
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2019 оны долдугаар сард АНУ-д хийсэн айлчлал болон хоёр улсын Төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээрийн үр дүнд хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарлаж, хамтарсан тунхаглал гаргасан билээ.
Хамтарсан тунхаглалыг бататган АНУ-ын Конгрессын Сенатын танхим “Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын Стратегийн түншлэлийг бататгах, Монгол Улс дахь ардчилсан тогтолцооны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” тогтоолын төслийг 2021 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр батлав.
Дээрх тогтоол болон АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын 2020 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр баталсан “Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай” тогтоолын төсөл нь Монгол Улс, АНУ-ын стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын ардчилсан үнэт зүйлсэд тулгуурласан хөгжлийн тогтолцоог бататгах, түүнчлэн АНУ-ын Конгресст шинээр дахин өргөн баригдахаар хүлээгдэж буй “Гуравдагч хөршийн худалдааны тухай” хуулийн төслийг хэлэлцэх үйл явцад түлхэц болох юм.
АНУ-ын 117 дугаар Конгрессын Сенатын танхимын 36 дугаар тогтоолыг бүрэн эхээр нь эндээс уншина уу.