ДЭМБ: Халдвар авсан хүний тоо ойрын өдрүүдэд нэг саяд хүрэх төлөвтэй байна

Дэлхий даяар 900 мянга гаруй хүнд халдварлаж, 45 мянга гаруй хүнийг нас барахад хүргэсэн коронавирусний халдварын тархалт хурдацтай нэмэгдэж буйд "ихээхэн санаа зовниж байна" гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдэгдлээ.

 

“Сүүлийн таван долоо хоног гаруйн хугацаанд “COVID-19” халдварын тохиолдлын тоо хурдацтай нэмэгдэж, бараг дэлхийн бүх улс орон, нутаг дэвсгэр, бүс нутагт бүртгэгдлээ” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

“Түүнчлэн халдварын улмаас нас барсан хүний тоо сүүлийн долоо хоногт хоёр дахин нэмэгдлээ. Халдвар авсан хүний тоо ойрын өдрүүдэд нэг саяд, нас баралт 50 мянгад хүрэх төлөвтэй байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээр халдвар анх дэгдсэн БНХАУ-д шинэ халдварын тохиолдлын тоо буурч, шинж тэмдэггүй тохиолдлуудын тоог мэдээлж эхэлсэн байна. АНУ-ын хувьд коронавирусний халдварын тохиолдлын тоогоор нэгдүгээрт бичигдэж эхэлсэн юм. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээлснээр, АНУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо пүрэв гаргаас хойш хоёр дахин нэмэгдэж, тус улсад нийт 200 мянга гаруй хүн халдвар авч, 4500 хүн нас баржээ.

Халдварын цөөн тохиолдол бүртгэгдсэн Африк, Төв Америк, Өмнөд Америкийн хөгжиж буй орнуудад халдвар нэмж тархахаас урьдчилан сэргийлэх, тархалтыг нэмэгдэхэд нөлөөлж болзошгүй эдийн засаг, нийгэм, улс төрийн уналтыг зогсооход тусламж шаардлагатай байгааг ДЭМБ-ын тэргүүн онцолжээ. Тэдгээр оронд оношлох, шинжлэх, тусгаарлах, эмчлэх, ойрын хавьтлыг тогтоох бололцоо бий эсэхийг баталгаажуулах хэрэгтэй гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Мөн Т.Гебрейесус эмзэг хүн амыг хамгаалах нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг Засгийн газруудад уриалжээ. Жишээ дурдвал, Энэтхэгийн Ерөнхий сайд ирэх гурван сарын хугацаанд ард иргэдээ үнэгүй хоол, ахуйн хийгээр хангах зэрэгт 24 тэрбум ам.долларыг зориулахаа амлажээ.

Т.Гебрейесусын мэдээлснээр, халдварын эсрэг хамгийн үр дүнтэй эмчилгээг олохоор 74 орны туршлагыг харьцуулж байгаа бөгөөд дөрвөн эмийн үр дүн, аюулгүй байдлыг судалж байгаа ажээ.