Хороолол дундах дэлгүүрүүдийг өнөөдрөөс хянаж эхэллээ

ШӨХТГ-ын 115 дугаарын утсанд өчигдөр 226 дуудлага иржээ. Мөн дуут шуудан болон фейсбүүкээр 163 хүн, нийт 389 иргэн холбогдов. Үүний 150 гаруйг үнэ нэмж байна гэсэн иргэдийн гомдол эзэлж байна. Энд мах, гурил, цагаан будаа, өргөн хэрэглээний бусад бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байна, үнийг нэмж байна гэсэн гомдол зонхилжээ. Тодруулбал, 

  • махны үнийн талаар 208 дуудлага,
  • өндөг, будаа зэрэг хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн талаар 170 гомдол,
  • амны хаалтны үнийн талаар 18 дуудлага,
  • малын хивэг, тэжээлийн үнэ нэмэгдсэн талаар 2 гомдол иржээ. 

Тиймээс ШӨХТГ нийслэл дэх мах болон бусад бараа бүтээгдэхүүний худалдааны нийлүүлэлт болон борлуулалтыг хянан ажиллаж байна. Нийслэлд өнгөрсөн 2 өдрийн байдлаар махны өргөтгөсөн худалдаагаар эхний ээлжинд 200 тонн мах худалдаж буй бол өчигдөр нийслэлд 300 тонн мах орж ирээд байна. Хангамж, нийлүүлэлт ийнхүү ердийн өдрөөс 2-3 дахин их байгаа ч худалдан авалт мөн хэмжээгээр ихэсэж, үүнийг дагаад махны үнэ харилцан адилгүй, өндөр хэлбэлзэлтэй байгаа юм. 

Үнийг зохиомлоор хөөрөгдөн нэмэх тохиолдолд Зөрчлийн болон Шударга өрсөлдөөний хуулиудын дагуу арга хэмжээ авч, тэгш бус байдал цаашид үргэлжилвэл ШӨХТГ-аас махны үнийг тогтоох талаар Засгийн газарт хандан санал тавихаар төлөвлөж байгааг тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ мэдэгдэж байна. 

 

Дуудлага гомдлын 50-60 хувь ор үндэсгүй мэдээлэл байна.


Тус байгууллагаас 11 дүгээр сарын 11-нээс ажлын 9 хэсэг гарган 11 дүгээр сарын 15 хүртэл төвийн дүүргүүдийн 68 худалдааны төв, зах, хүнсний сүлжээ дэлгүүрүүдийг хянан ажилласан бол өчигдрөөс эхлэн ажлын хэсгийг 18 болгон өргөтгөж захын гэр хоролол болон алслагдсан хорооллуудад хүрч ажиллаж эхэллээ. Учир нь хотын хэмжээнд нийтдээ 3731 гаруй супермаркет, минимаркет гэж нэрлэгдэх хүнсний дэлгүүр ажилладаг, тэдгээрийн ихэнх нь хорооллууд дунд байдаг. 

 

ШӨХТГ  хуулиараа үнийн дээд доод хэмжээг тогтоох эрхтэй.


Үүнээс гадна ШӨХТГ үнийн мэдээлэл болон үнэ нэмж буй талаарх иргэдийн санал гомдлыг цахимаар авахаар болж энэ талын технологийг өнөөдрөөс нэвтрүүлж эхэлж байна. Ингэснээр үнэ нэмсэн болон үнийг хөөрөгдөж буй байдлыг газар дээрээс нь баримтжуулан авч мэдээлэх боломжтой болох юм. Ингэж баримтжуулснаар түүндээ тулгуурлан тухайн иргэн болон ААН-д мөн газар дээр нь хариуцлага тооцон арга хэмжээ авах юм. Мөн ингэж цахимжуулснаар худал, ташаа мэдээлэл тарахгүй байх үндэслэл бий болно. Учир нь ШӨХТГ-т ирж буй дуудлага, гомдлыг шалгахад 50-60 хувь нь батлагдаагүй, ор үндэсгүй, бусдаас сонссон гэсэн дуудлага ирдэг байна.