэйгээр намын даргад өрсөлдөх магадлал тун өндөр байна.  Хэрэв УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр намын дарга болсон тохиолдолд тарж бутран, хэрүүлийн бай талбай болсон намынхаа нөхдүүдийг хурааж хумьж, нэгтгэн атгасан гар шиг болгож чадах уу гэдэг асуулт ургана. Хэдийгээр 2004-2008, 2008-2012, 2012-2016 онд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажилласан гэх туршлага бий боловч бүхэл бүтэн намыг авч явна гэдэг гишүүнээр, сайдаар ажиллахаар илүү ярвигтай. "Намын шинэчлэлийг залуучууд хийнэ"гэж ярьдаг болсон өнөө цагт нас зүсээрээ намын даргад тэнцэж магадгүй хэдий ч түс тас шийдвэр гаргадаггүй түүнийг завсарын хүн гэж тодорхойлох нь ч бий. Тиймээс фракцуудын дунд хавчуулагдсан дарга ч биш, фракцийн толгойлогч ч биш завсарын нэг сааралхан дарга болох вий гэсэн болгоомжлол бий гэсэн.

АН АПУ-гийнх болох уу

УИХ-ын гишүүн асан Г.Батхүүг МоАН зүтгүүлж байгаа аж. УИХ-д гурав дараалан сонгогдсон тэрбээр энэ удаа намтайгаа хамт сонгуульд өвдөг шороодсон. Түүнийг хүмүүс “АПУ”-ийн гэж цоллодог. УИХ-д хөрөнгөөрөө толгой цохидог түүнийг архины бизнесээр баяжиж монголчуудыг сархадад живүүлсэн "нүгэлтэн" ч гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Мөн улстөрд нэрээ хавчуулах болсон үеэсээ эхлээд хувийн бизнесээ илтэд цэцэглүүлж  ирсэн ч гэдэг. Тавантолгой, Ухаа худаг, Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажлаас эхлээд бүхий л хөрөнгөтэй, ашигтай бизнест түүний гар оролцсон гэж хэвлэлүүдэд бичдэг. Өнгөрсөн сонгуулиар ард түмний биш шүүхийн шийдвэрээрУИХ-д суусан түүнийг улс төрд орж бизнесээ сайн өргөжүүлж мөнгөө өсгөж чадсан гэдэг. Хэрэв УИХ-ын гишүүн асан Г.Батхүү АН-ын дарга болсон тохиолдолд тус нам Монголын Ардчилсан нам биш АПУ-гийн нам болох нь тодорхой хэмээн шивэр авир гэж байна.

 

Харин АН-ын лидерүүд  жагсаалаараа хиарсан энэ хатуухан сонгуулиар шийр зааж УИХ-д үлдэж чадсан УИХ-ын гишүүн Ж.Батзандан ойрын үед "АН-ын даргыг фракцуудаас бус ард түмнээс сонгох ёстой" гэж амны фигурээ хурцлах болсон. Түүний хэлж буйгаас үзвэл ард түмнээс сонгогдох АН-ын дарга нь өөрөө бололтой. Гэвч Ж.Батзандан гишүүнд нийгмийн нэг хэсэг ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Учир нь тэрбээр үе, үе популист зан гаргаж, хийрхдэг хүн. Гудамжины жагсагчаас улс төрд орсон тэрбээр юм л бол "Ард түмэн, ард түмний талд шийдэх ёстой" гэж орилдог ч тэр нь цагаа олдоггүй гэмтэй. УИХ-д хатуу, үнэн үг хэлдгээрээ алдартай Ц.Нямдорж гишүүн Ж.Батзандан гишүүнд хандан "Төрийн албан тушаалыг битгий буруугаар ашиглаарай. Ж.Батзандан хийрхвэл хийрхдэг хүн шүү. Битгий хийрхээрэй. Төрийн хүн шиг ноён нуруутай байгаарай. Юм бүхэнд битгий оролцож, эрх мэдлээ хэтрүүлээд байгаарай" гэсэн байдаг.  Ж.Батзандан гишүүнийг АН-ыг удирдах улс төрийн туршлагагүй гэж үзэх хүмүүс их бий. Ер нь түүний зангаар АН-ыг улам бужигнуулж, самрах дүр төрх л харагдаж буй.