БОГД-ХАН УУЛЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ


Нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшилтын зэрэг их, түймрийн эрсдэл өндөр, ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт ихтэй өдрүүд тохиож байгаа бөгөөд 3-р сарын 20-ноос 6-р сарын 10, мөн 9-р сарын 20-с 11-р сарын 10-ны өдөр хүртэл хугацааг ой, хээрийн түймэр гарах эрсдэлтэй өдрүүд гэдэг.
Үүнтэй зэрэгцэн иргэдийн хариуцлагагүй, ухамсаргүй үйлдлээс шалтгаалан ой, хээр, шар өвсний түймэр 17 бүртгэгдээд байгаа бөгөөд онцгой байдлын албан хаагчид, цагдаа, хөдөлгөөнт эргүүл, Богд-Хан уулын байгаль хамгаалагчид, хөдөлгөөнт эргүүлийнхэн зэрэг нийт 1200 албан хаагчид 224 байршилд өндөржүүлсэн бэлэн байдалд, уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.
Тэдний ажилд туслах, дэмжлэг үзүүлэх зорилгоор “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ, “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах” төсөл, “ENSURE” төсөл, “Аялал жуулчлалын хөгжлийн төв” зэрэг байгууллагууд сайн дураараа нэгдэн хандив цуглуулж гал унтраахад зориулан гар доорх материалаар хийсэн 56 ширхэг багаж, 350 ширхэг цэвэр ус, 150 ширхэг маск, 200 хос ажлын бээлий мөн 85 ширхэг ус зөөх сав, 3 ширхэг 1 тонны ус нөөцлөх сав зэргийг бэлтгэснээ өнөөдөр гардуулан өглөө.

Мөн иргэдийг дор бүрээ хариуцлагатай байж тамхины ишээ бүрэн унтрааж, шашны аливаа зан үйл хийхдээ ил гал гаргахгүй, арц хүж, зул, лаа зэргийг орхихгүй байх, үнс нурмаа ил задгай асгахгүй байх, хүүхдийг чүдэнз, асаагуур бусад гал гарах эд зүйлтэй явуулахгүй байх зэрэг иргэний үүргээ биелүүлж гал гарах нөхцөлийг бүрдүүлэхгүй байхад анхаарах, гал гарсан тохиолдолд гал унтраахад гар бие оролцож байхыг иргэддээ уриалж байна.