НИТХ-ын 45 төлөөлөгч Баасан гарагт даргаа томилж, Хотын даргад нэр дэвшигчийг тодруулна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд/НИТХ/ сонгогдсон 45 гишүүн Анхдугаар хуралдаанаа Баасан гарагт буюу аравдугаар сарын 23-нд хийхээр товложээ. Анхдугаар хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүд байгуулагдан бүлгийн дарга нараа сонгоно. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрийг дэвшүүлнэ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд МАН олонх болсон бөгөөд 45 төлөөлөгчийн 34 нь Монгол Ардын Намаас, найм нь Ардчилсан Намаас, гурав нь Хөдөлмөрийн Үндэсний Намаас сонгогдсон. Энэ удаагийн НИТХ-д найман эмэгтэй төлөөлөгч байна. Үүнд:

  1. Л.Ариунтуяа /МАН/
  2. Н.Баярчимэг /МАН/
  3. Х.Болормаа /АН/
  4. Г.Гангамөрөн /МАН/
  5. Б.Мөнхцэцэг /МАН/
  6. Б.Мягмар /МАН/
  7. Ү.Оюунзул /МАН/
  8. Д.Энхтуяа /АН/

НИТХ-ын Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь удирдана.

Хуульд сонгуулийн дүнгээр тухайн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй гэж заасан байдаг. Тэгэхээр МАН олонх болсон учир хуулийн дагуу эрхээ эдлэх нь.

МАН-ын Удирдах Зөвлөл өнөөдөр/2020.10.21/ хуралдаж, намаас НИТХ-ын болон Хотын даргад хэнийг санал болгохоо ярилцана гэх мэдээлэл байна.

Хурлын даргыг сонгох тухай хуулийн заалтуудаас:

  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.
  • Тухайн Хурлын төлөөлөгчид Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлж болно.
  • Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-аас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно.
  • Хурлын төлөөлөгчид санал хураалтад оролцохдоо зөвхөн нэг хүний төлөө санал өгөх бөгөөд нэр дэвшигч өөрөө санал хураалтад оролцох эрхтэй.

НИТХ-д сонгогдоод буй 45 Төлөөлөгч:

Дүүрэг Тойрог Мандатын тоо Нийслэлийн ИТХ-д сонгогдсон Төлөөлөгч Нам Саналын тоо
Баянгол 1 2 Д.Ихбаяр  МАН 9,841
Ө.Сумъяабаатар МАН 9,438
2 2 Ж.Батбаясгалан МАН 11,363
Г.Гангамөрөн МАН 10,352
3 2 Д.Энхтуяа  АН 9,388
Ч.Мэндбаяр МАН 9,285
Баянзүрх 4 2 М.Тулгат АН 9,625
Т.Батцогт АН 9,121
5 2 П.Наранбаяр ХҮН 11,112
Д.Гантулга ХҮН 8,074
6 2 Ү.Оюунзул МАН 8,828
Д.Энхбаяр МАН 8,588
7 2 Д.Пүрэвдаваа АН 9,516
Н.Баярмөнх МАН 9,030
8 2 Б.Сүхбаатар МАН 10,415
Б.Пүрэвдагва МАН 9,141
Сонгинохайрхан 9 2 Ц.Төрхүү МАН 11,112
Р.Дагва МАН 10,057
10 2 Б.Сэргэлэнбаатар МАН 9,733
Ц.Баттөр МАН 9,088
11 2 Ж.Сандагсүрэн МАН 10,305
Н.Баярчимэг МАН 10,196
12 2 Г.Төгөлдөр МАН 9,821
М.Говьсайхан МАН 9,345
13 2 Н.Алтаншагай МАН 10,762
Б.Мөнхцэцэг МАН 10,578
Сүхбаатар 14 2 М.Халиунбат МАН 8,569
Д.Бадарсан АН 7,927
15 2 Х.Болормаа АН 10,495
 Б.Эрдэнэсүх АН 10,001
Чингэлтэй 16 2 Н.Батсүмбэрэл МАН 9,547
Б.Мөнхбат МАН 9,203
17 2 З.Төмөртөмөө МАН 11,707
Л.Ариунтуяа МАН 11,610
Хан-Уул 18 2 Ж.Алдаржавхлан МАН 9,907
Б.Мягмар МАН 7,879
19 2 Л.Отгонбаатар АН 6,563
Б.Өнөбат МАН 6,527
20 2 Б.Одсүрэн МАН 8,315
П.Ганзориг ХҮН 7,585
Багануур 21 2 С.Даваасүрэн МАН 5,482
Т.Отгонболд МАН 5,193
Багахангай 22 1 С.Эрдэнэбаяр МАН 1,205
Налайх 23 2 Ч.Раднаабазар МАН 7,962
Б.Нэргүй МАН 6,954

Өмнөх НИТХ-ыг Р.Дагва удирдаж байсан билээ. 

НИТХ-ын Төлөөлөгч Р.Дагва, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч Ж.Алдаржавхлан нар хотын даргад нэр дэвших магадлалтай талаар олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэлээр яригдаж эхэлсэн. Мөн НИТХ-д Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Ц.Төрхүү, Н.Алтаншагай, Н.Батсүмбэрэл /Чингэлтэй дүүрэг/, М.Халиунбат /Сүхбаатар дүүрэг/ нарын нэрс хотын даргад яригдаж байна гэх мэдээлэл гараад байгаа юм.

Хотын даргад НИТХ-аас олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхий сайдад уламжилснаар томилох хуультай.