Хүүхдийн мөнгийг аравдугаар сарын 1 хүртэл 100 мянган төгрөг болгов

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн эмзэгт бүлэгт санхүүгийн дэмжлэг үзүүлэх хоёр тогтоолыг баталжээ.

Тодруулбал, Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед төсвийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай, Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед эдийн засгийг сэргээх, эмзэг бүлгийн нийгмийн хамгааллыг сайжруулах II багц арга хэмжээний тухай тогтоол баталснаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХНХ-ын сайд С.Чинзориг, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нар хэвлэлийнхэнд танилцууллаа.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “18 хүртэлх насны хүүхэд бүрт энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл сар бүр хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон олгоно. Дөрөвдүгээр сард хүүхдийн мөнгөнд 30 мянган төгрөг олгосон. Үлдсэн 70 мянган төгрөгийг ойрын хугацаанд нөхөж олгох юм. Үүнд нийт 547 тэрбум төгрөг зарцуулна. 2016 оноос хойш улсын төсвийг сайжруулахаар хичээж, хэдэн төгрөг хуримтлуулснаа зарцуулж байна. Мөн нийгмийн халамжийн дэмжлэг шаардлагатай бага орлоготой насанд хүрсэн 122.3 мянган хүн бий. Дэмжлэг шаардлагатай хүн бүрт сард 16 мянган төгрөг өгдөг байсныг энэ оны тавдугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл 32 мянган төгрөг болгож байгаа. Энэ хугацаанд 118 мянган хүүхдэд олгодог 8 мянган төгрөгийг 16 мянга болгоно. Мөн хугацаанд нэг сард 188 мянган төгрөгийн нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг 3600 ахмад, хөгжлийн бэрхшээлтэй 42.5 мянган иргэн, 116 одой иргэн, тэжээгчээ алдсан 16.5 мянган хүүхэд, өрх толгойлсон эцэг эхэд 100 мянган төгрөг олгоно. Үүнд 31.3 тэрбум төгрөг зарцуулна” гэлээ.

Малчин өрхүүдэд ноолуурын урамшуулал болгож тушаасан ноолуурын 1 кг тутамд нь 20 мянган төгрөг олгох болжээ.