Улаанбаатар хотод амьдардаг иргэдэд нэг удаагийн зөвшөөрөл өгч гаргахаар болов

Завхан аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж голомт бүхий эрсдэлтэй бүс нутгаас ирж буй иргэдийн хяналтыг чангатгах арга хэмжээ авахыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.

 

Мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар Завхан аймагт коронавирусний халдварын эрсдэл маш өндөр гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Тухайлбал аймгийн хэмжээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд, иргэд, хуулийн этгээдийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэв. Мөн аймгийн хэмжээнд ажиглан тусгаарлах байр болон эмнэлгийн тусгаарлах байрыг бэлтгэх, ашиглах журмыг баталлаа. Ажиглан тусгаарлах байр, эмнэлгийн тусгаарлах байр бэлтгэх, ашиглахтай холбогдон гарах зардлыг тухайн жилийн төсөвтөө багтаан зохицуулалт хийх замаар ажиллуулахыг сумдын Засаг дарга нар, албан байгууллагын дарга нарт үүрэг болгов.  

 

Сургуулийн дотуур байруудыг тусгаарлах байр болгоно

Голомт бүхий эрсдэлтэй бүс нутгаас ирж буй иргэдийн хяналтыг чангатгах, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн хяналтыг сайжруулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

Үүнтэй холбоотой “Чандмань-Эрдэнэ” лаборатори сургууль, Хөгжим бүжгийн коллеж, Политехник коллеж, Тосонцэнгэл сумын МСҮТ-ийн дотуур байранд байрлаж буй хүүхдүүдийг гэрт нь шилжүүлэх замаар дээрх сургуулиудын дотуур байрыг ажиглан тусгаарлах байр болгож бэлтгэхээр болов. Мөн хяналтын постуудын үйл ажиллагааг хариуцлагажуулах зорилгоор ажиллах нөхцөлийг сайжруулах үүргийг өглөө.

Улаанбаатар хотод амьдардаг иргэдэд нэг удаагийн зөвшөөрөл өгч гаргахаар шийдвэрлэв.  

 

Постууд дээр ирсэн малыг нэг удаа оруулах шийдвэр гаргажээ

Өнөөдрийн Онцгой комиссын хурлаас сумаас аймгийн төвд ирсэн иргэдэд хязгаарлалтын горим хэвээр үйлчилнэ гэж шийдвэрлэв.

Мөн идэш бэлтгэхээр сум руу явах иргэдийг гаргах боломжгүй. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд тухайн иргэн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт нэгдсэн журмаар мэдээллээ өгснөөр сумаас идэш бэлтгэж хүргэх, аймгаас сумдад хүнс хүргэх тээврийн зохицуулалт хийх ажлыг зохион байгуулна. Энэ ажлыг аймгийн Мал эмнэлгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газраас зохион байгуулж, иргэдэд өвлийн идшээ бэлтгэх боломжийг олгохоор шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар Улиастай сумын постууд дээр ирсэн байгаа малыг нэг удаа оруулж худалдан борлуулах боломжийг олгохоор тус тус шийдвэрлэлээ гэж аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.