ДЭД САЙД хөтөлбөрийг цуцалъя

“Хэт бөөрөнхий, зориггүй, өглөө ярьснаа орой нь мартдаг” гэхчилэн муу үгсийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг дуулахаараа л нэг болсон. Засаг барих хугацаандаа сайн, муу үгийн хажуугаар түүний эхлүүлж чадсан эерэг ажлуудын нэг нь САЙН хөтөлбөр байлаа. Өмнөх Засгийн газраас таван сайн хөтөлбөр хэрэгжүүлэх зорилтын хүрээнд САЙН оюутан, хашаа, малчин, хувьцаа хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байсан.

Эдгээр сайн хөтөлбөрүүдийн үр дүнд оюутнууд аав, ээждээ нэрмээс бололгүй сургалтын төлбөрөө зээлэх боломж нээгдэж, гэр хорооллын иргэд утаагүй хэрэглээнд шилжин, малчдын зээлийн хүү 10 хувь хүртлээ буурах эхлэлүүд тавигдсан. Гэсэн хэдий ч эдгээр хөтөлбөрүүдийг төсөвт суугаагүй, “хууль зөрчсөн” нэр зүүлгэж, шинэ засгийн газраас зогсоов. Уг нь төсвийн бус шугамаар Монголбанк, Засгийн газар хоороондын гэрээний хүрээнд хэрэгжиж буйг шинэ сайд нь эрхбиш ойлгомоор. Үүний үр дүнд малчдын зээлийн хүү эргэж, 30 хувьдаа хүрч, оюутнууд аав, ээжийнхээ банкны зээлээр сурах нөхцөл бүрдсэн.

Гээд яах вэ. “Мөнгөө төлсөн хүн ямар хөгжим захиалахаа мэднэ” гэдэг шиг Засгийн эрхийг дангаараа авсан нам өнөөдөр юу хийх нь тэдний дурын хэрэг болчихоод байна. Дээрээс нь нэмээд төрийн албан хаагчдын цалинг бууруулна гэдгээ өчигдөрхөн ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зарлачихлаа. Уг нь цалинг үе шаттайгаар нэмнэ, иргэдийнхээ амьдралд ойр шийдвэр гаргаж ажиллана гэж амлан, сонгуулиар  гарч ирсэн нам. Гэтэл шинэ Засгийн газрын гаргаж буй шийдвэрүүд эдийн засгийн хямралтай буй энэ үед ард иргэдийн амьдралд улам ч нэрмээс болж байна.

Төрөөс үзүүлэх хөнгөлөлт, боломжит нөхцлүүдийг хаагаад, давхар авдаг хэдэн төгрөгийг нь хасахаар эдийн засаг хаашаа эргэх юм, бүү мэд. Тэгсэн мөртлөө өөрсдөдөө зориулаад хэмнэлтийн хүрээнд алга болгосон албан тушаалыг хүртэл сэргээж байх жишээтэй. Тухайлахад, Н.Энхбаярын Засгийн газрын үед үүссэн дэд сайд орон тоог сэргээж, 13 дэд сайд сэдэртэн томилчихоод байна. Уг нь энэ дэд сайдын орон тоог мөн л Ч.Сайханбилэгийн Засгийн газар балбуулахдаа балбуулж, байхгүй болгосон. Төсөв хэлэлцэх  тэр үеийн 17 дэд сайдын орон тоог байхгүй болгоход 600 гаруй сая төгрөг хэмнэнэ гэж онцолсон байдаг.

Дэд сайдын зардлыг задлахад, дэд сайд 1.4 сая төгрөг сардаа авдаг. Дээрээс нь гэрээт жолооч ажиллуулж, 500 мянган төгрөг гар дээр өгдөг бол туслах нь 700-800 мянган төгрөгийн цалинтай. Үүн дээр утасны төлбөр 50 мянган төгрөг, ажлын таван өдөрт зарцуулагдах шатахуун орно. Шатахууныг олгохдоо өдөрт 50 км-ээр явахаар тусгаж, 1км тутмыг нь 500 төгрөгөөр үнэлдэг аж. Үүнийг нэг сарын ажлын 20 хоногоор тооцоход 500 мянган төгрөг.  Ингээд бодохоор нэг дэд сайд нар сардаа 4.250.000 орчим төгрөг зарцуулдаг.

Шинэ Засгийн газарт нэр бүхий 13 дэд сайд томилогдоод буй. Дэд сайд нарт дээрх тооцооллоор 507 сая төгрөгийг жилдээ зарцуулахаар байна. Дэд сайд нар цалингаараа амьдардаг гэвэл мэдээж хэн ч итгэхгүй. Басхүү дэд сайдгүй бол яамд сөнөчихгүй нь үнэн билээ. Хамгийн гол нь намдаа мөнгө өгсөн, нүүрийг нь тахалсан, чухал хор найруулсан улсуудаа орхихгүйн тулд дэд сайдын нэр зүүлгэх мэргэн ухааныг эрх баригч нам бодож олсон.

Парламентад ороод ирсэн хэддээ үндсэн чиг үүргийн яамдын тоогоо нэмэгдүүлэх замаар сайдын суудал өгч, үлдсэнд нь байнгын хороод, дэд хороодоо хуваан өгч нам нүүрээ тахалсан. Гаднаас төрийн албан тушаалд заларчих санаатай, ТНБД-д арай тохирохгүй, залуусаа дэд сайд руу хуваарилсан нь нууц биш.

УИХ-ын дарга асан З.Энхболд  Сангийн сайдын алдарт мэдэгдлийн дараа “Бидний үед дэд сайдуудыг цомхотгож эхлүүлсэн. Энэ ажлын нэр нь "Төсвийн зарлагын реформ" юм. 2017 оны төсвийг батлахдаа нэг их наядын таналт хийж чадвал шинэ Сангийн сайдад баяр хүргэнэ” гэсэн нь бий. Бодох л асуудал. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын онцолсончлон тэвчиж болох бүхий л зардлуудаа одоо ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэн батлагдах төсвийн тодотголдоо суулгах хэрэгтэй.

Үнэхээр төрийн албан хаагчдын цалинг “Тэвчиж болох зардал” гэсэн ангилалд оруулж байгаа бол үүнийг дагаад дэд сайд нарынхаа орон тоог ч бас бодоод үз гэж эрх баригчдад зөвлөмөөр байна. Жилийн төсөвт 13 дэд сайдын орон тоо 507 сая төгрөгийн дарамт учруулахаар байна. Сайдыг эзгүйд  нь орлох төдийхөн чиг үүрэгтэй дэд сайд  уг нь тэчиж болох зардлын хамгийн эхэнд нэрлэгдмээр санагдах юм. Үүний дараа төрийн албан хаагчдын цалингийн бууралтыг ярихгүй бол МАН хэтэрхий муухай харагдах гээд байгааг басхүү санууштай.