Угтаалцайдамынхны завгүй өдрүүд

Анхдагчдын шан бүдгэрээгүй нутаг

Төв аймгийн Угтаалцайдам сум гэхээр шаширлан найгасан их тариа, шаагин асгарсан арвай буудай төсөөлөгддөг. Атрын анхны шанг татсан хөдөлмөр бүтээлийн алдартнуудын өлгий нутгийг өөрөөр хэрхэн төсөөлөх билээ. Энэ сумын түүх тэр чигтээ атар газар эзэмшсэн түүх.

1961 онд Сонинхангай нэгдэл гэж байхад Улаанбаатар хотоос шижигнэсэн 76 залуу илгээлтээр ирж энэ нутагт атрын анхны шанг татсан түүхтэй ажээ. Сум, нэгдлийн төвөөс холгүйхэн хэдэн гэр бариад ажлаа эхэлж байсан атарчид тун удалгүй улс даяар алдар цуугаа цуурайтуулжээ. Тухайн үед Угтаалцайдам сум нийт 30 мянган га эдэлбэр талбайд тариалалт явуулж, 1973 оны өндөр ургацын жил 54 мянган тонн улаан буудай хураан авч улсад тэргүүлж байсан гэдэг. Угтаалчууд энэхүү хөдөлмөрийн амжилтаа буухиалан улсын ургацын аваргаар таван удаа шалгарсан бахархам амжилтын эзэд ажээ. Эдүгээ ч тэр л анхдагчдын татсан алтан тарианы шан бүдгэрээгүй байгааг ажилсаг, хөдөлмөрч нутгийн зон олон нотлон харуулсаар байна.

Угтаалцайдамынхны завгүй өдрүүд

1965 оны намар тариан талбайд гарсан түймрийг унтраах гэж яваад амиа өргөсөн цэл залуу 19, 20 настай охид, хөвгүүдийн гэгээн дурсгалд зориулсан хөшөө. Төв, Угтаалцайдам сум. 

Угтаалцайдамынхны завгүй өдрүүд

“Ёл тариа” компанийн тариан талбайд 

Тос даасан үржил шимт бор хөрсөнд нь хувхай саваа унагасан ч ургаж навчилмаар өгөөж дэлгэр, баян сайхан хангай ажээ, Угтаалцайдам. Гэхдээ газар дэлхийн энэ их хишиг буяныг хөлсөө дуслуулж хөдөлмөрлөж чадсан хүн л хүртэнэ. Тиймээс хэзээ мөдгүй цагаан хяруу дарайх гэж байгаа намрын илүү дунд сарын энэ өдрүүдэд Угтаалцайдамынхан амсхийх завгүй ажиллаж байна. Сумын төвд нь эль хульхан. Хүүхэд, хөгшдөөс бусад нь бараг бүгд хадлан, тарианы ажилдаа гарчээ. Тээл Цээл, Ятуутын хөндий, Бор хужир гээд хаана л бол хаана тариан талбай хивс адил өнгө алаглаж, буудай тээсэн хүнд даацын машинууд цувна. Өвсний сөл хатахаас өмнө өрсөж хадлангаа авахаар өдрийн нартай уралдаж буй хадланчид дүнхийсэн нуруу энд тэндгүй босгосон харагдана. Намрын илүү дунд сар хуучирч байгаа юм хойно арга ч үгүй биз. Төмс, хүнсний ногоо хураах ажил ч ид өрнөж, шинэ ургацын дээжээ аль хэдийнэ улсын нийслэл рүү илгээж эхэлсэн байна. Ерөөс тариа, буудай, үтрэм, төмс, хүнсний ногоо, хадлан гэсэн үгсээр энэ нутгийн намрыг тодорхойлж болох мэт.

Угтаалцайдамынхны завгүй өдрүүд

Болц оройтсон ч ургац алдахгүй

2772 хүн амтай Угтаалцайдам суманд газар тариалан эрхэлдэг 24 аж ахуйн нэгж байдаг гэхээр яах аргагүй атрын анхдагчдын өлгий, газар тариалангийн бүс нутаг гэдэг нь харагдана. Сумын Засаг дарга Д.Батбаярын танилцуулснаар тус сумын хэмжээнд 36 мянган га эргэлтийн талбайтайгаас энэ жил 13 мянга гаруй га-д тариалалт, 15 мянган га талбайд уринш хийсэн гэнэ. Нийт 9341 га-д улаанбуудай үлдсэнд нь тосны ургамал, төмс хүний ногоо тариалжээ. Угтаалцайдамын хувьд 36 мянган тоннын багтаамжтай тариа хадгалах элеватортой. 2013 онд ашиглалтад орсон энэхүү элеваторт Төв аймгийн бүх тариаланчдын нийлүүлсэн буудайг хадгалах боломжтой гэхээр хэр том байгууламж вэ гэдэг нь тодорхой. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдгийн жишээ энэ бизээ. Түүнчлэн өөрсдийн хураасан тариагаа нөөцөлж хадгалах бичил элеватортой аж ахуйн нэгж ч Угтаалцайдамд бий аж.

Тухайлбал, “Чандмань дөл” ХК ийм агуулахтай. Эднийх 350 тоннын босоо агуулах барьж, өөрсдийн хураасан тариа, хадгалж, үрээ нөөцлөх болсон байна. Үүгээрээ тус компани аймагтаа анхдагч гэнэ. Мөн сумынхаа аж ахуйн нэгжүүдээ хамгийн анх тариалангийн талбайгаа бүрэн хашаажуулсан ажээ. “Чандмань дөл” компанийн захирал захирал Б.Баян-Өлзийтэй тариан талбайд нь уулзаж ярилцахад энэ жил байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан тарианы болц оройтсон ч есдүгээр сар дуустал цаг агаар таатай байвал хангалттай ургац авах болов уу хэмээн ярьж байв. 2010 онд улсын аварга тариаланч хамт олон болсон тус компанийнхан жилд 600-800 га-д тариалдаг.  Жилд га-гаас 14-29 центнер ургац хураадаг бөгөөд энэ жил тарианы болц оройтож байгаа учир га-гаас хураах тариа 13-16 центнер хүрэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа гэнэ. Эдний компани есдүгээр сарын 25-наас тариагаа хурааж эхлэхээр төлөвлөж бэлтгэлээ хангаж байгаа ажээ.  

Угтаалцайдамынхны завгүй өдрүүд

Зүүн гар талаас Угтаалцайдам сумын ХХАА-н мэргэжилтэн Цогтбаяр, “Чандмань дөл” компанийн захирал Б.Буян-Өлзий

Угтаалцайдам сумын хэмжээгээр зургаа, долоодугаар сард гантай байсан нь тарианы ид өсөлтийн үед таарч, наймдугаар сарын 20-доор олон хоног үргэлжилсэн бороо орсон нь болц оройтох гол шалтгаан болжээ. Тус сумын тариалан эрхлэгчдийн хувьд автоматжуулсан усалгааны системгүй тул байгалийн  хур бороо хүлээж, тэнгэрийн царай хардаг нэг бэрхшээл бий аж. Тиймээс энэ жил тариа хураалт нэлээд оройтож эхэлж байгааг тариаланчид хэлж байв.   

Зөвхөн Угтаалцайдамд төдийгүй улсын хэмжээнд ч адилхан байгаа гэнэ. Тоо баримт дурдахад, энэ онд улсын хэмжээгээр  364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.1  мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийжээ. Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн  тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн тооцоо гарч байгаа ажээ.

Угтаалцайдам сумын “Уушгийн баян” компанийн хувьд өнгөрсөн долоо хоногийн дундуур тариа хураалтаа эхэлж, эхний тариа үтрэм дээр буужээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Ү.Алдарын ярьснаар буудайн өсөлт хөгжлийн гол үед бороо ороогүйн улмаас гангийн нөлөөнд орж, наймдугаар сарын борооны улмаас тариа буцаж ногоорон болц нь оройтсон тул Дарханы газар тариалангийн хүрээлэнгээс зөвлөмж болгосон технологийн нарийн горимоор, тусгай арга хэрэглэн ангилан хадалт хийж байгаа гэнэ.

“Уушгийн баян” компани 3185 га эргэлтийн талбайтайгаас энэ жил 1900 га-д тариалалт хийсэн юм байна. Үүний 150 га-д тосны ургамал, 150 га-д тэжээлийн ургамал, 1600 орчим га-д улаанбуудай тариалжээ. Үндсэн 14 ажилчинтай, ид ачааллын үед 10-20 түр ажлын байр гаргаж орон нутгаасаа ажиллах хүч авдаг гэнэ. Эдний компанийн хувьд онцлох нэг зүйл нь сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай техникүүдтэй. Комбайн нь л гэхэд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээлээр авсан хамгийн сүүлийн үеийн нэвтрүүлэх чадал өндөртэй техник аж. Уг комбайны жатка буюу тариа хадагч хүрдэн эргүүлэг л гэхэд есөн метр өргөн. Хуучны “Нива” комбайнтай зүйрлэх аргагүй өргөн талбайгаар хадна гэсэн үг. Мөн бункер нь долоон тоннын багтаамжтай. “Нива”-гийнх бол хоёр тонн тариа багтдаг. Ийм өндөр хүчин чадалтай комбайнтай учир тариа бүрэн болсон тохиолдолд ургац хураалтыг богино хугацаанд хийх боломжтой. “Уушгийн баян” компани дээр өгүүлсэн өндөр хүчин чадалтай хоёр комбайнтай бөгөөд нэг нь өдөрт 70-80  га талбайн тариаг хадах хүчин чадалтай гэхээр нийт талбайнхаа тариаг арваад хоногт хураана гэсэн үг. Мөн тариагаа  үтрэм рүү зөөх машин нь 22 тоннын даацтай. Олон удаа явж шатахуун гарздахгүй, комбайн нь бункер нь дүүрчихээд машинаа ирэхийг хүлээж цаг алдахгүй гээд олон давуу талтай ажээ.

Угтаалцайдамынхны завгүй өдрүүд

Атрын анхны шанг татсан "Нива" комбайн

Угтаалцайдамынхны завгүй өдрүүд

Орчин үеийн "Acros585" комбайны жатка буюу тариа хадагч хүрдэн ир 9 метр өргөн. 

Технологийн дэвшил, ТЭДС-гийн дэмжлэг

Техникийн өндөр хүчин чадал гэдэг хоёр талтай. Бага талбайд тариалдаг аж ахуйн нэгжүүдэд бол дээрх өндөр чадалтай комбайны хэрэгцээ байдаггүй гэнэ. Тухайлбал, “Уушгийн баян” компанитай зэргэлдээ талбайд тариалалт хийсэн “Ёл тариа” компанийн хувьд 400 га-д улаанбуудай тарьсан гэнэ. Тус компани болц оройтдог боловч гарц сайтай “Дархан-144” сортын буудай тариалсан бөгөөд ангилан хадаж эхэлсэн байна. Техникийн хувьд хуучны “Нива” комбайнтай. Бага талбайгаас тариа хураахад “Нива” тохиромжтой, дээр нь сэлбэг олдоцтой, хямд байдаг хэмээн тус компанийн механикч Хишигхүү өгүүлсэн. Угтаалцайдам сумын атрын анхдагчдын араас газар тариалангийн салбарт хөл тавьж, хагас зуун жил шахуу улаан “Нива”-гийн жолоо мушгиж байгаа удам залгасан тариаланч, механикжуулагч Хишигхүү гуайн хувьд шинэ залуусаа сургахад анхаарч шавь, туслахуудаа бэлдэж байгаа гэсэн.  

Дээр хэлсэнчлэн цаг агаарын өөрчлөлт, техник технологийн дэвшил зэргээс шалтгаалан газар тариалангийн салбарын арга ажиллагаа, технологид нэлээд өөрчлөлт гарч байгааг Угтаалцайдам нутгийн тариаланчид ярьж байлаа. Тухайлбал, талбайгаа нэг жил өнжүүлэн уринш болгодог технологи бага хүчин чадалтай техниктэй тохиолдолд оновчтой байсан бол эдүгээ уринш бэлтгэхийн оронд талбайгаа зурваслан тариалах аргыг хэрэглэдэг болсон гэнэ. Мөн хөрс хамгаалах технологийн  хувьд сүрлэн хучлага бий болгох замаар хөрсөө уриншлан хагалалгүй хамгаалах технологи нэвтэрчээ. Тариаланчдад тулгардаг  нэг бэрхшээл нь намар ургац хурааж дууссаны дараа талбайд нь мал орж хөрс сүйтгэдэг байна. Талбайгаа хашаалаад орхихоор эвдэрч сүйдэх, алга болох талтай. Харин ХХААХҮЯ-наас “Хашаа” төсөл хэрэгжүүлж илүү бөх бат хашаагаар тариалангийн талбайг хамгаалж эхэлсэн гэнэ. Угтаалцайдам сумын хэмжээнд уг төсөлд хамрагдан ирэх жил нийт 50 километр талбайг хашаажуулахаар болжээ.

Тариаланчдын магнайг тэнийлгэсэн нэг мэдээ бол энэ жил ТЭДС-гаас улаанбуудайг нэг тонныг нь 560-520 мянган төгрөгөөр худалдан авна. Үүнээс гадна нэг тонн буудайн урамшууллыг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 100 мянган төгрөг болгоно гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэдхэн хоногийн өмнө Угтаалцайдам сумын тариаланчидтай уулзах үеэрээ мэдэгджээ. Энэ бол тариаланчдад үзүүлж буй төр засгийн том дэмжлэг. Атрын гуравдугаар аяны үед нэг тонн буудайн урамшуулал 80 мянган төгрөгт хүрч байснаас хойш ийм өндөр урамшуулал өг байгаагүй. Тэгэхээр 100 мянган төгрөгийн урамшуулал гэдэг том дэмжлэг хэмээн тариаланчид ярьж байна.

Үүц таслахгүй ногоочид  

Төв аймгийн Угтаалцайдам сум газар тариалангийн гол бүсийн нэг төдийгүй төмс, хүнсний ногоогоор аймаг, нийслэлийн хэрэглэгчдийг хангахад багагүй хувь нэмэр оруулдаг байна. Сумын хэмжээнд төмс, хүнсний ногоо тариалдаг аж ахуйн нэгж олон. Тэдний нэг “Жаврай үр” компанийнхныг ургацаа ид хурааж байхад нь очсон юм. Тус компани энэ жил 80 га-д  төмс, 35 га-д лууван, 40 га-д сонгино тариалжээ. Мөн туршилтаар сармис нутагшуулан тарьсан нь арвин ургац өгчээ. Төмс, хүнсний ногооны хувьд ургац арвин байгаа гэнэ. Энэ нь тус компани автомат усжуулалтын системтэйн үр шим ажээ. Байгалийн эрхшээлд оролгүй байнгын усалгаатай талбайд тарьсан төмс, хүнсний ногоо арвин ургац өгөх нь аргагүй. Ургац хураалтаа есдүгээр сарын 01-нээс эхэлсэн гэнэ. “Жаврай үр” компанийнхан ХСИХ, БХИС-тай гэрээ байгуулан тус сургуулийн нэг, хоёрдугаар дамжааны сонсогчдыг ургац хураалтын ажилдаа оролцуулдаг аж. Энэ жил ХСИС-аас жилд 80, БХИС-аас 50, нийт 130 сонсогчтой ирж тус компанийн ургац хураалтад хүч нэмэгдүүлээд байгаа гэнэ. Оюутан залуус анги хамт олноороо ургац хураалтад оролцож байгаадаа сэтгэл хангалуун байгаа аж. БХИС-ийн 323 дугаар дамжааны сонсогч Б.Билгүүнтулга “Ургацын талбайд ирээд 20 дахь хоногтоо ажиллаж байна. Онжавуудтайгаа хамт ургац хураахад сайхан байна. Би өмнө нь огт тариа  ногоо хурааж үзээгүй. Гэхдээ энд  ирээд амархан сурч, дадлагажсан. Ажил хийж сурч байна. Ирэх жил дахиад ургац хураалтад явна” хэмээн ярив.

“Жаврай үр” компанийн захирал Б.Човдронгоос төмс, хүнсний ногооных нь борлуулалт, хадгалалтын талаар тодруулахад “Төмс, хүнсний ногоогоо хот руу борлуулдаг. Зах, хүнсний дэлгүүрэд түгээдэг. Манай компани 500 тоннын багтаамжтай гурав, 300 тоннын нэг зоорьтой. Тэндээ ногоогоо хадгалдаг. Тариаланчид бид эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор иргэдээ хангахсан гэж хичээдэг. Гэхдээ импортын хямд төмс, хүнсний ногоонд цохигдох нь их. Тиймээс төр, засгаар импортоор оруулж ирж буй хүнсний ногооны хил, гаалийн татварыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлээсэй гэж боддог. Ногоочдын хувьд улсын хэмжээний хэрэгцээг бүрэн хангах боломжтой” хэмээж байв. Үнэхээр ногоочдоо бодлогоор жаахан л дэмжчих юм бол хэрэглэгчдээ төмс, хүнсний ногоо, нарийн ногоогоор бүрэн хангаж, өвөл, хаврын үүц таслахгүй байх бүрэн боломжтой ажээ.  

Угтаалцайдамынхны завгүй өдрүүд

 

Угтаалцайдамынхны завгүй өдрүүд

Ургацын дээж үтрэм дээр иржээ

Угтаалцайдамынхны завгүй өдрүүд

Угтаалцайдамынхны завгүй өдрүүд

Зургаа, долдугаар сарын ган, наймдугаар сарын үргэлжилсэн бороо тарианы болцыг оройтуулжээ.

Угтаалцайдамынхны завгүй өдрүүд

Орчин үеийн энэхүү комбайнын бункер 7 тоннын багтаамжтай, харин ачааны машин нь 22 тонныг нэг удаа тээвэрлэнэ.

Угтаалцайдамынхны завгүй өдрүүд

Угтаалцайдамынхны завгүй өдрүүд

Усжуулалтын системтэй ногооны талбай ургац алдана гэж үгүй

Угтаалцайдамынхны завгүй өдрүүд

Энэхүү төмс хураагч комбайныг “Жаврай үр” компанийнхан Германаас худалдан авчээ. 

 

Угтаалцайдамынхны завгүй өдрүүд

Угтаалцайдамынхны завгүй өдрүүд

Шинэ ургацын дээж

Угтаалцайдамынхны завгүй өдрүүд

Намрын ажилд ангиараа. 

Угтаалцайдамынхны завгүй өдрүүд

Угтаалцайдамынхны завгүй өдрүүд

Хоёр дахь жилдээ ногоо хурааж буй туршлагатай сонсогчид.

Угтаалцайдамынхны завгүй өдрүүд