Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дадлага сургуулилалтын үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан  “Ковид-19” халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл явцтай танилцлаа.

Дадлага сургуулилалт болоод цаг үеийн нөхцөл байдлыг Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр танилцууллаа. Энэхүү дадлага сургуулилалтад улс, нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб болон  9 дүүрэг, 21 аймгийн Шуурхай штабууд тодорхой цагийн байдал дээр дэлхий нийтэд тархаад буй цар тахлын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагааг зохион байгуулах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа гэдгийг тэрбээр онцолж хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Улсын Онцгой комиссоос санаачлан зохион байгуулж буй цар тахлаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулилалтад амжилт хүсэхийн сацуу халдварын тархалтаас улс орноо хамгаалах хамгийн эхний алхам бол урьдчилан сэргийлэх явдал гэдгийг онцолж хэллээ. Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсад коронавирусын халдварын 41 тохиолдол бүртгэгдсэн. Энэ бол биднийг ямар эрсдэлтэй нөхцөлд байгааг харуулж байна. Халдварын тархалтыг үндэсний хэмжээнд гаргахгүй байх, ард иргэдийг аюулгүй байх орчныг бүрдүүлэхийн тулд бид өмнөх саруудаас илүү зохион байгуулалттайгаар ажиллаж байна. Иймээс өнөөдрийн дадлага сургуулилтыг хийж байгаа юм" гэв.

Мөн энэ үеэр Улсын Онцгой комиссын  Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллэх төвийн үйл ажиллагаатай албаныхан танилцлаа. 

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс