Сэлэнгэд батлагдсан COVID-19-ийн тохиолдлын хавьтал болох Дарханы 67 хүүхдийг тогтоож, шинжилгээ авч эхэлжээ

Сэлэнгэ аймгийн 74 настай иргэн Ц-ийн хоёр удаагийн шинжилгээгээр Ковид-19-ийн халдвар илэрсэн талаар бид мэдээлсэн.

Тус иргэний хавьтал болох хоёр хүнээс мөн халдвар илэрсэн талаар өнөөдөр ЭМЯ мэдээллээ. Тодруулбал, нэгдүгээр хавьтал болох бэр, 8 настай ачаас авсан шинжилгээ эерэг гарсан байна.

Тэд энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Сэлэнгээс Дархан-Уул аймагт ирж, Дарханы томоохон таван худалдааны төвөөр үйлчлүүлсэн талаар аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал ТВ-5 телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Ингэхдээ нэг худалдааны төвд 20-30 минут саатсанаас гадна “Оргил” худалдааны төвийн тоглоомын төвд хүүхдээ 2 цаг тоглуулсныг Дархан-Уул аймгийн Онцгой комисс цагдаа, тагнуулын байгууллагатай хамтран камерын шүүлтээр нарийн тогтоожээ.

Тухайн үед тоглоомын төвд нийт 67 хүүхэд тоглосныг мөн тогтоож, шинжилгээ авах ажлыг эхлүүлсэн байна.

Мөн Дархан-Уул аймгийн төв замын хөдөлгөөнийг бүрэн хааж, худалдааны төвүүдийг өнөөдөр мэргэжлийн байгууллагуудаар ариутгуулахаар болжээ.