Багш, оюутны стартап 2020” хөтөлбөрийг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж эхэллээ

"МУИС-ийг хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд багш, судлаачдын судалгааны үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, салбар дундын судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд багш, оюутны хамтын оролцоог идэвхжүүлэх, гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Багш, оюутны стартап 2,0” хөтөлбөрийн нээлт  4 дэх жилдээ эхэллээ.

 

2019 оны 10 дугаар сард МУИС нь Рио Тинто Монгол компанитай гарааны компанийн хөтөлбөрийг дэмжих, оюутныг дадлагажуулах, цуврал лекц хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд 2017 оноос хойш хэрэгжүүлж буй МУИС-ийн Стартап Лаб хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх гэрээ МУИС-Рио Тинто Монгол компанитай байгуулсан. Гэрээний дагуу  2020 оноос тус хөтөлбөрт Рио Тинто Монгол компаниас 3 жилийн хугацаанд жил бүр 30 сая төгрөгийн санхүүжилт олгох юм.

 

Энэ жил тус хөтөлбөрт нийт 11 багийн 79 багш, оюутан сургалт, менторын үйлчилгээнд хамрагдаж байна. Мөн хөтөлбөрт МУИС-ийн Бизнесийн Сургууль, Бизнес Консалтинг төв, БСШУСЯ-ны Инновацын хэлтэс, Оюуны Өмчийн Газар, бусад мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл болон БС-ийн дэд проф.Б.Батдэлгэр, TomYo, AND Global, Lend MN, Biznetwork-ийн үүсгэн байгуулагч, энтрепренер  В.Баярсайхан, “Старт Централ Азиа ХХК”-ийн гүйцэтгэх захирал Б.Пүрэвсүрэн, “Азума Шиппинг Монголиа ХХК”-ийн захирал Ч.Чинзориг нар сургалт, менторын үйлчилгээ үзүүлж байна.

 

Хөтөлбөрийг нээж МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал хэлэхдээ, өмнөх жилүүдэд байгалийн ухаан, инженерчлэлийн салбараас оролцогчид түлхүү орж байсан бол энэ жил нийгэм, хүмүүнлэгийн салбарын залуу судлаачдын оролцоо ихээхэн идэвхижсэн. Мөн тус хөтөлбөрийн үндсэн сургалтад инновацын экосистемд оролцогч талуудын төлөөлөл, бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулж буй энтрепренерүүдын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд багш оюутнууд хамтран олон шинэ бүтээлч санаачилга дэвшүүлж, оюуны өмчийг бизнесийн эргэлтэд оруулах, гарааны компани байгуулахыг зорин  хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж багуудад амжилт хүслээ.

“Рио Тинто” компанийн Монгол дах үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Х.Амаржаргал, “Рио Тинто дэлхийн шилдэг тэргүүний техник технологи, арга барилыг Монгол Улсад нутагшуулахаас гадна дэлхийд өрсөлдөхүйц Монгол мэргэжилтнийг бэлтгэх, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахад ямагт анхааран ажилладаг билээ.  Монгол Улсын хувьд бид ууган их сургуультайгаа хамтран энэхүү Старт ап төслийг  дэмжин ажиллаж, бидний хамтын ажиллагаа үр өгөөжтэй байгаад сэтгэл өндөр байна. Энэ жилийн уралдаанаас олон шинэлэг санаа төрөн гарч, зах зээлд амжилттай өрсөлдөнө гэдэгт итгэлтэй байна”  гэв.

 

“Багш, оюутны стартап 2,0” хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон оролцогч багуудын танилцуулгыг Инновац, технологи дамжуулах төвийн ахлах мэргэжилтэн Д.Лхагвасүрэн танилцуулав. Хөтөлбөрт оролцогч багийнхан байгаль орчин, эрүүл мэнд, аялал жуулчлал, мэдээллийн технологи, электроник, санхүүгийн цахим мэдээлэл ба финтек, эрхзүйн зөвлөгөө үйлчилгээ зэрэг гарааны компанийн төслийн бизнес санааны танилцуулга хийж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.