Хубэй мужаас гадна бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусний халдварын тоо буурчээ

Хятад улсад мягмар гарагт шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны 2015 шинэ тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас 97 хүн нас баржээ.

Үндэсний эрүүл мэндийн комиссын өдөр тутмын тайлан мэдээнд дурдсанаар, мягмар гарагийн оройны байдлаар коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо 44653 хүрч, нийт 1113 хүн нас барсан байна. 

Мөн мягмар гарагт 744 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүмүүсийн нийт тоо 4740 хүрчээ. Тухайн өдөрт нас барсан хүмүүсийн 94 нь Хубэй мужид бүртгэгдсэн бол Хэнань, Хунань, Чунчинд тус тус 1 хүн нас баржээ.

Хятадын төв нутгийн Хубэй мужаас гадна бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусний халдварын тохиолдлын тоо сүүлийн 8 хоног дараалан буурсан гэж Үндэсний эрүүл мэндийн комисс лхагва гарагт мэдээлсэн байна.

Мягмар гарагт Хубэй мужаас гадна коронавирусний халдварын 377 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд уг үзүүлэлт энэ сарын 3-10-ны өдрүүдэд 890, 731, 707, 696, 558, 509, 444, 381 болж буурчээ.