Монгол Улсад коронавирусээр халдварласан 42 дахь тохиолдол бүртгэгдлээ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр энэ сарын 3-нд ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрчээ. Энэ нь Монгол Улсад коронавирусээр халдварласан  42 дахь тохиолдол болж буйг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

 

ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр 44 хүнд шинжилгээ хийжээ. Үүнээс сэжигтэй хоёр тохиолдол байсан бөгөөд Өмнөговь аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарчээ. Харин Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр энэ сарын 3-нд ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэний давтан шинжилгээнээс ийнхүү коронавирус илэрчээ.

 

Уг өвчтөнд энэ сарын 7-нд толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, хамар битүүрэх, нус гарах, ядарч доройтох, дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдэг тод илэрсэн тул давтан шинжилгээ хийсэн юм байна. 

 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 29 хүн эмчлүүлж байгаа бол 13 хүн эдгэрчээ. Эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдал тогтвортой байгаа аж.