Энэ жил хүнсний ногооны тариалалт буурчээ

Завхан аймгийн хэмжээнд энэ сарын нэгний байдлаар 1867.5 га талбайд тариалалт хийжээ. Үүнээс үр тариа 1040.0 га-д, төмс 137.7 га-д, хүнсний ногоо 110.7 га- д, малын тэжээл 579.1 га-д тус тус тариалсан байна.

Энэ жилийн тариалалтаас үзэхэд өмнөх оны мөн үеийнхээс нийт тариалсан талбай 31.2 га буюу 1.6 хувиар буурсан байна. Тариалсан талбайг төрлөөр нь авч үзвэл ногоон тэжээл 24.5 га буюу 4.4 хувиар өсжээ. Харин хүнсний ногоо 12.1 га буюу 9.8 хувиар, төмс 1.6 га буюу 1.1 хувиар, үр тариа тариалсан талбай 42 га буюу 3.9 хувиар тус тус буурсан байна хэмээн аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв. 

Гэвч энэ жил улаан хальст саримсыг 9 га орчимд тариалжээ. Одоогийн байдлаар 60 гаруй иргэн, ААН саримс тариалж байна. Өнгөрсөн жил Улиастай, Алдархаан сумын тариаланчидтай “Улаан хальст саримсны үр үржүүлэх” гэрээ байгуулан ажиллаж 5,3 га талбайд тариалснаар 18.7 тонн ургац хураан авчээ. Тиймээс энэ жил улаан хальст саримсыг өнгөрсөн жилийн га-аас илүү газар тариалах төлөвлөгөөтэй байгаа. Түүнчлэн улаан хальст саримс тариалдаг тариаланчдын тоог нэмэх, га-аас авах ургацыг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах олон талын ажлыг дэмжиж тариаланчидтай хамтран ажиллаж байна хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Ташрамд, улаан хальст саримсны эрэлт жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд үнийн хувьд жил бүр тогтворгүй үнэ нэмэгдэх, олдоц ховор байдаг байна. Улаан хальст саримс намар эрт нэг кг нь 50000 орчим үнэтэй зарагддаг ба өвлийн улиралд нэг кг нь 70000-80000 орчим төгрөг хүрдэг байна.