QR кодыг зөвхөн хот хоорондын хүнс тээврийн жолооч нарт олгоно

Аймгийн ХХААГ-ын дарга, онцгой комиссын гишүүн П.Гомбодорж:

-Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 11-р сарын 20-ны өдрийн 142 дугаар тушаал гарч, бүх нийтийн бэлэн байдлын үед шилжсэн тохиолдолд ард иргэдийг хүнс болон шаардлагатай бараа бүтээгдэхүүнээр хангах журам гарсан. Энэ хүрээнд аймгийн Онцгой комиссын дэргэд хүнсний штаб байгуулж, ХХААГ хариуцан ажиллаж байна.

Батцэнгэл, Ихтамир суманд тэг зогсолттой байгаа энэ үед ард иргэдийг хүнсээр хэрхэн хангах талаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн Эрдэнэбулган сумын 20 гаруй мянган иргэнд хүнсний нийлүүлэлтийг тогтвортой байлгах үүднээс хуваарь гаргаж байна. Аймгийн төвд хүнсний бөөний худалдаа эрхэлдэг ААН, дэлгүүрүүдтэй холбогдож, бэлтгэл ажлыг хангасан.

Сумдад махны хомсдол үүсээгүй. Өвс тэжээлээ сайн бэлдсэн байгаа. Харин өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хувьд тэг зогсолт хийсэн сумдад хуваарийн дагуу нийлүүлнэ.

Эрдэнэбулган сумын нийт 6,0 мянган өрхийн 1,0 мянга орчим нь төвийн шугамаас ус хэрэглэж байна. Үлдсэн 80 хувь нь гэр хорооллын худгаас усаа авч байгаа юм. Ундарга компаниас халдвар хамгааллын дэглэмийг барьж, ус түгээлтийг хийнэ.

Хот хоорондын хүнсний тээврийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх үүднээс тээврийн жолооч нарт QR кодыг олгож байгаа. Үүнийг зарим иргэн идшиндээ явахдаа, аймгийн төвөөс сум явахдаа, сумаас сумын хооронд зорчихдоо QR-тай зорчино гэж ойлгоод байна. Ийм боломжгүй.