Мисс Ц.Аззаяа “Эх дэлхийн мисс” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцоно

Мисс Ц.Аззаяа дэлхийн Топ дөрвөн миссийн тэмцээний нэг болох “Miss Eart-2019-Эх дэлхийн мисс” тэмцээнд оролцох үндэсний ялагчаар тодорч, Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болсон байна. Тэрбээр ирэх аравдугаар сарын 1-нээс Филиппин улсад зохион байгуулагдах “Miss Eart-2019” тэмцээнд 90 гаруй орны үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй бүтэн сарын турш авьяас билэг, мэдлэг чадвар, гоо үзэсгэлэнгээрээ уралдаж, тэргүүн титмийн төлөө өрсөлдөх аж.

 

Мисс Ц.Аззаяагийн хувьд “Mисс Mонголия-2015” тэмцээний Tэргүүн мисс, Aзи тивийн Tэргүүн миссийн титмийн эзэн билээ.

Түүнийг Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Чаминчулууны ач охин, дуучин Д.Ширмэнтуяагийн охин гэдгээр нь хүмүүс андахгүй. Урлагийн гэр бүлд төрж, өссөн тэрбээр Соёл урлагийн их сургуулийн Хөгжимт театрын жүжигчний ангийг төгссөн. Их сургуулиа төгссөний дараагаар Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллаж байсан. Харин загварын карьераа 15 настайгаасаа эхэлсэн тэрбээр Топ модель Х.Бадамгэрэлийн гарын шавь юм.