Сөүлд зайнаас харилцах хязгаарлалтыг чангатгана

БНСУ-ын Засгийн газар “COVID-19” халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэх болсонтой холбогдуулан нийслэл Сөүл хотын бүсэд зайнаас харилцах хязгаарлалтын түвшнийг ахиулж, 1.5 дугаар түвшнийг тогтоохоор болжээ.

 

 

“Сөүлийн бүсэд өнгөрсөн долоо хоногт халдварын тохиолдол өдөрт дунджаар зуу гаруйгаар нэмэгдлээ. Халдварын нөхцөл байдал хүндэрч байна” гэж Ерөнхий сайд Чун Се Кюн мэдэгдсэн байна. Шинэ шийдвэр пүрэв гаргаас хэрэгжиж эхэлнэ.

 

БНСУ-д халдварын тохиолдлын тоо сүүлийн гурван өдөр дараалан 200-гаас олноор нэмэгджээ. Тус улс нь халдварын тархалтыг хязгаарлахын тулд таван шатлалт тогтолцоогоор шийдвэр гаргаж байгаа бөгөөд одоогоор орон даяар нэгдүгээр түвшнийг тогтоогоод байгаа юм.

 

Нэгдүгээр түвшний хүрээнд иргэд амны хаалт зүүх, 500-гаас олноор цугларахгүй байх гэх мэт үндсэн дүрэм журмыг баримтлах шаардлагатай. Харин 1.5 дугаар түвшнийг тогтоосноор халдвар тархах өндөр эрсдэлтэй газруудын үйл ажиллагааг хязгаарлаж, сургуульд суралцагчдын тоог гуравны хоёрт хүргэх шаардлагатай байна.