Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эмч нарын ар гэрт мөнгөн урамшуулал олгох чиглэл өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УОК-ын өргөтгөсөн хуралдаанд оролцож холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө. 

 

Тэрбээр "Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх хуулийг сайтар сурталчлах хэрэгтэй байна. Хоёрдугаарт эрүүл мэндийн салбарыг чадавхжуулах, бэлтгэл бэлэн байдлыг хангахыг онцгойлон анхааруулж байна. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх нь тансаглал биш юм гэдэг ДЭМБ-ын байр суурьтай санал нэг байна. Нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд эм, бэлдмэл, оношлуураа ханган, хүний нөөцөө зөв хуваарилж байгааг сайшааж байна. 

Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийнхээ аюулгүй байдлыг хангах нь чухал. Өвчтөнтэй хамт тусгаарлагдан ажиллаж байгаа хүмүүсээ сайтар анхаарч, тэдний ар гэрт мөнгөн урамшуулал олгох асуудлыг судалж Засгийн газарт танилцуулахыг УОК-д үүрэг болгож байна. 

Улс нийслэл, аймгийн түвшинд цар тахал тархах эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж, тухай бүр төлөвлөгөөг тодотгож хэрэгжүүлэх шаардлагатай байна. Бидэнд ямар өндөр эрсдэл байгааг найман удаагийн эрсдэлийн үнэлгээ харуулж байгааг ард иргэд ч сайтар бодох хэрэгтэй. Халдвар тархсан тохиолдолд мэргэжлийн байгууллагууд хэр бэлтгэлтэй байгааг үнэлж дүгнэн, бэлтгэл хангахыг аймаг, нийслэл, сумдын онцгой комиссын дарга нарт үүрэг болгож байна.

Халдварын болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд иргэн, ААН-ийн бэлэн байдлыг хангах, бүх түвшинд дайчилгаа зохион байгуулах бэлтгэл хангасан байх ёстой. Энэ сарын эхээр Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад УОК-оос зохион байгуулсан дадлага сургууль сайшаалтай зүйл болсон. Дадлага сургуулийн үеэр холбогдох бие бүрэлдэхүүн олон зүйлийг өөрийн биеэр мэдэрч суралцсан гэж үзэж байна. Цаашид аймаг орон нутагт дадлага сургууль зохион байгуулах нь зүйтэй.

Зарим иргэд бухимдаж хөл хорионы үед мэргэжлийн байгууллагын шаардлагыг биелүүлэхгүй байх тохиолдол гарсан. Энэ бол цар тахал. Үхэх сэхэхээ үзэх цаг үед бид амьдарч байгааг анхаарах ёстой.

УИХ-ын сонгуулийн үеэр халдвараас сэргийлэх чиглэлд УОК-оос СЕХ-нд зөвлөмж өгөх хэрэгтэй. Зургаадугаар сарын 2-ноос сурталчилгаа эхэлнэ. Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулах зорилгоор иргэдтэй уулзах үеэр бид анхаарал сонор сэрэмжтэй байх ёстойг анхааруулж байна. Сурталчилгааны үеэр халдваргүйжүүлэлт хийх, аюулгүй байдлыг хангах ажил боломжийн байгааг би хэд хэдэн суманд ажиллах үеэрээ харлаа. Энэ ажлаа улам сайжруулах хэрэгтэй. Төрийнхөө сонгуулийг зохион байгуулахад, төрийн бүх байгууллагууд дэмжиж оролцох үүрэгтэй. Нэр дэвшигчид сурталчилгаагаа хийж олон нийтийг цуглуулахдаа иргэд хоорондын зай баримтлах, амны хаалт зүүх зэрэг УОК-оос гаргах журмыг мөрдөхийг анхааруулж байна.

Коронавируст халдвараас сэргийлэх, эрүүл ахуй, халдвар хамгааллаас сэргийлэх, амны хаалт зүүх аяныг үргэлжлүүлэх шаардлагатай байна. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэдийн сэтгэл зүй эмзэг байдаг тул хэвлэл мэдээллийн хэрэгслүүд баталгаатай эх сурвалжийн мэдээллийг дамжуулахыг анхааруулж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байна гэх түгшүүртэй мэдээлэл гарах боллоо. Иргэд ажилгүй болж, гэртээ байснаар архидалт нэмэгдэх болж. Тиймээс гэр бүл, хүүхдүүдэд зориулсан гэгээлэг нэвтрүүлгийг хүргэхэд анхаарах хэрэгтэй байна. 

Гадаадын улс орноос иргэдээ татан авчрахдаа дотоодын нөөц бололцоогоо үнэн бодитойгоор тооцоолох шаардлагатайг гадаадад байгаа иргэд маань ойлгох хэрэгтэй. Эх орондоо ирэх хүсэлтэй байгаа 10 мянган иргэнээ нэг дор авчрах боломжгүй. Бид улс үндэстнийхээ аюулгүй байдлыг бодож нөөц боломжиндоо тулгуурлан иргэдээ татаж байна. Эмх замбараагүй олон иргэнээ авчирвал Монгол Улс аюулд өртөнө. Тиймээс УОК аюулгүй байдлаа нэн сайн хангасны дараа үе шаттайгаар иргэдээ татна. 

  Улсын хилийг одоогоор нээхгүй. Хэзээ нээх вэ гэдгийг хэлж мэдэхгүй, нөхцөл байдал тайван болсон цагт нээнэ. Коронавирусийг дарах вакцин гарсан үед манай улсын өндөржүүлсэн бэлэн байдал дуусна. Тэр болтол ард иргэдийнхээ амь насыг авран хамгаалах ажлаа зохион байгуулах ёстой гэж үзэж байна. УОК ард иргэддээ худал мэдээлэл өгөхгүй, нөхцөл байдлыг бодитойгоор мэдээлнэ. Ард иргэд маань төр засаг, УОК-ын шийдвэрийг дэмжиж, хамтран ажиллаж байгаад Ерөнхий сайдын хувьд талархаж байна" гэв.