Өнөөдөр олон улсын ой модоо хамгаалах "Ойн өдөр" тохиож байна

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2012 оноос эхлэн жил бүрийн 03 сарын 21-ний өдрийг олон улсын “Ойн өдөр” болгон тэмдэглэж байна.

Энэхүү ой модоо хамгаалах өдрөөр ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд ойн ач холбогдол, үүргийг дүгнэж, ойн нөөцийн төлөв байдлыг сайжруулахад улс орнуудын анхаарлыг хандуулдаг.

 

Өнгөрсөн жил Ой ба биологийн олон янз байдал гэсэн сэдвийг онцгойлсон бөгөөд Монгол Улс ойн сан бүхий 9 газрыг улсын тусгай хамгаалалтад хамруулж, 4000 га ойн талбайг нөхөн сэргээж, байгалийн ойн нөхөн сэргээлтийг дэмжсэн үр дүнтэй ажлыг хэрэгжүүлж хувь нэмэр оруулсан байна. Харин энэ жилийн хувьд “Ойг нөхөн сэргээх”  сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зарласан юм.

 

 

Олон улсын ойн өдрийг угтан БОАЖЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Газарзүй экологийн  хүрээлэн, Ногоон хэрэм төсөл, МУИС, Хургатай хайрхан ХХК-тай хамтран баасан гарагт “Монгол орны ойн нөхөн сэргээлтийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт үндэсний 5 дугаар чуулган, “Оройн нахиа” оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг цахимаар зохион байгуулав.

 

 

Энэ үеэр Ойн салбарын 200 гаруй төлөөлөл оролцож ойн нөхөн сэргээлт, ойжуулалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал цаашдын чиг хандлагын талаар илтгэл танилцуулан, санал, шүүмжлэл, дүгнэлтээ хэлэлцлээ.

 

Мөн хуралдааны хүрээнд Ханын илтгэлийн шалгаруулалтанд ирсэн илтгэлүүдээс агуулга, илтгэх чадвар, ханын илтгэлийн форматын дагуу бэлтгэсэн байдал зэргийг харгалзан үзэж 3 илтгэлийг шалгаруулсан.


Тэргүүн байрт: БОАЖЯ-ны ОБЗГ-ын мэргэжилтэн, МУИС-ын докторант Д.Жагдаг нарын “ Хүлэмж болон ил талбайд ургуулсан Сибирь гацуурын (Picea obavata Ldb.) тарьцын өсөлт, газрын дээд болон доод хэсгийн биомассын харьцуулсан судалгаа” сэдэвт ханын илтгэл,

 

Дэд байрт: ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн ОНОХС-ын ЭШАА, доктор Д.Цэндсүрэн нарын “Ногоон бүсийн хушин ойн байгалийн сэргэн ургалтын төлөв байдал” сэдэвт ханын илтгэл,

 

Гуравдугаар байрт МУИС, ХШУИС-ын докторант Б.Отгонсайхан нарын “Улаанбаатар хотын ногоон байгууламжийн модлог ургамлын олон янз байдал” сэдэвт ханын илтгэл тус тус шалгарч мөнгөн шагнал, өргөмжлөл хүртэв.

 

Түүнчлэн хамтран зохион байгуулагч МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн оройн нахиа оюутны эрдэм шинжилгээний 6 хурлыг зохион байгуулж, шилдэг илтгэгч нарыг сонгон шалгаруулсан байна.