Үүрэхийг нь ард түмэн, янцаглахыг нь Ардын нам

Мэргэжлийн Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар өнгөрөгч даваа гаригт мэдээлэл хийхдээ төсвийн тодотголоор төрийн албан хаагчдын цалинг бууруулж, зөвхөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд мөнгө тараах болсноо дуулгав. Эрх баригчдын эдийн засгийн хямралыг даван туулах эхнийх нь арга хэмжээ энэ аж. Гэхдээ Ж.Эрдэнэбатын бодож олсон хямралын эсрэг төлөвлөгөө шинэ санаа, шинэ сэдэв биш л дээ. Өмнө нь Ч.Сайханбилэг яг ингэж хэлээд Ардын намынханд ам руугаа алгадуулсан юм даг. Ердөө жил хүрэхгүйн өмнө болсон явдал шүү дээ.

Төрийн албан хаагчдын цалинг хасна гэсэн Ерөнхий сайдын мэдээллийн араас зөвхөн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулна гэж Сангийн яамнаас залруулав. Уг нь эрх баригчид тэвчиж болох бүх зардлаа л энэ үед жинхэнээсээ хэмнэх ёстой байв. Дэд сайд бол тэвчиж болохгүй “зардал” биш л дээ. Шийдлийн Засгийн газар дэд сайдгүй ажиллаад болоод л байсан. Дэд сайд гэсэн сэтэр зүүсэн нэг нөхөр төрөөс дэнхийсэн том машин авч унана. Утасны мөнгийг нь төсвөөс даана. Жишбээлбэл, нэг дэд сайдын хэрэгцээг тооцоод үзвэл цалин 1.4 сая, гэрээт жолооч 500 мянган төгрөг, туслах 700-800 мянга. Утасны төлбөр 50 мянга. Шатахуун сардаа 500 мянга, дээр нь гадаад, дотоод явах томилолт, өрөөний засвар, тохижуулалт гээд хангамж нь сайдаасаа дутахгүй. Энэ мөнгийг эрлээд 13-аар дараа нь 12 сараар, бүр 48 сараар үржүүлээд үз. Үнэндээ шинэ засгийн  13 дэд сайд бол эдийн засгийн хямралаас гарахад сүйдтэй нэмэр болоод ч байхгүй биз. Тэгээд ч МАН-ынхан өөрсдөө дэд сайдыг яаж шуухан эсэргүүцэж, байснаа мартаагүй байлгүй дээ.

Гол нь монголчууд бүгдээрээ хямраад байгаагийн шалтгаан нь төр, хувийн хэвшил дарга, цэрэг гэлтгүй бүгд төсвөөсөө хооллоод зогсохгүй бүр хулгай хийдэгт л байгаа хэрэг. Сайд дарга нарын утасны хэрэглээг 30-хан хувиар бууруулах төдийд л жилдээ 100-200 сая төгрөг хэмнэнэ гээд бод доо. Бараг нэг багахан цэцэрлэг барих мөнгө биш үү. Үнэндээ төсвөөр тэжээлгэдэг дарга нарын тансаг хэрэглээ, хэтийдсэн хангамж, дээр нь хулгайг таслан зогсоочихвол төсөвт жинхэнээсээ бодит хэмнэлт болж чадна. Ийм л бодлогыг Ж.Эрдэнэбатаас хүлээе.

 

Монголын төрд өнөөдөр 180 мянган хүн ажиллаж байна. Үүнээс 120 гаруй мянга нь эмч, багш, цэрэг цагдаа. Тэдний цалинг хасахгүй л гэж байна. Гэхдээ төсвийн тодотгол хэлэлцсэний дараа л үүнд итгэе. Ч.Сайханбилэгийг чухамдаа хэлэхэд Ардын намын гишүүд цалингаараа амьдардагаа учирлаж, Б.Бат-Эрдэнэ аварга чуулганы хуралдаан дээр бараг л уйлах нь холгүй гомдоллож байгаад ямартаа ч цалингаа хасуулалгүй үлдэж байсан юм даг. Одоо МАН засгийн эрхэнд гарч, Б.Бат-Эрдэнэ аварга Батлан хамгаалахын сайдаар томилогдсон болохоор тэд цалингаараа амьдрах шаардлагагүй ч болсон байж мэднэ. Гэвч төрийн том дарга нарын цалинг хаслаа гээд харин ч төсвийн хулгай, авлига хоёр эсрэгээрээ нэмэгдэнэ гээд мөрийцсөн ч болно.

Ерөнхий сайдаасаа өндөр цалинтай төрийн компанийн захирлууд байдаг бол тэдний цалин, хангамжийг хасах нь зөв өө. Компани нь бараг дампуурчихаад, өр зээлээ төлж чадахгүй байхад дарга нь гэж даам гарсан хүмүүс төрд зөндөө л байдаг. Ер нь бол төрд энэ олон тэжээвэр компани байх ёстой ч юм уу, үгүй ч юм уу. Энэ бүгдийг хувьчилбал харин ч төсөвт бодит хэмнэлт гарах болов уу?

Шинэ засгийн барьж байгаа хүүхдийн мөнгийг алагчилж өгөх нь бол зөв зүйтэй бодлого биш. Тэгж ярих юм бол Ч.Сайханбилэгийг хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлгийнхэнд өгнө гэж байх үед “10 доллар харамлалаа” гээд Ардын намынхан амаа цууртал улстөржөө биз дээ. Анхнаасаа л ийм бодлого хэрэгжүүлэх байсан юм бол Ардчилсан намын үед Ардын намынхан юугаа хийж бойкот зарлаж байсан юм бэ?

Эдийн засаг хямраагүй гэж хэлэхгүй. Гэхдээ эрх баригчдын хямралаас гаргах бодлого нь иргэдийнхээ бүсийг чангалах явдал байж яавч таарамгүй. Хэрэв иргэдийнхээ цалин мөнгийг хасч, орлогыг нь таначихвал эдийн засаг улам борцлогдоно. Зах зээлд мөнгө нийлүүлж байж л эдийн засгаа дэмждэг болохоос зах зээлээс мөнгөө татсанаар эдийн засаг хямралаас гарчихдаггүй юм. Цалингаа хасуулсан хүн талхаа хэмнэж таарна. Тэгэхээр дэлгүүрийн талхны худалдаа буурна. Дагаад талхны үйлдвэрүүдийн орлого багасна. Банкны зээлийн төлөлт удааширна. Эдийн засгийн гинжин урвал гэж энэ.

Чухамдаа бол эрх баригчид төсвийн хулгай, авлига хоёртоо л анхаарлаа хандуулчих ёстой. Төсвийн хулгайгаа зогсоочихвол ард түмний хүүхдүүдэд арав байтугай доллар өгсөн ч буруудахгүй.

Монгол Улсын эдийн засгийг хямрааж, төсвийг туйлдуулсан зүйл бол төсвийн хулгай, үрэлгэн байдал. МАН төрийн албан тушаалаар наймаалцлаа л гээд байна. Өчнөөн тэрбум, өчнөөн сая төгрөгөөр сайд дарга болсон хүмүүс шархаа төрөөс, төсвөөс нөхөж л таараа. Хулгай хийх ч юм уу, аль эсвэл авлига авах замаар төлбөрөө нөхөх нь тодорхой. Түүнээс хүүхдэд мөнгө өгснөөс болоод улсын данс улайчихсан юм биш. Нөгөө талаар зуу хүрэхгүй хүүхэдтэй, мянга хүрэхгүй хүн амтай хөдөөгийн суманд 200 хүүхдийн цэцэрлэг , хоёр давхар сургууль барих ямар шаардлага байгаа юм бэ. Эдийн засаг ийм хямралтай байгаа үед ялангуяа аймаг болгон есөн хөлтэй цагаан тугтай, жижиг, жижиг ханлиг улсууд болчихоод улсаасаа том том найр наадам хийгээд байхаар яаж төсөвт хэмнэлт гарах билээ. Тэрчлэн нэг шинэ сайд ирэнгүүтээ төсвийн олон зуун сая төгрөгөөр өрөөгөө засаад байвал төсвийг хэмнэнэ гэж горьдолтгүй. 29 сайд 29 өрөөгөө төсвөөс засч, янзална гэж тооцвол шүү дээ. Тэрчлэн төсөв хэлэлцэх үеэр тойрог, сум руугаа мөнгө татах гээд чичрээд дайрдаг жижиг улс төрөө л зогсоочих хэрэгтэй юм.

Гол нь монголчууд бүгдээрээ хямраад байгаагийн шалтгаан нь төр, хувийн хэвшил дарга, цэрэг гэлтгүй бүгд төсвөөсөө хооллоод зогсохгүй бүр хулгай хийдэгт л байгаа хэрэг. Сайд дарга нарын утасны хэрэглээг 30-хан хувиар бууруулах төдийд л жилдээ 100-200 сая төгрөг хэмнэнэ гээд бод доо. Бараг нэг багахан цэцэрлэг барих мөнгө биш үү.

Үнэндээ төсвөөр тэжээлгэдэг дарга нарын тансаг хэрэглээ, хэтийдсэн хангамж, дээр нь хулгайг таслан зогсоочихвол төсөвт жинхэнээсээ бодит хэмнэлт болж чадна. Ийм л бодлогыг Ж.Эрдэнэбатаас хүлээе.

Эрх баригчид эдийн засгийнхаа тоон үзүүлэлтүүдийг ил цагаан зарлаж байна. Эдгээр тоонууд гадаадын хөрөнгө оруулагчид, хөрш зэргэлдээ их гүрнүүдэд ямар ойлголт өгөхийг одоогоор тооцоход төвөгтэй. Ямар ч байсан тэд Монголд зээл өгөхөө больдоггүй юм аа гэхэд биднээс нэхэх барьцаа томсгох нь тодорхой. Ялахаасаа залах нь тун хэцүү гэж үүнийг л хэлээд, сануулаад байсан хэрэг шүү дээ.

Үнэндээ Ж.Эрдэнэбатын эдийн засгийн хямралаас гаргах төлөвлөгөөг харахад үүрэх нь ард түмэнд, янцаглах нь Ардын намд оногдох юм байна гэсэн дүгнэлт хийхэд хүрч байна?

Эх сурвалж: www.news.mn