АН-ын бүлэг эрх баригчдын ажлыг үнэлэх ажлын баг байгуулна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан энэ долоо хоногт хааж байгаатай холбогдуулан хэлэлцэх асуудлуудыг хэлэлцжээ. Мөн цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдал болон өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж байгаа талаарх мэдээлэл сонсчээ. 

 

Өргөн хэрэглээний зарим бараа, ялангуяа барилгын материалын үнийн хөөрөгдөл их байгаа тухай албаныхны мэдээллийг сонсож энэ талаар арга хэмжээ авах шаардлагатайг онцолж байлаа. Мөн коронавируст халдварын цар тахлын улмаас иргэдийн эдийн засгийн хүндрэлийг даван туулах асуудлыг хуулийн хүрээнд зохистой шийдвэрлэх шаардлагатайг гишүүд тэмдэглэв. Ингэхдээ, эрх баригчид сонгуульд зориулсан худал амлалт, үр дүнгүй ажил өрнүүлж улсын эдийн засагт нөлөөлж болохгүйг дурдав.

 

Цар тахлын нөхцөл байдал дэлхийн даяар улам хүндэрч байгаа тул эдийн засгийн байдалтай холбоотой арга хэмжээ авч эрх баригчдын ажилд үнэлгээ өгөх, урьдчилан сэргийлэх зорилготой ажлын баг байгуулахаар боллоо.