
Хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэх бөгөөд нийслэлийн гэр хорооллын бүсэд орой, шөнийн цагаар буюу 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн айл өрхийн ахуйн зориулалттай цахилгаан хэрэглээнд тооцогдоно.
Гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1,500 кВт.цаг байхаар тогтоосон байна.
Хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд:
- Баталгаажсан өдөр, шөнийн тарифт тоолууртай байх.
- Хөнгөлөлт эдлэхээс өмнө цахилгаан эрчим хүчний хуримтлагдсан өр төлбөргүй байх.
Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5-д “Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна” гэж заасан байдаг. - Цахилгааны болон галын аюулгүй байдлыг сайтар хангасан байна.
Хөнгөлөлтөд хамрагдахын тулд хэрэглэгчид ямар нэгэн нэмэлт гэрээ хийх шаардлагагүй. Хөнгөлөлтийг УБЦТС ТӨХК-тай цахилгаанаар хангах гэрээтэй гэр хорооллын бүх айл өрх шууд эдэлж эхэлнэ.