МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулсан уу?

Засгийн газар энэ есдүгээр сараас хэрэгжиж эхлэх байсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудын хэрэгжих хугацааг хойшлуулах төсөл өргөн барина гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Тэгэхээр ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан дээрх хоёр хуулийн мөрдөж эхлэх хугацааг 2017 оны долдугаар сарын 1-нд болгож сунгах нь тодорхой болов. Хуулийн хэрэгжих хугацааг сунгаж буйгаа МАН-ын Засгийн газар эдгээр хуулиудыг дагаж мөрдөх бэлтгэл ажлыг хийнэ гэж тайлбарлаж буй. Дээрх хоёр хуулийг дагаж гарах ёстой процессын хууль болон Цагдаагийн тухай хууль, Прокурорын тухай хууль, Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай хууль, Хохирлыг барагдуулах сангийн тухай хуулийг өмнөх парламент ёсчлоогүйтэй холбоотой гэнэ. Хэрэв дээрх процессын хуулийг ёсчилсон бол эрх зүйн шинэчлэл бүрэн утгаараа бий болох байсан бололтой. Харамсалтай нь батлаж чадаагүйн улмаас дээрх хуулиудыг нэг жилээр хойшлуулах шалтгаан болсон гэнэ. Энэ бол зүгээр л МАН-ынхны тайлбар гэж харах хүн олон байна.

Ардчилсан нийгмийн үнэт зүйл, зарчим, улс орны хөгжлийн шаардлагад нийцсэн эл хуулиудыг цаг хугацаа алдахгүй, хэрэгжүүлэх ёстой гэж хуулийнхан үзэж байгаа юм. Хугацаа алдсанаар юу алдах вэ. Эндээс хэн хохирох вэ, жирийн иргэд л хохирох юм. Манай улсад төрийн залгамж халаа байдаггүйн нэг жишээ нь дээрх хуулийг хойшлуулж буйн нэг илрэл.

Хамгийн эхний хардлага бол өмнөх эрх баригчдын шийдвэрийг дараагийн эрх баригчид нь нурааж буйн эхлэл. Ёсчлоогүй процессын хуулийг өмнөх УИХ-ын эхлүүлсэн ажил гэж улс төржилгүйгээр үргэлжлүүлэн одоогийн УИХ хэлэлцээд, батлаад явж болох ч тийм зүйл болохгүй нь бололтой. Учир нь дээрх хуулийн төслүүд боловсруулагдаад эмхлэгдчихсэн. Үүнийг дагаад цөөнгүй ажлын хэсэг байгуулагдаж, олон чиглэлээр судалгаа хийгдээд ихээхэн хөрөнгө мөнгө зарцуулагдчихсан, өнөөгийн УИХ-аар хэлэлцэн батлахад болохгүй зүйл үгүй. Гэвч тэгсэнгүй. Хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахаар дээрх хуулиудад өнөөгийн эрх баригчид өөрийн үзэмжээр хандах, засвар оруулах боломж бүрдэж буйг орхиж болохгүй. Ингэснээр дахин цаг хугацаа алдахаас хэтрэхгүй юм. Тэр хооронд мөн л Гэмт хэргийн тухай хууль тийм заалт, ийм заалт хэрэггүй гэж маргах хүн захаасаа аваад гараад ирэх биз. Мөн хуулиудыг дагаад тийм байгууллага байх ёстой, ёсгүй гэх маргаан дахиад хэдий хэр үргэлжлэх юм, мэдэхгүй.

Дэлхийн хандлагаас харахад Эрүүгийн хууль юун түрүүнд хувь хүнийг хамгаалахад чиглэгддэг. Харин манай улсад төр, үндэсний аюулгүй байдал гэх мэт том хэргүүдээс эхэлдэг. Монгол Улс хэдийгээр Үндсэн хуулиндаа хувь хүний халдашгүй эрхийг хамгаална гэж заасан ч Эрүүгийн хуулиараа бүрэн хамгаалж чадаагүй байсан юм. Иймд Эрүүгийн хуульд заасан хэм хэмжээг тодорхой болгох, ойлгомжгүй буюу оновчгүй хэрэглэсэн зарим нэр томъёог залруулах, олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх талаар нарийн судлан үзсэний үндсэн дээр Гэмт хэргийн тухай хуулийн төслийг /Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга/ боловсруулсан байдаг. Зөрчлийн тухай хуулийн төсөл 16 бүлэгтэй бөгөөд хуулийн төслийн Ерөнхий ангид зарчмын шинжтэй зүйлүүдийг Гэмт хэргийн тухай хуулийн ерөнхий ангитай уялдуулан тусгажээ. Тийм учраас энэ хоёр хуулийг салган хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг хуульчид хэлж байна.

Тухайлбал, одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиар хохирол ихтэй олонхи хэргийн хувьд тухайн хүн хохирлыг барагдуулсан ч гэсэн заавал шоронд явдаг.