Эерэг хандлагыг энгийнээс

“Утаа бүрхсэн Улаанбаатар, МАНАН-д идэгдсэн ард түмэн...” энэ цагийн Монголчуудын өглөө бүрийн сэдэв.

Аливаа мэдээллийг бид хүссэн ч, эс хүссэн ч  орон зайнаас үл хамааран өдөр бүр авсаар байна. Ялангуяа сөрөг хандлагатай үнэн, худал үл мэдэгдэх мэдээллийг сүүлийн жилүүдэд асар хурдацтайгаар нэгэндээ дамжуулж чаддаг боллоо. Фейсбүүк хэрэглэгчдийнхээ тоогоор дэлхийн дунджаас 2.1 дахин, Азийн улс орнуудын дунджаас 3.6 дахин их байгаагаас үзэхэд сөрөг мэдээлэл ямар өргөн цар хүрээтэй тархдаг нь ойлгомжтой юм. Харин сайн сайханд уриалсан, зөв хандлагыг түгээсэн мэдээлэл төдийлөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон интернэт хэрэглэгчдээр дамжин тийм ч хангалттай түгдэггүй байна.

Сүүдрийн нөгөө талд гэрэл байдаг нь туйлын үнэн. Харин тэрхүү гэрлийг өөрийн амьдралдаа цацруулан яваа нэгэн залуугийн ертөнцөөс зарим нэгийг нь та бүхэнд сонирхуулъя.

“Уран зохиол бол сонсохуйн уран зураг, уран зураг бол үзэхүйн уран зохиол юм”  /Леонардо Да Винчи/. Энэ зургийг чи хэдэн төгрөгөөр үнэлэх вэ? гэж асуусан миний асуултанд “Би энэ зургийг хэд ч гэж үнэлж чадахгүй. Учир нь өөрийгөө энд  дүрсэлсэн. Энэ миний төсөөллийн ертөнц. Би өөрөө дэлхийн хүн учир эх дэлхийгээ дүрсэлсэн. Харин бусад нь миний төсөөллийн гариг эрхсүүд. Энэ зургаа “Гүн” гэж нэрлэсэн хэмээн шавилхан ярих залууг О.Алтанбагана гэдэг.  СУИС-ийн лицей “Бадмаараг” ахлах сургуулийн 3-р дамжааны сурагч. Айлын ганц хүү тэрээр нагац ээж дээрээ өсч, хүмүүжжээ. Багадаа болсон болоогүй зураг зураад эмээдээ үзүүлэхэд нь “Миний хүү яасан гоё зурсан юм бэ? Сайн зураач болох нь дээ” хэмээн магтах эмээгийнхээ урмын үгээр хөглөгдөн хүссэн мэргэжлээрээ суралцаж буй нь энэ юм.

“Тэр үед намайг дэмжиж, урамшуулдаггүй байсан бол өөрийн хүсэл мөрөөдлөө аль хэдийн орхих байсан биз. Миний ингэж суралцаж байгаа нь ирээдүйд алдартай нэгэн болох гэсэн дээ бус аливааг таньж мэдэн, бүх зүйлээс мэдрэмжийг авч амьдрахыг хүсдэгт байдаг. Тиймдээ ч мэдрэмжийг чухалчилдаг.   Ихэнхи хүмүүс байр, машинтай болох гэх мэтээр зорилгоо  материаллаг хэрэгцээнд тулгуурлаж эсвэл хэтэрхий томоор тодорхойлдог нь тэднийг аз жаргалгүй болгодог юм шиг санагддаг. Үнэн чанартаа байртай боллоо гэхэд цаашид яах вэ? эсвэл мөнгөтэй боллоо гэхэд түүгээрээ юу хийх вэ? гэдгээ тодорхой болгодоггүй. “Олсон мөнгөөрөө би гитар авна.

Тэрхүү гитараараа ая, дуу тоглож сурна. Цаашлаад ийм тийм уран бүтээл хийнэ” гэдэг бол зорилгоо тодорхой болгож байгаа хэрэг юм. Тэгэж чадаагүйгээс аз жаргалгүй болж, амьдрал нь утгагүй санагддаг юм шиг байгаа юм. Жишээ нь: УИХ гишүүд, төрд ажиллаж байгаа хүмүүсийн боловсролын түвшин хангалттай сайн учир энэ ажлыг хийдэг байх. Харин тэдгээр хүмүүст багаас нь урлагийн боловсрол, гоо зүйн мэдрэмж, харилцаа, ёс суртахууны талаархи мэдлэгийг өгсөн бол  муу хэлэгдээд байгаа эдгээр хүмүүс ард түмнийхээ төлөө чин сэтгэлээс эмзэглэж, бодлого шийдвэрээ бодитоор гаргаж, хэрэгжүүлэх байсан байх. Бид боловсролын хөтөлбөртөө дэлхийн урлагийн түүх, хүмүүс  хоорондын харилцаа, хандлагын талаар тусгаж өгдөг бол энэ нийгэм илүү гэгээрэх байсан гэж боддог юм.”  Ийнхүү ярих залуу ердөө 18 настай. Түүний өрөө нь эгээ л урлан гэлтэй. Одоо байгаа бүтээлүүдээс нь ч их зураг өмнө нь байжээ. Тэдгээрийг нь хүмүүс худалдаж авсан гэх. Одоо харин бүтээлээ аль болох өөртөө авч үлдэх бодолтой байгаа.  Учир нь энэ жил сургуулиа төгсөөд Австри улсын Вена хотын Баухаусын нэрэмжит дээд сургуульд суралцах бодолтой байгаа аж. Тус сургуулийг академи байхад нь алдарт зураач Эгон Шила, Густав Климт нар дүүргэжээ.

Ардын хувьсгалын дараа урлаг, утга зохиолыг хөгжүүлэх талаар онцгой анхаарч үндэсний урлаг соёлыг хөгжүүлэх, дэлхий дахины сонгодог урлагаас суралцах зорилт тавьснаар Монголын орчин цагийн дүрслэх урлагийн эхлэл тавигджээ. Дүрслэх урлаг нийгмийн сэтгэлзүйг эрүүлжүүлдэг төдийгүй эдийн засгийн хөгжилд ч үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн байна. Дэлхийн томоохон хотуудын барилга байгууламж, уран баримал, уран зураг зэрэг түүхэн үнэт олдворуудаас үүнийг харж болох юм. Манайд сонгодог урлаг, уран зураг сонирхогчид сүүлийн жилүүдэд улам ихээр нэмэгдэж байгаа аж. Урьд нь иргэд далд ухамсар, далдын хүчинд итгэж фэнг шүй, шашны холбогдолтой эд зүйлсийг худалдан авч, орон гэртээ байрлуулдаг байсан бол гэр, оффис, ресторан зэрэг үйлчилгээний газруудад уран зураг хадаастай байх нь илүүтэй харагдах болж.  Хүмүүсийн ч урлагийн боловсрол нэмэгдсэн байна.

 

О.Алтанбагана сар гарны өмнө найзуудтайгаа нийлж “Андора” хэмээх амьд хөгжмийн хамтлагийг байгуулжээ. Олон нийтэд танигдсан хүн бүрийн сонсдог хамтлагийн нэг байна гэхээс илүүтэй тэдний дууг хэн нэгэн нандин үедээ сонсдог, дуртай дууных нь листэд байдаг уран бүтээл бий болгохыг л зорьж байгаа аж. Түүгээр зогсохгүй жилийн өмнөөс “Үүрд биш ч” нэртэй ном бичиж эхлүүлсэн тухайгаа ярьж байна. Номоо энэ онд багтаж гаргахыг зорьсон ч дуусгалаа гэхэд орхигдуулсан, дутуудуулсан зүйл байх вий хэмээн эмээж буй тул илүү нухацтай ажиллана гэж байна.

“Урлагийн хүн бүх төрлөөр өөрийгөө хөгжүүлж, мэдрэмждээ хөтлөгдөн аливаад өөрийгөө сорьсоор байх ёстой гэж боддог. Тийм ч учраас найз охин бид хоёр нэгэндээ ганцаараа байх боломжийг олгодог. Нэгнээсээ суралцах, сайн үлгэр жишээ авах зүйлс бидэнд олон бий” хэмээж байгаа нь энэ цагийн залуусын үерхэл нөхөрлөлийн бас л нэг үлгэрлэх жишээ...

Түүний өрөөнд хэд хэдэн хээ угалз бүхий үүргэвч харагдана. “Би хэдэн жилийн өмнө энэ цүнхийг үүрдэг байлаа. Гэтэл хэд хэдэн тохиолдлоор намайг Казак хүн хэмээн андуурч, гадуурхах байдал ажиглагдсан. Тэгээд үүргэвчээ ашиглалтаас гаргасан даа. Манайхан үндэсний цөөнхд хандах хандлага нь үнэхээр таагүй сэтгэгдэл төрүүлдэг юм билээ. Нэг газар нутагт амьдарч буй ижил эрх, үүргийн дор амьдарч байгаа бид нэгнээ хавчин гадуурхдаг гэдгийг энэ цүнхийг үүрээд явж байх хэд хэдэн тохиолдоос ойлгосон. Уг нь тийм баймааргүй санагддаг. Ялангуяа сошиалд худал гүтгэлэг, доромжлолд хэт туйлширдаг хандлага байна. Харамсалтай нь сайн сайхан мэдээ тийм ч их газар авдаггүй”  хэмээн халагласан юм.

Тэрээр ангийнхаа найзуудтай нийлж нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулж урлагийн тоглолт зохион байгуулж, бүр хамтдаа дуулж хуурдаж, бүжиглэдэг байна. Энэ нь хүүхдүүдэд өөртөө итгэх итгэл, сэтгэлийн амар тайвныг өгөөд зогсохгүй эргээд тэдэнд ч мөн адил эерэг сэтгэгдэл, эрч хүчийг өгдөг аж.

“Соёл гэдгийг бид хэтэрхий томоор төсөөлдөг. Мэдээж хүн бүр урлаг, гоо зүйн мэдрэмжтэй бол сайхан. Гэхдээ энгийн зүйлээс л соёл эхэлдэг шүү дээ. Хүүхдийг бага балчир байхаас нь хогоо зориулалтын саванд хийдэг, бусадтай мэндэлж чаддаг соёлд сургаж байвал л энэ соёлын нэг хэлбэр.     Миний хувьд өөрийнхөө дуртай зүйлсийг хийж ижил зорилго, хүсэл мөрөөдөл бүхий найз нөхдийн дунд амьдарч буй даа маш их талархдаг. Бидний үеийн залуус цагаа үр дүнтэй өнгөрүүлж, нэгнээсээ суралцах гэж маш их хичээдэг. Ангид нэг л зөв хандлагатай, сайн сурлагатай, хичээнгүй хүүхэд байхад хоорондоо шудрагаар өрсөлдөж эхэлдэг. Энэ нь биднийг улам хөгжүүлдэг” хэмээн ярьж буй ирээдүйн тун чиг залуу боловсон хүчнээс бид урлагаар дамжуулан хүн хэрхэн төлөвшдөг, бидэнд урлаг соёлын ойлголт хэр зэрэг дутагдалтай байгааг өнөө цагийн нийгмийн хандлага бидэнд харуулж байгааг мэдэж болохоор байна.

“Дайн улс орны хил дээр бус соёлын хэл дээр өрнөнө” хэмээн Хантингтон хэлжээ. 

Бүхний түрүүнд алхдаг урлагийнхан, үзгээр мутарлагч сэтгүүлчид хар бараан гэхээс илүүтэй сайн сайханд уриалсан, олон сайхан жишээнүүдийг нийгэмд ил болгож, соёлыг бүхий л цаг үед түгээсээр байвал хичнээн олон гайхалтай түүх бий болсоор байх бол?

Улс орны нийгэм эдийн засаг, хувь хүний хөгжил нь ижил түвшинд ирсэн цагт хөгжил бий болдог. Тиймээс хамгийн үнэт капитал болох “ХҮН”-ээ бид нэгдүгээрт тавьсан цагт хөгжил тун ойрхон байна.  Өмнө нь боловсрол мэдлэг, төгссөн сургуулийг нь харж ажилд авдаг байсан бол одоо цагт ажил горилогчийн хандлага, тууштай байдал, хичээл зүтгэлийг гол шалгуураа болгож ажлын байранд тэнцүүлж байгаа нь бизнесийн салбарт ч энэ төрлийн боловсон хүчин дутагдалтай байсан гэдгийг харуулж байна. Нийгмээрээ өнөөдөр зөв хандлагад нэгнээ уриалдаг боллоо. Энэ бол маш сайн. Үүнийг дэмжиж улам өргөжүүлж байгаа нь хамгийн том дэвшил. Ингэж бүх нийтээрээ соён гэгээрэл өөд тэмүүлж чадвал иргэн бүр аз жаргалтай, энх тайван эх орныг бий болгож чадна.

“Хүн бүр үүднийхээ өмнөх талбайг шүүрдчихвэл бүх гудамж цэвэрхэн болно” хэмээн Л.Толстойн хэлсэнчлэн  хүн бүр өөрийн хийж чадах зүйлээ хамгийн сайнаар хийсээр байвал энэ нийгэм бүхэлдээ өөрчлөгдөнө гэдэгт би л хувьдаа эргэлзэх зүйл алга.

МСНЭ-ийн гишүүн сэтгүүлч М.Төгөлдөр

Эх сурвалж: http://shuum.mn