Р.Отгонтулга: ХУДАЛДАГЧ, ШАТАХУУН түгээгч нар олон удаа НӨАТ-ын азтан болж байна

Гааль татварын мэдээллийн технологийн төв Улсын төсөвт үйлдвэрийн газрын Ерөнхий захирал Р.Отгонтулгатай НӨАТ тойрсон асуудлаар ярилцлаа. -400 САЯЫН АЗТАН ГЭЖ УЛСАД ХОХИРОЛ УЧРУУЛАХ ГЭСЭН ХОЁР ИРГЭНД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭСЭН- -НӨАТ-ын дараагийн сугалаа хэдийд явагдахаар товлогдсон бэ? -Энэ жил 18 удаа сугалаа зохион байгуулагдана гэсэн тооцоо гарсан. Энэ наймдугаар сарын 21-ний өдөр 14 дэх удаагийн сугалаа болох гэж байна. Сардаа 2-3 удаа болдог байсныг нэг удаа болгож өөрчилсөн. Наймдугаар сарын 21-ний өдөр болох сугалаанд долдугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх бүх бүртгүүлсэн баримт орно. -Өмнө нь хэвлэгдсэн нь шууд сугалаанд оролцох эрхтэй байсан. Одоо бүртгүүлсэн тохиолдолд л сугалаанд оролцох эрхтэй болсон гэж сонслоо? -Сангийн яамнаас гаргасан “НӨАТ-ын урамшуулал олгох журам”-д сугалаагаа бүртгүүлсэн хүмүүс л сугалаанд оролцох эрхтэй гэж заасан. -Иргэд 2-3 сарын өмнөх сугалаагаа “Юмыг яаж мэдэх вэ” гээд цуглуулдаг гэж байсан. Хэрэв өмнөх сарынх биш л бол хаяж болно гэсэн үг үү? -Тийм ээ. Сугалаа нь хүчингүй болж, ашиглах боломжгүй болсон гэсэн үг. Харин иргэн өөрийн авсан баримтаа тухайн сардаа бүртгүүлж чадалгүй өнгөрөөсөн бол сугалаандаа оролцохгүй ч гэсэн баримтаа бүртгүүлээд буцаан олголтоо авч болно. Буцаан олголтод хугацааны хязгаар гэж байхгүй. -Зарим хүн нэг ч удаа азтан болоогүй байхад нэг иргэн 37 удаа азтан болсон байх юм. Юунаас болж нэг хүн ийм олон удаа азтан болж байна вэ? Ямар нэгэн будлиан байна гэж иргэд хардаж байна? -2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд үндсэндээ найман сар гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Монгол Улсын хэмжээнд сард дунджаар 19 сая баримт хэвлэн гаргаж байна. Энэ хугацаанд зарим иргэн сайн ойлгоогүйн улмаас баримтаа авахгүй касс, шатахуун түгээгч, худалдагчдад үлдээж, тэр хүмүүс нь баримтыг нь өөрийн нэр дээрээ бүртгүүлчихдэг. Гэтэл энэ нь хуулинд хориотой биш. Иргэд өөрсдөө авалгүй орхиж явснаас болоод их хэмжээний баримт тухайн борлуулагч дээр хуримтлагдсан гэсэн үг. Ийм л хүмүүс олон удаа азтан болоод байна. Тийм учраас иргэд баримтаа байнга авч, өөрийн нэр дээрээ бүртгүүлэх хэрэгтэй. -Ингэж олон удаа азтан болсон хүмүүс ихэвчлэн үйлчилгээний байгууллагын хүмүүс байх нь ээ? -Тийм ээ, тийм л хүмүүс. Гэвч хуулиндаа харшлахгүй байгаа учраас нөгөө хүмүүс нь ашиглаад байгаа юм. -400 сая төгрөгийн сугалаанд азтан болсон гэх хоёр иргэний маргаан юу болсон тухай мэдээлэл өгөхгүй юү? -ЦЕГ-тай хамтран хийсэн шалгалт дууссан. Хуурамч баримтаар улсад онц их хэмжээний хохирол учруулах гэж оролдсон хэргээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа. Үндсэндээ азтан биш гэдэг нь шалгагдаад тогтоогдсон. Одоо хуулийн дагуу үргэлжилж байна. Энэ талаар ЦЕГ илүү мэргэжлийн, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх. Бидэнд хуулийн байгууллагаас хуурамч баримт гэдгийг нь дуулгасан тул бид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна. -ДАНСАА БУРУУ БИЧСЭНЭЭС БОЛЖ ХОНЖВОР НЬ ДАНСАНД НЬ ОРДОГГҮЙ БОЛОХООС ХЭВИЙН ОЛГОГДОЖ БАЙНА- -Яг хэзээнээс иргэд буцаан олголтыг авч болох вэ? -Хуулиндаа тухайн жилийн урамшууллыг дараа жилийн эхний улиралдаа багтаана гэж заасан тул 2017 оны нэгдүгээр улиралд буцаан олгоно. Уг нь гуравдугаар сард Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байх үедээ хагас жилдээ багтааж буцаан олголт өгөх судалгаа хийх даалгавар өгсөн юм. Ингэвэл НӨАТ-ын тухай хууль, Төсвийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байсан. Ингээд шаардлагын дагуу Сангийн яам, Гааль татварын Мэдээлэл технологийн төвийн хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, Засгийн газар руу тухайн асуудлаар хоёр хуулинд өөрчлөлт оруулах санал оруулаад, УИХ-аар баталж амжилгүй сонгууль болж, дараагийн Засгийн газар байгуулагдсан. Иймд нэг ч иргэн буцаан олголтоо аваагүй. -Сугалааныхаа хонжворыг авч чадаагүй гэх иргэд нилээдгүй байх юм. Энэ юунаас болж байна вэ? Бүх хүн хонжвороо адилхан авч чадахгүй байна уу? -Иргэдийн 20-30 хувь нь дансныхаа дугаарыг буруу бичсэнээс болж хонжвороо авч чадахгүй байна. Данс нь буруу бол шууд хүлээлтийн төлөв рүү орчихдог. Гар утсан дээр байдаг аппликейшнээр ороод харахаар зааварчилгаа байгаа. Утаснаасаа биш ebarimt.mn сайт руу орж байж мэдээллээ үнэн зөв бөглөх ёстой. Яг зөв мэдээлэл, данстай бол хонжвор шууд данс руу нь орж байгаа. Өөр ямар нэг асуудал байхгүй. -Улсын төсвөөс болоод хонжворын мөнгийг олгохгүй байна гэх хүмүүс ч байна? -Энэ маш буруу ойлголт. НӨАТ-ын тухай хуулин дээрээ “Улсын төсөвт 560 орчим тэрбум төгрөг цуглуулна” гэж тусгасан нь бий. Энэ хэмжээний төлөвлөгөөг биелүүлэхийн тулд иргэдээ оролцуулж, оролцсон иргэдээ урамшуулах тооцооллыг хийж байж Сангийн яамаар батлуулсан ажил. Тиймээс ямар нэгэн асуудал байхгүй. Дараа жилээс мэдээж улам сайжруулах тал дээр ажиллана. Өнөөдөр дэлхий дээр буцаан олголтоосоо сугалаанд оролцуулдаг схем ажиллуулдаг 13 орон байдаг. Монгол Улс нилээн дээгүүр буюу 14-т ордог. Казакстан болон ОХУ яг энэ чиглэл дээр ажлуудаа эхлүүлээд явж байна. Энэ бол дэлхийгээс гажчихсан, Монгол улс ганцаарханаа хийгээд байгаа юм биш. Татварын суурийг сайжруулах хамгийн оновчтой арга бол сүүлийн үед хэрэгжээд байгаа энэ технологи мөн юм аа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Иргэд маань эргэлзэж болохгүй. Энэ системийн хамгийн чухал хэсэг нь иргэд учраас албан бус, ам дамжсан ярианаас болоод хоёр хувиа авахгүй, сугалаандаа оролцохгүй, төрөөс өгч байгаа боломжоо ашиглахгүй татгалзах вий. -НӨАТУС төслийн нэгж одоо хаана харъяалагдахаар болж байгаа вэ? -Сүүлийн үед байгууллагын бүтцийн талаар яригдаж байгаа. Гааль, татвар хоёр салчихлаа. Үүнтэй холбоотойгоор мэдээлэл, технологийн асуудлыг хэрхэх вэ гэдгийг Сангийн яаман дээр шийдвэрлэж байгаа. Бидний зүгээс технологиор илүү мэргэшсэн байгууллагад даатгах, Сангийн яамны дэргэд байгуулах талаар төлөвлөгөөгөө гаргачихсан явж байна.
,