Хачигт халдварын тархалт өмнөх жилээс эрс нэмэгджээ

Говь-Алтай аймагт хачигт халдварын тархалт өмнөх жилээс эрс нэмэгджээ.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн дийлэнх хувь нь хачигт хазуулсан иргэд байна. Сүүлийн хоёр жил ихэвчлэн гуравдугаар сарын сүүлчээс эхлэн хачигт халдвар ихэсдэг, энэ жил өмнөх жилийнхтэй харьцуулахад их байна. Мөн хачигт халдвараар өвчилсөн иргэд хүндрэх эрсдэлтэй байгаа тухай Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн их эмч Т.Түмэнтогтох мэдээллээ.

Хачигт халдварын өвчлөл тус аймгийн байгалийн голомтот бүс нутаг болох Есөнбулаг, Тайшир, Халиун, Дэлгэр, Баян-Уул, Жаргалан гэх мэт сумаас бүртгэгдсэн байна. Өнгөрсөн оны 6 дугаар сарын байдлаар Говь-Алтай аймагт хачигт халдварын 50 тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ оны 6 дугаар сарын байдлаар 160 гаруй тохиолдол бүртгэгджээ.

Хачигт халдварын идэвхжил их байгаатай холбогдуулан иргэдийг хачигт халдвараас сэргийлж онцын шаардлагагүй бол идэвхжлийн үед хөдөө, орон нутагт зорчихгүй байх, халдварын голомттой газраар явах бол тод өнгийн, битүү хувцас өмсөх, хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах, хадгалахаас аль болох татгалзах, хүүхдээс хол байлгахыг анхааруулсан юм.