Д.Тогтохсүрэн:Үзэж сонирхлоо гээд хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэнэ гэвэл хүлээхэд бэлэн

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн УИХ-ын гишүүд казино тоглосон эсэх асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “УИХ-ын таван  гишүүн  УИХ-ыг даргын хамт Австрали улсад болсон Олон улсын парламентын холбооны 28 дахь чуулганд оролцоод ирлээ.

13-16нд чуулганд оролцоод олон ч албаны уулзалт хийсэн. Манай бүрэлдэхүүн өчигдөр орой Монголд ирсэн. Энэ сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүдийг Сидней хотоор аялуулах хөтөлбөр байсан. Энэ хүрээнд худалдааны гудамж, худалдаа үйлчилгээ, казиногийн том төвөөр орж танилцсан. Гурван гишүүн, Элчин сайдын хамт орсон. УИХ-ын гишүүн Лүндээжанцан, Эрдэнэбат бид гурав Элчин сайд Чулуунхүүтэй хамт энэ төвийн үйл ажиллагаатай танилцахаар ороод гарсан. Энэ явцад бидний зургийг авсан байна билээ. УИХ дээр казиногийн тухай хууль боловсруулах, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ удаагийн УИХ амжвал казиногийн тухай хуулийг хэлэлцэе гэж ярьсан. Эрдэнэбат гишүүн бид хэд ярилцаад хууль хэлэлцэнэ, ойлголттой больё гээд орсон, сонирхсон. Элчин сайдтайгаа, сөрөг хүчний дарга, УИХ-ын мэргэшсэн ахмад гишүүнтэй хамт орсон. Бид бөөн бөөнөөр ороод тоглоод сууж байна гэдэг боломжтой зүйл мөн үү. Яагаад ч тоглох боломжгүй. Тоглоогүй. Би та нарын тавьсан зургийг харсан. Бид судлаагүй, үзэж сонирхсон гэдгийг ахиад хэлье. УИХ-аар хууль орж ирвэл ойлголттой байя гэж л бодсон.  Хэрвээ үзэж сонирхсон гээд хариуцлага хүлээлгэх хууль эрхзүй байгаа бол хүлээхэд бэлэн” гэлээ.