"Хавх" аяныг дахин зохион байгуулна

Завханд хууль бус хулгайн ан, экологийн ач холбогдол бүхий нэн ховор болон ховор амьтад хавханд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хавх нэгдсэн арга хэмжээг дахин явуулах төлөвлөгөөтэй байна.

Ховор ан амьтад тэдгээрийн амьдрах таатай орчинг бүрдүүлэх, аймгийн хэмжээнд хавхны тоог цөөрүүлэх. Мэргэжлийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготойгоор энэ ажлыг өнгөрсөн жил амжилттай хийсэн. Үр дүн ч сайн гарсан. Хавх аяны хүрээнд 10 сумаас нийт 85 хавх хурааж 19 иргэний 55 тарваганы хууль бус агнуурын хэргийг илрүүлсэн байгаа. Мөн үеэр хууль бус ан, ан хийхдээ ямар зөвшөөрөл, хураамж төлдөг талаарх мэдээллийг иргэдэд өгч хууль бус ан агнууртай тэмцэхэд иргэдийн үүрэг оролцоо их буйг сурталчилсан. Энэ жил хууль бус тарвага агнасан цөөхөн тохиолдол гарсан. Одоогоор хулгайн ангийн хэрэг бүртгэгдээгүй байна. Гэхдээ энэ жил энэхүү аяныг дахин явуулах төлөвлөгөөтэй байгаа хэмээн аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 

Ташрамд тус аймаг ан агнуурын менежментийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлснээс хойш орон нутгийн төсөвт нийт 222 сая төгрөг оруулсан байна. Зэрлэг амьтдаа хамгаалах зорилгоор өнгөрсөн жил байгаль орчны салбарын байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулсан ба энэ үеэр биологийн олон янз байдлыг хамгаалах дэд хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлжээ. Завхан аймгийн БОАЖГ, аймгийн Мэргэжлийн хяналтын газар хамтран “Хавх” аяныг амжилттай зохион байгуулжээ.

 

Зөвшөөрөлтэй анг хяналтын дагуу хийдэг

Завханд энэ жил нэн ховор амьтдыг агнах зөвшөөрлийн дагуу агнуурын ажил хийгээгүй байна.

Амьтны тухай хуульд зааснаар гагцхүү агнуурын амьтныг хуульд заасны дагуу агнаж болох бөгөөд үйлдвэрлэлийн, ахуйн, тусгай гэсэн гурван төрлийн зориулалтаар агнаж барина. Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихдаа хуульд заасан зохих төлбөр төлж, сум, орон нутгийн Засаг даргаас зөвшөөрлийн бичгийн дагуу агнуурын нэн ховор, ховор амьтнаас бусад амьтныг өөрийн ахуйн зориулалтаар агнаж, барьж болдог.

Харин ховор ан амьтныг тусгай зөвшөөрлийн дагуу агнадаг. Аймгийн БОАЖГ-аас хяналт тавьдаг. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор нэн ховор болон ховор амьтны жагсаалтыг гарган баталсан байдаг. Монгол орны нэн ховор амьтны жагсаалтад нийт 26 ан амьтан орсон байна. Үүнд цөөвөр чоно, гангар хун, цоохор  ирвэс, гургуул, мазаалай баавгай, тахь адуу, хавтгай тэмээ, цаа буга, борцгор хотон гэх мэт ан амьтад орсон байдаг. Харин Монгол орны ховор амьтдын жагсаалтад нийт 38 төрлийн амьтад орсон бөгөөд  аргал хонь, янгир ямаа, хулан адуу, хүрэн баавгай, тул загас, халиун буга, хүрэн баавгай гэх мэт төрлийн амьтад орсон байдаг хэмээн аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

Ташрамд өнгөрсөн онд зөвшөөрлийн дагуу нийт гурван угалз агнан 88.5 сая төгрөг, хоёр тэх агнан 10.4 сая төгрөг, нийт 98.9 сая төгрөгийг орон нутгийн төсөвт оруулжээ.

Зөвшөөрөлгүй ан хийвэл хуулийн хариуцлага хүлээнэ

Монгол Улсад түр буюу байнга оршин суугаа гадаадын иргэн Монгол Улсын иргэний адил хэмжээний төлбөр төлж, ахуйн зориулалтаар зөвхөн загас барьж болох хуулийн зохицуулалттай байдаг байна.

Тусгай хамгаалалттай газарт хууль бусаар агнаж байгаа үйлдэл болгон Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй болж хувирдаг байна. Зээр, тарвага, зурам гэх мэтийн элбэг тархацтай амьтдыг тусгай хамгаалалттай газарт агнахад хүртэл эрүүгийн хуулиар гэмт хэрэг болдог аж. 

Амьтны тухай хуулинд тарвага, зээр, чоно зэргийг агнахад заавал зөвшөөрөл авах ёстой гэж заасан байдаг. Зөвшөөрлийг тухайн орон нутгийн сум, аймгийн Засаг даргаас авна. Хэрвээ зөвшөөрөлгүй ан хийж баригдсан тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж зөрчлийн хэрэг үүсгээд хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулаад торгох арга хэмжээ авна. Харин цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд мөрдөн байцаалтын болон гүйцэтгэх ажлын шугамаар давхар хяналтаа тавиад ажилладаг аж. 

Тэгвэл нэн ховор амьтдыг агнавал ямар хариуцлага хүлээх вэ? Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг нь ихэнхдээ нууц далд аргаар үйлдэгддэг. Харин агнахыг хориглосон ховор амьтдыг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан тохиолдолд ямар нэгэн хохирлын хэмжээ шаардахгүйгээр хариуцлага хүлээлгэхээр эрүүгийн хуульд заасан байдаг. Энэ гэмт хэрэг нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ан амьтан агнасан, барьсан, тэжээж гаршуулсан, тэдгээрийн түүхий эд зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн байхыг  шаарддаг.

Энэ төрлийн гэмт хэрэг зөрчил гаргасан тохиодолд 5400 нэгжээс 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох, 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Харин нэн ховор амьтныг 10 мянган нэгжээс 40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох эсвэл 2-8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг тухай нэмж дуулгав.