АНУ: БНХАУ-ыг хулгайд буруутгав

БНХАУ-ын хакерууд коронавирусний эмчилгээ, вакцины талаарх мэдээллийг хулгайлахыг завдсан гэж АНУ-ын Холбооны мөрдөх товчоо мэдээлсэн нь Вашингтон, Бээжингийн хооронд өрнөж буй маргааныг улам даамжруулжээ.

 

Холбооны мөрдөх товчоо, Цахим аюулгүй байдлын агентлагийн мэдээлснээр, “COVID-19”-ийг судалж буй байгууллагууд Хятадын цахим халдлагад өртөх эрсдэлтэй байгаа бөгөөд тус улсын Засгийн газартай холбоотой бүлгүүд вакцин, эмчилгээ, оношилгооны талаарх мэдээлэл, үнэ цэнэтэй оюуны өмчийг олж авахыг завдаж байгаа ажээ.

 

Хятад улс эдгээр салбарыг онилж буй нь “COVID-19”-ийн эсрэг авч хэрэгжүүлж буй манай улсын хариу арга хэмжээнүүдэд ноцтой аюул учруулж байна гэж дээрх байгууллагууд мэдээлсэн боловч уг мэдээллээ нотлох ямар нэгэн жишээ дурдаагүй байна. Дэлхий даяар 293 мянга гаруй хүнийг нас барахад хүргэсэн цар тахлын улмаас талууд маргалдаж буй үед энэ мэдээлэл гарчээ.

 

Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ыг вирусний гарал үүслийг нуун дарагдуулж, халдварт өвчинтэй тэмцэх, судлах чиглэлд хамтран ажиллахгүй байна хэмээн буруутгаж байгаа юм.