35 нэхэмжлэгчид нэг тэрбум 764 сая төгрөгийн нөхөх олговор олгожээ

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Сэлэнгэ аймгийн салбар комиссоос нөхөх олговор олгохтой холбоотой цаг үеийн мэдээлэл өглөө.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Сэлэнгэ аймгийн салбар комисст хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2020 оны 06 дугаар сарын 10-ны байдлаар хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан нөхөх олговорт хамрагдан Шүүхэд хандан шүүхийн шийдвэр ирүүлсэн 49 нэхэмжлэгч байгаа аж. Үүнээс 35 нэхэмжлэгчид нөхөх олговор болох нэг тэрбум 764 сая төгрөгийг олгосон байна.

Монгол Улс анх 1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль баталсан байдаг. Энэхүү хуулийн хүрээнд улс төрд хилсээр хэлмэгдсэн иргэдээ цагаатгаж, ар гэрт нь нөхөн олговор олгодог болсон байна. Хууль батлагдсанаас хойш цагаатгуулах, гомдол гаргуулах хугацааг гурван удаа сунгасан бол нэхэмжлэл гаргах эрх, хөөн хэлэлцэх хугацааг дөрвөн удаа сунгасан аж. Харин 2018 оны 01 дүгээр сарын 12-нд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хэлмэгдэгчдийг цагаатгуулах, гомдол гаргуулах хугацааг хоёр жилээр сунгаж, 2020 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хүлээж авахаар болсон байна.

 

Мөн хуульд хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ах дүүс, ач зээ нарт нөхөн олговор олгодог байсан бол энэ удаад эхнэр буюу нөхөр, төрсөн болон үрчилж авсан, нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдийн аль нэгт нь өгөхөөр тусгажээ. Гэхдээ эдгээр хүмүүст өмнө нь байр орон сууц болон түүнийг орлосон мөнгөн олговрыг төрийн аль нэг байгууллагаар дамжуулан олгож байсан бол энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй юм байна. Хуулийн дагуу цаазын ялаар шийтгүүлсэн бол 80 сая төгрөг, хорих ялаар шийтгүүлсэн бол 40 сая төгрөгийн нөхөн олговрыг олгож байгаа аж.